Эрдэнэбүрэнг эцээсэн эрх мэдлийн тушаа

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

Эрдэнэбүрэнг эцээсэн эрх мэдлийн тушаа


Цар тахлын энэ хүнд үед гаднаас эдийн засгийн хараат байхын зовлонг бид улсаараа эдлэж байна.

Түлш шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж төр иргэнгүй хүндхэн сорилттой нүүр тулав.

Эрдэс баялаг эрдэнэт малынхаа буянд л хэцүү өдрүүдийг давж буй нь маргашгүй үнэн.

Гэсэн ч олсон жаахан валютаа гаднаас авдаг түлш шатахуун, импортын эрчим хүчинд эргүүлж тушаасан байдал хуучин хэвээр. Энэ чөтгөрийн тойргоос гарахын тулд л газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн УЦС гээд том төслүүдээ хөдөлгөхийг МАН-ын Засгийн газар чухалчилсан билээ.

Гэтэл зуун дамжин яригдаж, жаран жил хүлээгдсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтын ажил энэ долоодугаар сард эхлэх ёстой байсан ч хурган түшмэдийн хувиа бодсон ашиг сонирхол, авлига харсан атгаг шуналаас үүдэн ахиад л гацсан сураг дуулдав.

Хамгийн хоржоонтой нь эх орноо эрчим хүчээр хангаж, улс гэрээ гэрэл дулаантай байлгах үүрэгтэй Эрчим хүчний яамны зүгээс энэ эвгүй үнэр ханхлах нь тэр.

Эндээс үүдэн арай монгол төрийн яам тамгын газарт гадныхны гар хөл болсон нөхөд шургалж, харь гүрний дохио зангаагаар захиалгыг нь гүйцэлдүүлж занга тавьж суудаг юм биш байгаа гэх хар эрхгүй төрөх.

Эгийн голын УЦС-ын эмгэнэлт хувь заяаг Эрдэнэбүрэн дээр давтах эрх бидэнд байхгүй. Шүрэнгийн УЦС-ыг зогсоосон сүүдэр эх оронч гол гэгддэг Ховд гол дээрээ Эрдэнэбүрэнгийн УЦС барьж баруун бүсийг импортын эрчим хүчний хараат байдлаас ангижруулах монгол төрийн бодлогыг багалзуурдаж бүр ч таарахгүй.

Тэр тусмаа одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний эх барьсан АЛСЫН ХАРАА-2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн Үндсэн чиглэл, Засгийн газрынх нь Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан энэ том төслийг удаа дараа аар саархан шалтаг тоочин хойшлуулж, эцэс сүүлд нь бүр сонгон шалгаруулалтыг нь хүчингүй болгох хүртэл нам зогсоож амыг нь барих бусармаг үйлдэл илтэд цухалзаж байгаа нь гайхаш барна.

Баригдах тухай чимээ хадаасан цагаас хойш баттайяа 60 жилийг элээсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тухай цаглабар танд нэгийг бодогдуулах нь эргэлзээнгүй.

1960 он- БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу “Гидроэнергопроект” институтээс анх Эрдэнэбүрэнгийн УЦС-ын Техник эдийн засгийн тайланг боловсруулав.

2010:05.20- УИХ-ын 24-р тогтоолоор баталсан “Ус” үндэсний хөтөлбөрийн 3.3.20-д “Эрдэнэбүрэнгийн 64 МВт-ын УЦС-ын техник эдийн засгийн үндэслэлийг хянан үзэж боломжтой тохиолдолд бусад усан цогцолборуудтай уялдуулж гүйцэтгэх” тухай тусгав.

2014.07.01- МУ-ын Эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 6.3-т “Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын усан цахилгаан станцыг барьж байгуулах бэлтгэлийг хангах, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, төслийн нэгж ажиллуулах” тухай тусгав.

2015.03.09-  ЗГ-ын 86-р тогтоолоор Эрдэнэбүрэнгийн Ховд голд УЦС барих ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр болов

2015.06.19- 2015 онд УИХ-аас баталсан  Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого / 2015-2030 / 4.1.1.4-т “Ховд гол дээр усан цахилгаан станц баригдсан байх…/ гэж оруулав.

2016.10.26- ЗГ-ын 121-р тогтоолоор МУ-ын ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.100.3-т Ховд голын УЦС-ыг барих, 2017-2022 онд гэж тусгав.

2016.12.28- ЗГ-ын 208-р тогтоолоор Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний 2.2.3.4-т Ховд голын 64 МВт-ын УЦС урьдчилсан судалгаа, ТЭЗҮ-ийг хийж барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр зааж өгөв.

2017.05.31- МУ-ын Эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 5.3-т МУ-ын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030-ын 2.1.5 ба Зорилт 2. ЗГ-ын Үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.100, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн 2.2.3 дахь заалтыг хангахад “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн барилгын ажлыг үргэлжлүүлэх”, үүнд Эрдэнэбүрэнгийн 64 МВт-ын УЦС-ын барилгын ажил гэж тусгав.

2018.05.30- ЗГ-ын 160-р тогтоолоор БНХАУ-ын ЗГ-аас МУ-ын ЗГ-т олгох 1 тэрбум ам долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийг оруулж, БНХАУ-ын ЗГ-т санал болгов.

2019.03.06- ЗГ-ын хуралдааны 10 дугаар тэмдэглэлээр БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн үндсэн шаардлага болсон үнэлгээний нөхцөлд нийцсэн ТЭЗҮ боловсруулах санал тавьсан компанитай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд зөвшөөрөв.

2019.09.18-   ЗГ-ын 357-р тогтоолоор Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах болон нуур үүсэх нутаг дэвсгэр 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг батлан шийдвэрлэв.

2020.01.23- Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох тогтоол батлагдав.

2021.03.22- ЭХЯ Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгчийг  тодруулах тендерийг нээх хугацааг коронагаар шалтаглан хойшлуулав.

2021.04.22- ЭХЯ Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тендер нээх хугацааг дахин тодорхойгүй шалтгаанаар хойшлуулав. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн удирдагчийг гэнэт ажлаас чөлөөлөв.

2021.06.22-  Долоодугаар сард бүтээн байгуулалтын ажил нь эхлэх ёстой байсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгов.

Ингэж Эрдэнэбүрэнгийн УЦС-ын их бүтээн байгуулалтын ажил гараанаас гарсан ч дахиад л гацаанд орох нь тэр.

Улсын Ерөнхийлөгч, Засгийн тэргүүнээсээ том толгойтой хурган дарга нарын хуудуутай үйлдэл , авлигач түшмэдийн ашиг сонирхлоос үүдэн импортын эрчим хүчний хараат байдлаас гарах ажил гацав.

Одоо харин ард түмэн Эрдэнэбүрэнгийн төслийг элдэв шалтаг тоочин гацаагчидтай ямар хариуцлага тооцохыг эрх баригчдаас харж хүлээж байна.

Иргэд сонгогчид сонголтоороо хүчээ нэгтгэн бүх эрхийг МАН-д өгсөн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч хэлснээ хийж, эхэлснээ дуусгах амлалт өгч төрийн тэргүүн болсон. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч Засгийн тэргүүн болсон өдрөө “…эрчим хүчнийхээ 25 хувийг гаднаас авч, үүнд жил бүр 140 сая ам.доллар зарцуулж буйг халахын тулд Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг яаралтай дуусгана…” гэдгээ мэдэгдсэн.

Одоо харин тэднийг энэ амлалтаа биелүүлэхэд саад болоод буй этгээдүүдтэй хэрхэн тэмцэхийг нь харах л үлдлээ. Эрдэнэбүрэнг эцээсэн эрх мэдлийн  тушааг тайлж эх орондоо гавьяа байгуулах, эсхүл эмгэнэлийг нь бичээд гашуудах эсэх нь  гагцхүү тэдний гарт л байна.

Эх сурвалж: Зууны мэдээ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж