Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр /2021.7.6/ эмнэлгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгчээ. Тодруулбал, эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтээр эмч ажилчдаа урамшуулах, цалин нэмэх боломжтой талаар танилцуулж, цалинг тодорхой хувиар нэмэх үүргийг эмнэлгийн дарга нарт өгсөн байна.
Энэ үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Э.Галбадрах сайдын өгсөн чиглэлийн дагуу бүх ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмж байгаагаа танилцууллаа. Тэрбээр, эмч, ажилчдынхаа хөдөлмөрийг шударгаар үнэлэх, цалин хөлсийг шат дараатайгаар нэмэх боломж дүүрэг болон бүх эмнэлгүүдэд байгаа гэдгийг хэлсэн юм.
Эрүүл мэндийн яамнаас эмнэлгүүдэд очих ёстой санхүүжилтийг дор бүр нь шийдэж, бас холбогдох байгууллагуудыг шахаж ажиллаж буй талаар салбарын сайд С.Энхболд мэдэгдсэн. Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж буй үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг хангах чиглэлээр боломжтой бүх арга хэмжээг авч ажиллана. Салбарынхаа цалингийн доод хязгаарыг тогтоож өгнө. Босго цалинтай болгож, дээшээ хэдэн ч төгрөгийн өндөр цалин авдаг болох бололцоог нээхийн төлөө ханцуй шамлан ажиллаж байгаагаа ч сайд онцолсон.
Халдвар авсан хүний тоо нэмэгдэж, эмч нар ачааллаа дийлэхгүйд хүрч байгаа. “Улаан бүс”-д ажилладаг нэг эмч өмнө нь 10 хүн хариуцдаг байсан бол энэ тоо өнөөдөр 40-50 болжээ. Ачаалал нэмэгдэхийн хэрээр эмч, ажилчид ч бас Covid-19 цар тахлаар өвчилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 250 гаруй эмч, ажилтан Covid-19-өөр өвдсөн бөгөөд нөхцөл байдлыг харгалзаж, цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг эмч нарын төлөөлөл удаа дараа илэрхийлжээ.
Холбоотой мэдээ