Цар тахлын сургаар хэт сүржигнэж бэлэн байдал зарласан эрх баригчдын алдаатай шийдвэрийг өнөөдөр улсаараа үүрч байна. Эмч, эрүүл мэндийн салбарын ачаалал туйлдаа хүрч, өрхийн эмнэлэг хүртэл “улаан бүс” боллоо. Хүний амь үнэгүйдэж, гучин хэдхэн настай залуу ялгаварлан гадуурхагдаж эмнэлгийн тусламж авч чадалгүй үүдэнд нь амь насаа алдав. Хоёрхон сартай нярайг эхээс нь салгаж, гэрт нь өвчтэй чигээр нь орхисноор эндлээ. Өдөр бүр эмнэлгийн орон дээр, гэртээ арав арваараа монголчууд нас барсаар.
Хоёр жилийн өмнө Хятадын Ухань хот тахалд нэрвэгдэж, иргэд нь гудамжинд амь тавьж байхыг хараад бид шоконд орж байсан бол өнөөдөр бид өөрсдөө ийм байдалд хүрчихлээ. Цөөхөн монголчууд өдөр бүр эцэг эх, үр хүүхэд, ах дүү нараасаа зуурдаар хагацаж, барааг нь ч харж чадалгүй эцсийн замд нь үдсэн уйтай өдрүүд үргэлжилсээр. Ердөө гуравхан сая хүн амынх нь тал хувь нь нийслэлд төвлөрдөг учир халдварыг “барих” боломж уг нь байсан.
ДЭМБ-ЫН БАГИЙГ МОНГОЛД АЖИЛЛУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хавтгайрсан одонгийн найраа өнжиж халдварын тархалтыг өчүүхэн ч болов анхаарсан бол магадгүй олон удаагийн хөл хорио, вакцины үр дүн гарах байсан биз ээ. Магадгүй өдийд нас баралт 629 болтол өсөхгүй байлаа. Цаашид халдварын тархалтыг хяналтдаа авахын тулд цар тахлыг даван туулсан улс орнуудын туршлагаас судалъя, Ухань хотын эмч мэргэжилтнүүдийг авчиръя гэх саналыг олон нийтээс дэвшүүлэх болов. Энэ асуудлыг Эрүүл мэндийн яамнаас судалж байгаа аж. Энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Хил нээгдвэл ДЭМБ-ын баг, мэргэжилтнүүдийг Монголд урьж, хүсэлтээ гаргасан. Одоогоор манай улс хилээ нээгээд удаагүй, Covid-19 халдварын нөхцөл байдлаас шалтгаалан гадаадын улс орнууд болгоомжилж байна. Бид Covid-19 халдварын эсрэг авч болох бүхий л арга хэмжээг авч байна. Хөл хорио тогтоохоос авхуулаад аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг хязгаарлах, хүн хоорондын зайг баримтлах, бүх эмнэлэгт ор дэлгэж, урвалж оношлуурыг тогтмол хангаж байна. Хэрэв ДЭМБ-ын баг мэргэжилтнүүд Монгол Улсад ирвэл бид туршлага солилцож, зөвлөгөө авч болно” гэлээ.
Эрүүл мэндийн яамнаас хил нээгдсэнтэй холбогдуулан гадаадаас ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлжээ. Энэ нь Covid-19 халдварын "дельта" хувилбар тархахаас урьдчилан сэргийлэх зорилготой болохыг мэргэжилтнүүд нь тайларласан байна.
Хэдийгээр Монголд Covid-19-ийн "дельта" хувилбар зөөвөрлөгдсөн таван тохиолдол бүртгэгдсэн ч нийгэмд тархаагүй болохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн. Гэвч тайвшрах болоогүй, хөл хөдөлгөөн ихэсч, халдварын тархалт буурахгүй бол гадаадаас эмч мэргэжилтнүүд урьж залаад ч үр дүнгүй, "дельта" хувилбар тархах өндөр эрсдэл байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулав.
Халдварын тархалтыг бууруулахын тулд гаднын эмч мэргэжилтнүүдийг урилгаар ажиллуулах бус хязгаарлалтын дэглэмийг чангаруулж, хилээр нэвтэрч буй гадаад дотоодын иргэдийг 14 хоног тусгаарлах шаардлагатай болохыг тархвар судлаач Э.Тэмүүлэн хэлж байгаа юм.
Тэрбээр “Covid-19 халдварын эсрэг хэрэгжүүлэх үр дүнтэй арга хэмжээ бол вакцинжуулалтыг эрчимжүүлж, хөл хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд бууруулах, хязгаарлалтын дэглэмийг чангаруулах ёстой. Ялангуяа вакцинд хамрагдаагүй, хоёрдугаар тунг тариулаагүй хүмүүсийг цаг алдалгүй дархлаажуулах хэрэгтэй. Шинээр халдвар авсан хүмүүсийн тоо буурвал эмнэлгийн ачаалал багасна.
Тиймээс биш гадаадаас хэчнээн чадварлаг эмч мэргэжилтнүүдийг урьж авчирснаар халдвар буурна гэж ойлгож болохгүй. Ажиллах хүчний тоо нэмэгдснээр эмч эмнэлгийн ажилтнуудын ачаалал багасах болов ч эцсийн шийдэл биш юм. Монголд Covid-19 халдварын "альфа" хувилбар түгээмэл тархсан энэ үед "дельта" хувилбар нийгэмд тархах өндөр эрсдэлтэй. Учир нь, хилээр нэвтэрч буй иргэдийг тусгаарлахгүй байна. Гэрийн хяналт маш сул. Хэрэв нэг л хүн "дельта" хувилбараар өвдвөл хэдхэн сарын дотор нийгэмд тархах эрсдэлтэй.
Иймд эрүүл мэндийн салбарынхан хилээр нэвтэрч байгаа иргэдийг 14 хоног тусгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлээд байгаа юм. Нөгөөтээгүүр хөл хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарлахгүй бол вирус мутацилагдсаар "дельта"-гаас илүү Монголд ч вирусийн өвөрмөц хувилбар үүсэхийг үгүйсгэхгүй. Иймд хүн амын 70-80 хувийг вакцины бүрэн тунд хамруулсны дараа хөл хөдөлгөөн нээх хэрэгтэй” гэлээ.
Түүний хэлснээр нэн тэргүүнд анхан шатны нэгж болох өрхийн эмнэлгийн ачааллыг бууруулах шаардлагатай. Үүний тулд шинээр халдвар авах хүний тоог бууруулахад анхаарах хэрэгтэй гэдгийг зөвлөсөн юм. Ялангуяа, гадаад орчноос илүү дотоод орчинд халдвар авах, тархах хамгийн өндөр эрсдэлтэй тул агаар сэлгэлт хийх, ямар ч нөхцөлд амны хаалт зүүх, нэг дор таваас илүү хүн бөөгнөрөхгүй байх нь халдвар тархахаас сэргийлнэ гэдгийг онцолсон.
Эрүүл мэндийн салбарынхан халдварын тархалтыг бууруулахад хилээр нэвтэрч буй иргэдийг 14 хоног тусгаарлах нь хамгийн үр дүнтэй арга болохыг хэлж байгаа юм. Мөн вакцинжуулалтыг эрчимжүүлж, хязгаарлалтын дэглэмийг чангаруулах ёстойг сануулж байгаа юм.
Хэдийгээр сүүлийн үед хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол буурч байгаа ч "дельта" хувилбар тархахаас судлаачид болгоомжилж байгаа аж. Иймд эрүүл мэндийн салбарын төлөөллүүдтэй адил байр суурийг илэрхийлж байв.
ГАДНЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХГҮЙ
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.БЭГЗСҮРЭН:
-Нас баралтын үзүүлэлтийг авч үзвэл Монголын эмч нар гаднын мэргэжилтнүүдээс дутахааргүй маш сайн эмчилж байна. Халдвар авсан хүмүүсийн 0.5 хувь нь эндэж байгаа нь дэлхийн дунджаас дөрөв дахин бага үзүүлэлт.
Гаднын эмч мэргэжилтнүүдийг Монголд урилгаар ажиллуулахад халдварын тархалтыг бууруулахад нөлөөлөхгүй. Халдварын тархалт улс төрийн шийдвэрээс хамаардаг учраас гаднын мэргэжилтнүүд халдвар буурахад шууд нөлөө үзүүлэхгүй. Хамгийн чухал нь вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай.
Вакцинжуулалтын үед хөл хорио тогтоох нь дархлаа тогтох, халдварын тархалтыг бууруулах, цаг хожих үр дүнтэй арга. Гэхдээ хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагатай байна. Дотоод орчинд ариун цэврийг сахих, хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх шаардлагатай.
Хэдийгээр өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурах хандлагатай байгаа ч "дельта" хувилбар гаднаас зөөвөрлөгдөх, нийгэмд тархахаас судлаачид болгоомжилж байна. "Дельта" хувилбарын тархах хурд өмнөхөөс илүү хурд, хүчтэй. Иймд хилээр нэвтэрч буй буй хүмүүст хяналт тавих, хэрэв дотор тархсан бол цаг алдалгүй илрүүлэх шаардлагатай. УОК-ын эрдэмтдийн зөвлөлөөс хилээр нэвтэрч буй хүмүүсээ хянаж, 14 хоног тусгаарлах санал зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай.
Холбоотой мэдээ