Евро-2020 тэмцээний бүх тоглолтдоо ялаад байгаа цорын ганц баг болох Италийн шигшээ багийг бид энэ удаад онцолж байна. Тэд одоогийн байдлаар тэмцээний хамгийн гол фаворитоор нэрлэгдээд байгаа юм. Аззуричуудын энэ тэмцээний давуу тал болон сул талыг та бүхэнд онцлон хүргэж байна.
Гайхалтай форм
Италийн баг 13 тоглолт ялалт байгуулж шигшээ багийхаа түүхэн амжилтыг эвдэн явж байгаагаас гадна 31 тоглолт дараалан ялагдал гээчийг амсаагүй гэсэн гайхалтай үзүүлэлттэй явж байна. Үүнд мэдээж хэрэг багийн дасгалжуулагч Роберто Манчини гол нөлөөтэй. Тэд Евро-2020 тэмцээнд ирэхдээ төдийлөн хүчтэй бүрэлдэхүүнтэй ирээгүй ч гэсэн одоогийн байдлаар таван тоглолт хийхдээ бүгдэд нь ялсан гэсэн үзүүлэлттэй байгаа. Тэдний энэ сайн форм хэр удаан үргэлжлэхийг таашгүй.
Тэнцвэртэй бүрэлдэхүүн
Дээр дурьдсанчлан Италийн шигшээ Франц, Бельги зэрэг багуудтай харьцуулахад тийм ч супер бүрэлдэхүүнтэй биш. Тэдэнд байгаа хамгийн том нэрс гэвэл Жоржиньо, Вератти нар лбайна. Гэсэн тэд байрлал бүр дээр жигд сайн тоглогчидтой. Хэсгийн шатны эхний хоёр тоглолтод Вераттиг орлож гарсан Лакотэлли гайхалтай байсан бол Австрийн багийн эсрэг тоглолтод Маттео Пэссина сэлгээгээр орж ирэн тоглолтын хэмнэлийг өөрчилж өөрөө гоол оруулсан. Үүнээс гадна Флорэнзиг бэртэлтэй үед Ди Лорэнзо, Кьеллинг бэртэлтэй үед Ачерби нар маш сайн орлож байсан.
Харин довтолгооны шугаманд Ювентусын Фэдэрикко Кьеза, Бернардэски нар сэлгээнд байгаа нь Аззуричуудыг ямар хүчтэй, тэнцвэртэй бүрэлдэхүүнтэй байгааг илтгэнэ. Ийм тэнцвэртэй бүрэлдэхүүнтэй байгаа учир дасгалжуулагч эсрэг багийн тактикт тааруулан олон сонголтоос гараагаа бүрдүүлэх боломжтой.
Хүлээлтгүй жил
Аззуричууд тэмцээнд ирэхийхээ өмнө олон тоглолт дараалан ялагдал хүлээгээгүй байсан ч тэдэнд найдаж байсан хүн тийм ч олон биш. Үеийн үед хүчирхэг байсан Италичуудын бүрэлдэхүүн энэ жил бусад үеэ бодвол харьцангуй сул дээрээ байгаа. Тийм ч учраас тэдэнд тийм ч олон хүн итгэж хүлээгээгүй байсан учир сэтгэл зүйн дарамт харьцангуй багатай байгаа.
Анх Антонио Контэг халж Робэрто Манчиниг дасгалжуулагчаар сонгож байхад Италийн олон ч хөгжөөн дэмжигч таатай хүлээж аваагүй. Харин тэр одоогоор өөрийгөө хэн гэдгийг харуулж Италийн шигшээг сайн удирдсан хэвээр байна.
Удаан хамгаалалт
Италийн багийн хамгаалалтын шугамын гол хоёр хүн болох Кьеллин, Бонуччи нар хэтэрхий хөгшин байгаа нь тэдний сул тал болж болох юм. Мөн дээрээс нь тэднийг орлох эхний сонголт Ачерби ч өдгөө 33 настай гэдэг нь таагүй мэдээ. Шилдэг дөрөвт шалгарсан үлдснэ бүх багийн довтлогчид залуухан, хурдан дээр суурилж тоглодог тоглогчид байдаг. Испанийн шигшээ багаас Мората, Пэдри Англиас Стэрлинг, Кэйн Даниас Брэйтвэйт, Долбэрг нарыг дурдаж болно. Итали энэ тэмцээний турш ямар ч тоглолтыг хожигдож эхлүүлээгүй бөгөөд эхэлж гоол алдсан тохиолдолд багаараа урагшаа шахах явцад сөрөг довтолгоонд эсрэг багийхаа хурдан тоглогчдыг гүйцэхгүй байх аюултай.
Спиназоллагийн бэртэл
Аззуричуудын энэ тэмцээний хамгийн гол хүнээр нэрлэгдээд байгаа Спиназоллагийн бэртэл маш муу мэдээ. Италийн шигшээн хийсэн таван тоглолтын хоёрт нь тоглолтын шилдэг тоглогчийн шагнал авсан Спиназолла Испанийн багийн эсрэг тоглох боломжгүй гэдэг нь тогтоогдсон. Түүнийг орлож Эмэрсон гараанд гарах хэдий ч 100 хувь орлож чадахгүй нь ойлгомжтой.
Челсигийн Эмэрсон Манчестэр Ситигийн Фэрран Торрэсийг хэрхэн хамгаалахаас шалтгаалж тэмцээний хувь заяа шийдэгдэх магадлал өндөр.
Торгуулийн цохилтын туршлагагүй
Италийн шигшээ баг 13 тоглолт дараалан ялагдал битгий хэл тэнцээ гээчийг амсаагүй яваа. Тэдний хувьд торгуулийн цохилт хийж үзээгүй яваа. Энэ нь тэдний сул тал болж болох юм. Бидний хамгийн сайн мэдэхээр 1994 оны ДАШТ-ийн азгүйтэл, 2016 оны ЕАШТ-ийн азгүйтэл гээд Италичууд торгуулийн цохилтод тийм ч азтай биш. 2016 онд торгуулийн цохилт гүйцэтгэх гэж 120 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Симонэ Заза Германы багийн эсрэг цохилтоо алдаж байсныг бид санаж байгаа.
Энэ жилийн ЕАШТ-д ч тэдний бүрэлдэхүүнд тоглолтын үед торгуулийн цохилт найдвартай гүйцэтгэдэг тоглогчид хэд хэд байгаа ч торгуулийн цохилтоор тоглолт шийдвэрлэх туршлагатай тоглогч тийм ч хангалттай биш. Харин эсэргээр тэдний эсрэг тоглох Испанийн шигшээ баг өмнөх тоглолтод торгуулийн цохилтоор өрсөлдөгчөө буулган авч, хэсгийн шатанд ч гэсэн тоглолтын үеэр хэд хэдэн торгуулийн цохилт гүйцэтгээд амжсан.
Newmeta – Б.Санчир
Холбоотой мэдээ