Сурвалжлага: 63 жил Монголыг дэлхийтэй холбосон Буянт-Ухаа

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: 63 жил Монголыг дэлхийтэй холбосон Буянт-Ухаа

Сурвалжлага: 63 жил Монголыг дэлхийтэй холбосон Буянт-Ухаа

Монголчууд бид удаан хүлээсэн Хөшигийн хөндий дэх шинэ олон улсын Чингис хаан нисэх онгоцны буудлаа саяхан өлгийдөн авлаа. Барилгын ажил нь 2013 оноос эхэлсэн, 65,6 тэрбум иений өртөгтэй энэхүү нисэх буудал хуучин Буянт-Ухаа дахь Чингис хааныг бодвол 21 онгоц, гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Дээлийн шинэ нь гэдэг шиг иргэд маань ч шинэ нисэх онгоцны буудлын талаар сайнтай муутай ам уралдан ярьцгааж байна. Гэхдээ 1958 оноос өдийг хүртэл монголчуудын дэлхийтэй танилцах хүсэл мөрөөдлийг бодит болгосон, “муу” Буянт-Ухаа дахь нисэх буудлаа мартаж болохгүй. Холыг ойртуулж, хоёрыг учруулдаг энэ л газар монголчуудын сэтгэлийн нулимс дусч,  нэг нь санасан сэтгэлээ дэвтээж байхад нөгөө нь өдөр хоногийг хуруу даран тоолж эхэлдэг байсан.

Буянт-Ухаа дахь олон улсын нисэх онгоцны буудлыг зорилоо. Хотын төвөөс холдоод Яармаг, Нисэхийн замаар давхиж, онгоцны буудал руу ойртох тусам хэн хүнгүй л догдолно. Хайртай нэгнээ үдэн гаргаж буй хүний хувьд энэ зам дэндүү богино. Харин өдөр тоолж, хүсэн хүлээсэн нэгнээ угтан авах гэж буй хүний хувьд энэ зам барагдашгүй урт.

Нисэхийн автомашины шалганаар нэвтрэхэд өнөөх л “муу” Буянт-Ухаа буудал уйтгар гунигт автсан мэт дүнсийн оршино. Буянт-Ухаан тэнгэр дээр урд цагт гадна дотны мөнгөн цагаан хүлэг дүүлж байсан бол одоо талын бор болжмор л дуугарах болжээ. Автомашины зогсоолоор ороход цаасан хайрцган дотор юмсаа баглаж, шинэ нисэх буудал руу нүүж байгаа агаарын тээврийн ажилчид үзэгдэнэ.

Нэгдүгээр давхар дахь угтан авах хэсэг рүү ороход хоосон ч гэсэн нээлттэй кофе шоп, нислэггүй ч асаалттай зарлалын самбар байв. Гадаадаас ирсэн зочид гийчид гарч ирдэг том бор хаалгаар дахиж хэн нэгэн гарч ирэхгүй гэхээр уйтгартай ч юм шиг.

Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 455 тоот тогтоолын дагуу Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын нэрийг “Буянт-Ухаа” болгон албан ёсоор өөрчилж, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудлыг “Чингис хаан” олон улсын нисэх буудал хэмээн нэрийдхээр болжээ.

Албаны хүмүүсийн хэлж буйгаар Засгийн газрын 455 тоот тогтоолын дагуу “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяанд олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн  засвар үйлчилгээ болон онцгой байдал иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглагдах гэнэ. Тус байгууламжид нийт 69 аж ахуй нэгж, төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зарим нь эхнээсээ нүүж байгаа аж.

Хоёрдугаар давхарт нь үйлчилгээний ажилчдаас өөр холхих хүн үзэгдсэнгүй. Угтаа 24 цагийн турш олны хөл тасардаггүй, хүлээлгийн сандлууд нь сул байна гэж ер байдаггүй тийм л газар байлаа. Харин гадаа нь гарахад ээжүүдийн сүүн цацлаа өргөдөг тойруу, нислэгийн талбай, терминалууд хоосорчээ.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТѲХК-ийн нисгэх бүрэлдэхүүн долдугаар сарын 4-ний өдөр Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудлаас сүүлийн нислэгийг үйлдсэн.

63 жил тасралтгүй Монголчуудыг дэлхийтэй танилцуулж байсан Чингис хаан нисэх онгоцны буудал маань гавьяаныхаа амралтанд гарч, нуруугаа тэнийлгэлээ. Одоо түүнээс салаалсан нэгэн мөчир Монгол Улсыг хөгжил дэвшил рүү хөтлөхөд бэлэн болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХөөрхөнХөөрхөн
15
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж