УИХ-ын чуулганы хуралдаан /07.06/
УИХ-ын чуулганы хуралдаан /07.06/
Posted by News.mn on Monday, July 5, 2021
2020 оны төсөв 4.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан
Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Төсвийн тодотголыг хийхийг дэмжиж байгаа. ХҮН-аас Засгийн газар болон холбогдох шийдвэр гаргах байгууллагуудад шаардлага зөвлөмж, хүргүүлсэн. 2021 оны тодотголд юуг анхаарах талаар санал хэлмээр байна. Нэгдүгээрт, 2021 онд цар тахлын нөхцөл байдал хүндэрнэ. Тодотголоо хийхдээ эрүүл мэндийн салбар, цар тахлын эсрэг анхаарлаа хандуулах нь зүйтэй. Эмч нарын цалингийн асуудлыг шийдэх нь зүйтэй. Цаашдаа багш нарын цалинг нэмэгдүүлэхэд суурийг нь хийж өгөх нь зүйтэй. Хоёрдугаарт, төсвөөс гадуур зарцуулагдаж буй асар их мөнгө бий. Оюутолгойн татварын маргаанаас нэг их наяд орчим төгрөгийг төсвийн гадна санхүүжүүлсэн. Иргэд байгууллага, аж ахуй нэгжийн дулаан, цахилгаан, хогны мөнгийг Эрдэнэт үйлдвэрээр шийдүүлсэн. Одоо энийг больё. Үүнийг төсөв рүүгээ оруулья. Хамгийн байгаа онож буй нь хүүхдийн мөнгө. Хүүхдийн мөнгийн он дуустал айл бүрт олгоно гэдэг буруу. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй өрхийн халамжийг үргэлжлүүлж бусдыг нь халах хэрэгтэй. Төсвийн шинэчлэлийг хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Төсвийн тодотгол хийхийг дэмжиж байна. 2021 оны төсвийн тодотголоор зөвхөн цар тахалтай холбоотой санхүүжилтийг шийдэхээр болж байна. Төсвийн тодотголоос онцлох гурван өөрчлөлт гарна гэж тооцоолж байсан. Нэгдүгээрт, төсвийн алдагдлыг 3.7 их наяд төгрөгт хүргэхээр байсан. Энэ тоо өөрчлөгдсөн үү. Дараа нь 2020 оны жилийн эцсийн байдлаар өр 27.9 их наяд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 63.3 хувьд хүрсэн. Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан төсвийн тухай шаардлагыг зөрчиж эхэлсэн. 2021 оны ДНБ 70 хувьд хүрэх тооцоо байсан. Энэ тоо өөрчлөгдсөн үү. Төсвийн орлого зардлыг хоёр их наядаар нэмэгдүүлнэ гэж байсан.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
-Саяхан 2020 оны төсвийн гүйцэтгэлийг баталсан. МУ-ын 2020 оны төсөв 4.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. 2021 оны төсвийн хүрээний мэдэгдлийг нэг их наядын алдагдалтай байхаар баталсныг 3.6 наяд болгон өөрчлөхөөр оруулж ирж байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард энэ хуульд 2.1 их наядын алдагдалтай байхаар хууль баталсан. Энэ тоог хагас жил тутамд өөрчлөөд явах юм бол батлах шаардлага байна уу. Цар тахлын нөхцөл байдлыг яагаад бодитоор үнэлж дүгнэхгүй байгаа юм.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Төсвийн алдагдлын гол шалтгаан нь долдугаар сарын 1-нээс хойш хүүхдийн мөнгийг нэмэгдсэн хэмжээгээр олгох, эрүүл мэндийн зардлыг нэмэгдүүлэхтэй холбоотой юм. Мөн 300 мянган төгрөгийг хүн бүрд олгосноос болж төсвийн зардал 2021 онд 1.5 их наядаар нэмэгдэхээр орж ирсэн. Цаашид төсвийн орлогоо нэмэгдүүлэх, цар тахалтай холбоотой асуудлуудыг шийдэх чиглэлээр экспортоо нэмэгдүүлэх, Замын-Үүдийн ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай" гэв. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
"МАН цар тахалд бууж өглөө"
Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
Төсвийн зарлагын дэд хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. Тэрбээр “Дэд хорооны санал дүгнэлтэд гоё тоо бий. Энэ тоог ярихгүй гээд 2020 оны Улсын төсвөөс гадуур 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний 2.4 их наядыг тайлагнасан, 2.7 их наядыг огт тайлагнаагүй. Тайлагнаагүй хөрөнгийн мөрөөр явахад 2019 онд хадгаламж 1.2 их наяд, 2020 онд хадгаламж 3.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн.
Алга болсон зөрүү хадгаламж болсон байна. 2020 оны улсын төсөв түүхэндээ хамгийн их буюу 4.8 их наядын алдагдалтай болсон. Дээр нь олон улсын байгууллагын 652 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөг юунд зарцуулагдав. 2020 онд Монгол Улсын нэг иргэн 29 сая төгрөгийн өртэй болсон” гэлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-5.1 их наяд төгрөгийн зардал гаргаад МАН цар тахлын өмнө бууж өглөө. Өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Бензины үнэ 39 хувиар өссөн ЭМ-ийн ажилтнуудын дундаж цалин 649 мянган төгрөг, улсын хэмжээнд дундаж цалин 1.3 сая төгрөг байна. Эрүүл мэндийн салбарынхан талбай дээр найм өдрөө жагсаж байна. Эрүүл мэндийн ажилтнуудын цалингаа хоёр дахин нэмэх шаардлагыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Цар тахлын нөхцөл амаргүй байна. Улстөржүүлж байгаа зүйлүүд ч байна. Болж байгаа нэг зүйл бол Монгол Улс вакцинжуулалтыг маш сайн хийсэн. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг шинэ тогтолцоо руу оруулж байна. Эмнэлгүүд ЭМД-тайгаа уялдуулан санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэх боломжийг Эрүүл мэндийн тухай хуулиар олгосон. Одоо харин энэ чиглэлээр хурдтай ажиллах хэрэгтэй. Цар тахлын энэ үед хий улстөржөөд улс орон хөгжихгүй, Covid-19-ийн ард гарахгүй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-2020 оны наймдугаар сард төсөв тодотгоход хоёр чиглэлээр АН-ын бүлэг хоёр зүйлийг анхаар гэж шаардлага тавьж байсан. Нэгдүгээрт, музей, хөшөө, конторын барилга буюу нийтдээ 147 барилгын төсвийг царцаагаад 500 орчим тэрбум төгрөгийг хэмнэж болох юм байна гэж хэлж байсан. Хоёрдугаарт, цагдаа онцгой, эрүүл мэнд боловсрол гэх мэт тав зургаан байгууллагаас бусад төрийн байгууллагын зардлыг танаснаар 1.5 их наяд төгрөгийн хэмнэлт гарч ирэх юм байна. Нийтдээ хоёр их наяд төгрөгөөр төсвөө хэмнэвэл эрүүл мэндийн ажилчдын цалинг нэмж болох юм байна гэж байсан. Гэтэл үүнийг үл тоон МАН төсвөө баталсан. Хэмнэсэн мөнгөө үр дүнтэй зарцуулаад төрийн албан хаагчийн цалингаа нэмсэн бол өнөөдөр эмч нар ажил хаяхгүй байлаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Нэг зүйлтэй санал нийлэхгүй байна. МАН сөрөг хүчнийхээ үгийг хүлээн авч тухайн үед тансаг төсвөө танаад эмч эмнэлгийн ажилчдынхаа цалинг нэмсэн бол эмч нар гадаа жагсахгүй байлаа. Хагас жил болоход энэ хүмүүсийн асуудал хэрэгжээгүй байна. Тухайн үед төсөв тансаг байна гэж хэлж байхад бид юм аа мэдэж байна. Та нар дуугүй бай гэсэн. Эдийн засгаа харчих, Монгол Улсад болж бүтэж буй асуудал байна уу. Зарим нь захаасаа амиа хорлох асуудал үүсч байна. Үнэ цэнэгүй ийм байдалд эмнэлгийн ажилчдаа оруулсан байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.07.06/ нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
/14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана/
– “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
– Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
– Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
– “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
– “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
– “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
– Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Үндсэн хуулийн 2021 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
– “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их хурлын гишүүн Г.Тэмүүлэн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг/;
– Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/.