ХЗБХ: Сүүлийн 7 жил шүүхэд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

ХЗБХ: Сүүлийн 7 жил шүүхэд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй

ХЗБХ: Сүүлийн 7 жил шүүхэд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.07.06/ 09:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.


УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:

-Шүүхийг хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах бололцоо олгохын тулд дээрх  хуулийг баталсан. Дээд шүүх төсвөө оруулж ирэхдээ хамгийн бололцоотой хэмжээгээр оруулж ирсэн байна. Үүнд хэн нэгнийг буруутгах шаардлагагүй. Цалин нэмж буй асуудал ерөөсөө байхгүй. Шүүгч нарын цалин огт нэмэгдээгүй. Хуулиар бид тодорхой орон тоо нэмэгдэх бололцоо олгосон. Оронтоо нэмэгдсэнтэй холбоотой урсгал зардал нэмэгдэж байна. Гарцаа байхгүй дээд шүүхээс тэтгэвэртээ гарч буй шүүгчийн тэтгэмжийг өгөх ёстой. Шүүхийн туслах ажилтнуудын цалинг нэмэх шаардлагатай байгаа. Шүүхийн дэргэдэх сургалт судалгааны орон тоог 60 биш тодорхой хэмжээнд бууруулаад төсвийг хэлэлцэн, дээд шүүхэд саналаа хүргүүлээд хуулиа хэрэгжүүлээд явах нь зөв. Гишүүдийн гаргасан саналыг тусгана. Бид өөрсдөө хуулийг баталж өгсөн. Одоо хууль хэрэгжих бололцоог өгөх ёстой.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:

-Шинэтгэлийг тактиктай явах ёстой. Төсвийг би ойлгоод байгаа юм. Гэхдээ хэдүүлээ цар тахал, нийгэм эдийн засаг, гишүүдийн сэтгэл зүйг бодмоор байгаа юм. Шүүгч  нарынхаа цалин урамшууллыг “онд мэнд” аваад орчихье гэсэн бодол байна. Шүүхийн төсвийг бага багаар шинэчлээд явах нь зүйтэй. Гэхдээ бодит байдалтайгаа эвлэрээд зарим нэг зардлаа тусгаад бусдыг нь ирэх онуудад хуваарилаад явмаар байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ:

-Шүүх дарга нараас хамаардаггүй байх, хэн нэгэн хүн хонгил байгуулдаггүй байх хэрэгтэй гэж ажилласан. Олон гишүүнтэй батлаад гайгүй хууль баталлаа гэж бодсон. Хэрэгжилт  нь өөдлөхгүй юм байна.

Та нар ялзарсан системтэй юм. АН-ын тамгаар тоглоод бүртгэлийн байцаагч улаан цайм хууль зөрчсөн асуудлыг шүүхэд "новшруулаад" хэдэн сар болж байна. Ийм байхад шүүхэд хэн итгэх юм. Олон нийтийн өмнө шүүхэд итгэх итгэлийг сайжруулах гэж энэ шинэчлэлтийг хийсэн.

Шүүхэд явж буй процесс хүмүүсийн итгэлийг алдаглуудаад байна. У.Хүрэлсүх сонгуульд нэр дэвших гэж АН-ыг "будаа" болгов уу. Хэн ч хийсэн байсан даргад биш, хуульд захирагддаг баймаар байна. Хэд хэдэн асуудлаар шүүхэд хандахад урам хугарч байна.

ШЕЗ-ИЙН САНХҮҮ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН  ДАРГА Н.ЦОГБАДРАХ:

-ШЕЗ-ийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв бол урсгал зардалд 35.8, хөрөнгө оруулалтад 38.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн. Гол нэмэгдсэн шалтгаан юу гэхээр хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 2021 оны нэгдүгээр сарын 14-ны өдөр гуравдугаар тогтоолын 1.2-т  шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын үндсэн цалингийн хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хоёр дахин нэмэгдүүлэх заалт тусгасан. Энэ заалтын хүрээнд нийтдээ 20.5 тэрбум төгрөг буюу өмнөх сууриас 11.8 тэрбум төгрөгөөр шүүхийн туслах болон, хуралдааны нарийн бичгийн даргын цалингийн нэмэгдлийн зөрүү бий.

Шүүгчийн цалингийн хувьд 2021 оны батлагдсан төсөвт 21.3 тэрбум төгрөтэй байна. 2022 оны төсвийн төсөлд 30.9 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн. Үүний зөрүү болох 9.6 тэрбум төгрөгөөр шүүгчийн цалин нэмэгдсэн. Үндсэн шүүгчид очиж буй цалин нэмэгдээгүй, шинэ хуульд орсон өөрчлөлтэй холбогдуулан төрийн алба хаасан онцгой нөхцөлд болон хугацааны, докторийн зэргээс үүдэн нэмэгдэж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР:

-Шүүхийн төсөвт цалин нэмэхгүйг ойлголоо. Гэхдээ 61 хувиар урамшуулал байдлаар нэмэгдэж байна. Яасан олон сая төгрөгөөр, тавилга эд хогшил, тоног төхөөрөмж авдаг юм бэ. Хууль шүүхийн байгууллагынхан төсвийн хямрал мэдрэгдэхгүй байгаа юм уу. Аль ч байгууллага хямралд ороод татвар төлдөг ААН дампуурч, улсын төсвийн орлого энэ жил орох уу үгүйтэй байж байна. Гэтэл тавилга тоног төхөөрөмж авна гэсэн хоёр дах асуудлыг оруулж ирж байна. Энэ үнэхээр цаг үетэйгээ нийцээгүй мэдэрмжгүй төсөв байна. Цалин урамшууллыг хасдаггүй юм аа гэхэд тавилга эд хогшлын төсвийг хасах саналтай байна.

Зарим салбарынхан цалингаа нэмэгдүүлье гээд байж байхад шүүхийнхэн тавилга эд хошгил авна гээд байж байна. Аж ахуй нэгжүүд цалингаа тавьж чадахгүй байхад, татвар төлөгчдийн мөнгөөр тавилга авна гэж ярих зохижмгүй.

ШЕЗ-ИЙН ДАРГА Э.БАТБАЯР:

-Шүүхийг цахимжуулах асуудалд дээрх зардалд явж байгаа юм. Цар тахлын нөхцөл байдлаас  цахимаар шүүх хуралдаан явагддаг болсон. Бусад улс орнуудаас бид хоцрох ёсгүй. Энэ дээр төсөв зайлшгүй тавигдах ёстой. Ширээ сандалны асуудал яриагүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ:

-Шүүгчид “бид нарын суух өрөөний метр квадрат багадаад байна, томруулах шаардлагатай” гээд эдийн засаг хүнд байхад ийм юм яриад суух юм. Тэгэхэд эрүүл мэндийн салбарынхан авсан цалингаараа нэг тор хүнс ч цуглуулж чадахгүй аргаа бараад талбай дээр жагсч байна. Та нар хэдэн метр квадратад суух нь чухал юм уу.

Наад асуудлаа дараа яриад шийдэж болохгүй юу. Хангарьд ордонд ШЕЗ оруулъя гэдэг. Хотын төвд та нар ороод яах юм. Байр сав тоног төхөөрөмж, засвар юм ярих юм. Цалин нэмэхгүй гээд байгаа ч төсөв чинь 21 тэрбум  байсан 38 тэрбум болсноо юу гэж тайлбарлах юм. Захиргааны зардлуудад ямар хэмнэлт үүсгэж байна вэ.

ШЕЗ-ИЙН ДАРГА Э.БАТБАЯР:

-Сүүлийн хоёр жил цар тахлын нөхцөл байдлаас болж төрийн бүх байгууллага хэмнэлттэй ажиллаж байгаа. Тэр жишгээр шүүх ажиллаж байна. Цахим шилжилт гэхээр хүний орон тоо хасагдах салбар биш ээ.

Монголын шүүх нийт 80 гаруй мянган хэрэг маргааныг шийдвэрлэж байна. Тэндээс гишүүд, иргэд арван хуруунд багтахыг ярьдаг. 80 мянган иргэний ард хэдэн зуун мянган иргэн эрхээ хамгаалуулаад явж байна. Шүүхэд итгэх итгэлийн талаар асууж байна. Судалгаанд шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн 60 хувь нь итгэл байж байгаа гэж хариулсан байна лээ. Шүүхийн итгэлийг бууруулна гэдэг нь улс орны аюулгүй байдалтай холбоотой.

Өнөөдрийн төсвийг оруулж ирэхдээ хэмнэлттэй, үе шатлалтай, УИХ-аар баталсан Шүүхийн тухай шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлж “амилуулахын” төлөө оруулж ирсэн. Гишүүд шүүхийн байраар явж үзсэн байх. Тухайлбал, нийслэл хотын дүүргүүд өндөр барилгатай байгаа.  Үлдсэн хуучирсан байруудад шүүх ажиллаж байна. Харамсалтай жишээ хэлье. Дархан-Уул аймгийн анхан шатны шүүх ОХУ-ын өмчлөлийн байранд түрээс төлөөд явж байна. Ингэж болох уу. Завхан аймгийн шүүх 1956 оны цэцэрлэгийн байранд байна. Долоон жил төсвийг нь хаачхаад одоо хуулийн боломжоор нь оруулж ирэхээр шүүмжлээд байгаад нь харамсч байна. Мэдээж цар тахлын нөхцөл байдлыг маш сайн ойлгож байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:

-Таван жилийн дотор Монгол Улсын нийт шүүхийн барилгын асуудлыг шийдэх чиглэлийг Засгийн газарт үүрэг болгосон. Шүүхийн барилга гэхээр шүүгч нар суудаг барилга гэж ойлгоод байх шиг байна. Шүүх хуралдаан явагддаг шударга ёсны үйлчилгээ үзүүлдэг барилга байхгүй юу. Тиймээс ажлын хэсгийн гишүүд нийслэлийн шүүхийн байрны нөхцөл, байдалтай танилцсан. Шүүгч хэрэгтэнтэйгээ нүүр тулчихсан шүүх хурал явагдаад байгаа. Тиймээс шүүхийн төсвийг дэмжиж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД:

-Шүүхийн хууль 2021 оны нэгдүгээр сарын 15-нд батлагдсан. Шүүхийн ажиллах орчин нөхцөлийг үзэхэд засахаас өөр аргагүй байсан. Нэгдүгээр сарын 15-наас хойш УИХ шүүхийн байр орчныг сайжруулна гэж мэдээлэл хийсэн. Түүний үр дүн харагдаж эхлэх ёстой. Шүүхийн зөвлөлөөс орж ирж буй хөрөнгө оруулалтын зардлаас хасалт хийх хэрэггүй. Шинэ хууль батлагдсан дээр нь дорвитой өөрчлөлт хийгээд "салхийг" нь тавиад өгчих өө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж