Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарын томилгоог хэлэлцэж баталсан. Энэ үеэр АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон Ө.Батбаяр УИХ-ын гишүүд, олон нийтийн анхаарлыг ихээр татаж байлаа. Мөн Гадаад харилцааны яамны эмэгтэй ажилтнууд Элчин сайд нарыг ямар шалгуураар сонгосноо тайлбарла хэмээн удирдлагууддаа бичиг хүргүүлсэн. Элчин сайд нарын томилгооны асуудлаар МУИС-ийн ОУХНУС-ийн ахлах багш Д.Оюунсүрэнтэй ярилцлаа.
-Дипломат албанд хамгийн сайн бэлтгэгдсэн, шилдэг мэргэжилтнүүд энэ салбарт ажилладаг гэсэн ойлголттой байлаа. Гэтэл одоо дипломат алба зөвхөн хувийн эрх ашиг хөөсөн, эрх мэдэлтэй хүмүүсийн “шахааны үүр” болчихсон байгааг иргэд олон талаас хардаг, шүүмжилдэг. Судлаач, багш хүний хувьд харахад та үүнтэй санал нийлэх үү?
-Дипломат албанд зарим нэг “шахааны хүмүүс” байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ дипломат алба, олон улсын харилцааны үндэсний боловсон хүчин бэлтгэдэг ууган сургууль болох МУИС-ийн ОУХНУС-д багшилдаг хүний хувьд Гадаад харилцааны яаманд өндөр боловсролтой, мэдлэг чадвартай, цэгц шударга олон дипломат ажилладгийг мэднэ. Тэдний дунд манай сургуулийн төгсөгчид, миний шавь нараас ч байгаа.
Харин тэдний хичээл зүтгэлийг цөөн тооны цүнх баригчид, намын тавиулууд болон авлигач дарга нарын үр хүүхэд, хамаатан садан булингартуулах учиргүй.
Гэхдээ сүүлийн жилүүдэд “арын хаалга”-ны хүмүүсийн тоо ихэсч, тэдний үйлдэл, эс үйлдэл нь улс орны эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрэх вий гэдэгт сэтгэл түгшиж байна. Одооноос л энэ байдлыг нэн яаралтай засч залруулахгүй бол хожим харамсаад ч барахгүй үр дагавар авчирна.
-Гадаад харилцааны салбарт боловсон хүчний асуудал олон хүмүүсийн анхаарлын төвд байна. Элчин сайдаар томилогдож буй хүмүүст ямар шаардлага тавьж ирсэн юм бол. Энэ салбарт мэргэшсэн, мэргэжилтнүүд дутмаг байна уу?
-Уг нь Дипломат албаны тухай хуульд дипломат албан тушаалд томилогдох иргэн нь “олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, хоёр буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байна” гэж заасан байдаг ч харамсалтай нь сүүлийн үед элчин сайдын томилгоон дээр энэ шаардлагыг хангахгүй хүмүүсийг нэр дэвшүүлж, томилох болсон.
Элчин сайд гэдэг хүн гадаад улсад Монгол төрийг биеэрээ төлөөлж, улсынхаа нүүр царай нь болдог учраас уг нь хамгийн шилдэг боловсон хүчнээ томилж явуулах ёстой.
-Манай гуравдагч хөрш АНУ-д Ө.Батбаярыг томилсонд хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа. Ер нь Элчин сайдаар томилох хүнийхээ ажилласан жилийн байдал, хэлний мэдлэг, боловсрол бүхий л зүйлийг харгалзан томилгоо хийдэг байх. Гэтэл энэ удаагийн томилгоо хүмүүсийн сэтгэлд хүрсэнгүй. Ийм хүнийг нөгөө тал нь хүлээн авах уу. Үүнд та ямар бодолтой байна вэ?
-Энэ удаад МУИС-ийн ОУХНУС-ийн төгсөгч, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үнэхээр харалган шийдвэр гаргасан гэж бодож байна. Манай улсын хамгийн чухал гуравдагч хөрш болох АНУ-д хамгийн мундаг дипломатаа элчин сайдаар томилдог уламжлалыг эвдэж, Дэлхийгээр аялагчдын группийн админ хүнийг томилсон нь маш харамсалтай. Энэ үйлдэл нь гадны улс орнуудад Монгол Улс гуравдагч хөршийн бодлогоосоо ухарч, АНУ-тай харилцах харилцаандаа өмнөх шигээ ач холбогдол өгөхөө больж байгаа юм байна гэсэн буруу мессеж өгөх магадлалтай.
Хамгийн харамсалтай нь Ө.Батбаяр гэдэг хүн нь өөрөө энэ том албан тушаалыг хашиж чадна гэдэг муйхар зоригтой байгаа явдал юм. Сүүлийн үед зурагтаар, эсвэл сошиал медиагаар олны танил болсон зарим хүмүүс өөрийг нь дагаж, өөгшүүлж дэмждэг хүмүүсийнхээ хязгаарлагдмал хүрээгээр ертөнцийг харж, бүхнийг мэднэ, чадна, өөрчилнө гэсэн ойворгон бодолдоо хөтлөгдөх болсны л нэг жишээ байх.
Нөгөө талаар, өөрсдийгөө 20 мянган гишүүнтэй гэж ярьдаг эрх баригч МАН энэ хүнээс илүү өндөр боловсрол, ажлын туршлагатай хүн байхгүй юм шиг аяглаж байгаа нь олон мянган гишүүдээ төдийгүй Монголын ард түмнийг доромжилж байгаа хэрэг гэж бодож байна. Дипломат ажилтан, тэр тусмаа элчин сайд хүн бол олон жил өндөр шалгуураар бэлтгэгдсэн, нарийн мэргэжлийн хүн байх ёстой. Эмчийн ажлыг хэн нэгэн сонирхогч хийж чадахгүйтэй адилхан.
-Гадаад харилцааны яам, гадаад бодлогод ер нь өөрчлөх ёстой юу. 1990 оноос хойш гадаад харилцааны салбар хэрхэн хөгжсөн юм бэ?
–Гадаад харилцааг эдийн засагжуулах талаар үе үеийн засгийн газрууд ярьсаар ирсэн.
Манай дипломатууд ч гэсэн энэ талаар хүчин чармайлт тавьсаар ирсэн. Харамсалтай нь манай хууль эрх зүйн орчин тогтворгүй, өнөөдөр баталсан хуулиа маргааш нь өөрчилдөг, төрийн алба нь авлигад автсан учраас гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх боломж хомс байна.
1990 оноос хойш Монгол Улсын гадаад харилцаа харин ч өргөжин хөгжсөн. Өмнө нь манай гадаад бодлого бүх юман дээр ЗХУ-ын амыг харж, “социалист хамтын нөхөрлөлийн эрх ашиг” гэсэн хий хоосон зүйлийн төлөө явдаг байсан бол Ардчилсан хувьсгал ялснаар анх удаа гадаад бодлогоо бие даан явуулах, үндэсний эрх ашгаа эрхэмлэх боломжтой болсон. Гэсэн хэдий ч ГХЯ-ыг боловсон хүчнийг илүү чадавхжуулж, сонгон шалгаруулалтыг нь илүү шударга, нээлттэй болгох шаардлагатай. Элчин сайдын томилгоон дээр ч ялгаагүй. Жишээ нь, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй оронд элчин сайдын орон тоо гарахад зөвлөхийн зэрэгтэй ахлах дипломатууд нь хүсэлтээ гаргаад, сонгон шалгаруулалт хийдэг.
Гэтэл манайд тухайн үед эрх барьж байгаа намын удирдлагууд л үндсэндээ хоорондоо тохирч, томилгоо хийх болсон нь учир дутагдалтай юм.
-Элчин сайд гэдэг тухайн улсын нэр нүүр, төлөөлөл байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд мэр сэр хүмүүс хар тамхины хэрэгт холбогдож, улсынхаа нэр нүүрийг сэвтээгээд амжлаа. Уг нь бол Элчин сайд гэдэг бүс нутаг хамтын ажиллагаа, эдийн засгийг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй хүн гэж ойлгодог?
-Зарим нэг дипломатууд, тэр дундаа “шахааны” гэгддэг хүмүүс хар тамхины хэрэгт орооцолдож байснаас, яг элчин сайд хүн тийм хэрэгт холбогдож байсан гэж сонсоогүй юм байна. Сайн ч, муу ч, эрхбиш улсаа бүрэн эрхтэй төлөөлж байгаа хүн болохоор арай ч тийм хүнд гэмт хэрэгт холбогдохоор хэмжээний ёс суртахуунтай хүнийг томилдоггүй байх.
-Элчин сайд нараас бид хариуцлага нэхэх цаг ирсэн үү?
-Зөвхөн элчин сайд нараас төдийгүй төрийн албаны бүх шатны удирдлагаас гаргасан алдаатай шийдвэрийнх нь төлөө хариуцлага нэхдэг баймаар байна. Жишээ нь, Шадар сайд, УОК-ын даргаар ажиллаж байхдаа хариуцлага алдаж, байгууллагынхаа шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулж байсан "Энхсаран" сувиллаас халдварыг дотооддоо алдах нөхцөл бүрдүүлсэн Ө.Энхтүвшин гэдэг хүн ОХУ-д суух элчин сайдаар томилогдоод байна. Одоогийн Шадар сайд, УОК-ын даргаар ажиллаж байгаа С.Амарсайхан цар тахалтай тэмцэх бэлтгэлээ хангахын оронд 3,2 тэрбум төгрөгөөр төвийн шугаманд ч холбогдоогүй, ажилладаггүй усан оргилуур бариулчихаад бас ямар ч хариуцлага хүлээхгүй л байна. Энэ мэтчилэн алдаатай шийдвэр гаргасан бол хариуцлага тооцдог, нэхдэг болох ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ