Цар тахлын багц арга хэмжээ ба газрын тосны үйлдвэрлэл   | News.MN

Цар тахлын багц арга хэмжээ ба газрын тосны үйлдвэрлэл  

Цар тахлын багц арга хэмжээ ба газрын тосны үйлдвэрлэл  

Цар тахлын багц арга хэмжээ ба газрын тосны үйлдвэрлэл  
Oil worker is checking the pump near oil derrick on the sunset background.

Дэлхийн банк, ОУВС 2021 онд дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг илүү өөдрөг байхаар төсөөлсөн. АНУ, БНХАУ, Европын холбооны орнуудын эдийн засгаа сэргээх, цар тахалд чиглэсэн далайцтай багц арга хэмжээ нь Covid-19-ийн улмаас буураад байсан газрын тосны үйлдвэрлэлд ч нөлөөлсөөр ирэв. Бид энэ удаа “Дэлхийн эдийн засаг” буландаа газрын тосны зах зээлийн тухай мэдээллийг онцолж байна.

Товлосон ёсоор өчигдөр (2021.07.05) “ОПЕК+” буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн орнууд болон гишүүн бус 11 орны төлөөлөгчдийн уулзалт болох байв. Гэвч оролцогчид албан бус зөвлөгөөн хийснийхээ дараа хуралдааныг цуцалжээ. Үүний улмаас нэг торх “Brent” маркийн нефтийн үнэ 2018 оны аравдугаар сарын 30-наас хойш анх удаа 77 ам.долларын босго давав.

“Brent” маркийн нефтийн есдүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ өнгөрсөн Даваа гаригийн арилжааны явцад нэг торх нь 1.14 хувиар өсч, 77.04 ам.долларт хүрчээ. Харин “WTI” маркийн нефтийн наймдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 76.2 ам.доллар болж, 1.14 хувиар өсөв.

“ОПЕК+”-ийн орнууд дахин хэзээ хэлэлцээ хийх нь одоогоор тодорхойгүй байна. Зах зээлийн шинжээчдийн үзэж буйгаар ирэх 2022 оны эцэст газрын тосны үнэ баррель нь 80-100 ам.доллар болж өсч болзошгүй байгаа аж.

АНУ-ын засаг захиргаа хэдхэн хоногийн өмнө газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх асуудлаар харилцан буулт хийж, тохиролцоонд хүрэхийг ОПЕК-ийн орнуудад уриалсан. Цагаан ордны төлөөлөгч “АНУ хэлэлцээнд оролцохгүй ч Вашингтон "ОПЕК +” бүлгийн хэлэлцүүлэг, тэдгээрийн Covid-19 цар тахлын үр дагавраас дэлхийн эдийн засгийн сэргэлтэд үзүүлэх нөлөөг анхааралтай ажиглаж байна. АНУ-ын засаг захиргаа олборлолтыг нэмэгдүүлэх асуудлаарх хэлэлцээг урагшлуулахын тулд харилцан буулт хийсэн шийдэлд хүрэхийг уриалж байна” гэж мэдэгджээ.

“ОПЕК+” бүлгийн сайд нарын уулзалт өнгөрсөн Даваа гаригт дөрөв дэх удаагаа хойшилсон юм. Венийн хэлэлцээрт нэгдсэн орнуудын сайд нар ирэх наймдугаар сараас олборлох хэмжээг зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 1-ний хооронд тохиролцох ёстой байв. Гэвч Саудын Араб, АНЭУ-ын хооронд үүссэн санал зөрөлдөөн хэлэлцээнд саад учруулсан байна.

Нью-Йоркийн биржид өнгөрсөн зургадугаар сард “WTI” маркийн нефтийн долдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 1.4 ам.доллараар өсч, 67.72 ам.долларт хүрсэн. Харин Лондоны “ICE” биржид “Brent” маркийн нэг торх нефтийн наймдугаар сарын үнэ 93 центээр өсч, 70.25 ам.долларт хүрсэн юм. Нефть экспортлогч орнуудын байгууллага болон түүний холбоотнууд (OПЕК+) нефтийн олборлолтоо аажмаар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхээр тохиролцсон билээ.

Тус бүлэг дөрөвдүгээр сард хийсэн уулзалтаараа 5-7 дугаар сард зах зээлд өдөрт нийлүүлэх нефтийн хэмжээгээ 2.1 сая орчим торход хүргэхээр шийдвэрлэсэн юм.

"Брент" төрлийн түүхий газрын тосны үнэ өнгөрсөн оны тавдугаар сараас хойш 20 ам.доллараар буюу бараг гурав дахин өсч, энэ оны эхнээс баррель нь 56 ам.долларт хүрсэн. Саудын Арабын улс болон ОПЕК-ийн бусад орнуудад мэдэгдэлгүйгээр өдрийн олборлолтоо гэнэт огцом 1 сая баррелиар бууруулахаа мэдэгдсэн нь оны эхэнд газрын тосны үнэ нэмэгдэх бас нэг хүчин зүйл болсон билээ.

ТАВАН ТАЛБАЙД БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ БАЙГУУЛНА

Газрын тосны үнэ олон улсын зах зээл дээр өсөхөд нефтийн бүтээгдэхүүнийхээ 100 хувийг гадаадаас импортолдог Монгол Улсын хувьд шатахууны үнэ нэмэгддэг. Цар тахлын нөхцөл байдлын улмаас Монгол Улс хүн амын 60 хувийг вакцинжуулах хүртэл АИ92 бензиний үнийг өсгөсөн аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ гэж “айлгах” тактик баримтласны үр дүнд хэсэгтээ өсөлтийг тогтоон барьсан билээ.

Манай улс үйлдвэрлэгч бус, импортлогч орон. АМГТГ-аас цаашид газрын тосны үнийн өсөлтийг зогсоох боломж бараг байхгүй, үнэ бууруулах 2-3 хувилбарыг судалж байгаагаа мэдэгдсэн. Тус газар “Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулж, дотооддоо газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь үйлдвэрлэдэг болсон үед бид үнийн өсөлтийг ачаалалгүй бууруулж болно” гэсэн хариулт өгч буй юм.

Газрын тосны үйлдвэрийг 2025 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч цар тахлын улмаас үйлдвэрийн инженер, техникийн ажилчид, тоног төхөөрөмж дээр асуудал үүсч байгаа аж.

Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар  баримтлах  бодлого (2018-2027 он)-ын баримт бичигт Монгол Улсын газрын тосны салбарт эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангана хэмээн тусгасан.

Уг зорилтыг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд I шатанд (2018-2021) газрын тосны салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, дэд бүтцийг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой газрын тосны компани байгуулах ажлыг эхлүүлснээр улсын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө, өрсөлдөх чадвар дээшилнэ гэж үзжээ.

Харин II шатанд буюу 2022-2027 онд стратегийн ач холбогдол бүхий газрын тосны салбарт эрэл, хайгуулын ажил эрчимжиж, газрын тосны нөөц, олборлолт нэмэгдэн боловсруулах үйлдвэр байгуулагдаж, хүний нөөцийн чадавх бэхжин, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах газрын тосны аж үйлдвэрийн суурь бий болно гэж үзжээ.

Монгол Улсын газрын тосны салбарын 2024 он хүртэлх зорилтод тус салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 5 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах аж. Мөн Галба XI, Матад-XX талбайд нөөц тогтоох ажлууд хийгдэх юм байна. Газрын тосны олборлолтын хувьд олборлолтыг нэмэгдүүлж, дээрх талбайг ашиглалтад шилжүүлэхээр төлөвлөжээ. Мөн төлөвлөгөө ёсоор газрын тосны бүтээгдэхүүн хангамжийг тогтвортой хадгалж, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, ашиглалтад оруулах аж.

Өнөөдрийн байдлаар газрын тосны баталгаат нөөц 332.6 сая тонн, ашиглалтын баталгаат нөөц 43.2 сая тонн бөгөөд улсын төсөвт 102,8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-06 115.130.130.177

Боловсруулах үйлдвэр баригдаад дууссан чинь түүхий тос байхгүй гаднаас импортлоно гээд сууж байж чадах нөхдүүд шүү. Өөрсдийнхөө түүхий тосыг хятадуудад өгчихөөд Дорнодын газрын тос боловсруулахад тохиромжгүй гээд хуцалдаад сууж байж мэднэ шүү

Avatar

Зочин 2021-07-06 192.82.90.116

Тамсагт олборлолт хийдэг хятадуудыг цөөлж, цаашид монгол бүх өмчийн эзэн шиг олборлолтын мөнгийг алтаар авдаг бол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж