УИХ-ын Хаврын чуулган завсарлахын өмнө хэд хэдэн хуулийг “машиндаж” байна. Тэдний нэг нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, сонгогдсон У.Хүрэлсүхийн тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах товыг УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэн батална. Ингэхдээ Хэнтий аймаг буюу УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт явуулах нөхөн сонгуулийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулна. Энэ нөхөн сонгуультай хамт УИХ-ын 28-р тойрог буюу хотын дарга Д.Сумъяабазарын орны хүнийг сонгохоор төлөвлөөд буй.
Үндсэндээ МАН-д итгэл хүлээлгэсэн хоёр суудлын оронд нөхөн сонгууль зохион байгуулах бөгөөд үнэмлэхүй олонх МАН-аас илүү АН, ХҮН зэрэг бусад улс төрийн хүчин УИХ дахь суудлын тоогоо нэмэх сонирхол өндөр байгаа.
Түүгээр зогсохгүй бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга ч өрсөлдөх сонирхол өндөр, Сонгинохайрхан дүүргийн 28-р хороонд бэлдэж эхэлсэн гэх яриа улс төрийн хүрээнд өрнөх болсон. Тиймээс ирэх намар болох нөхөн сонгуульд ач холбогдол өгч байгаа улстөрч, улс төрийн намууд, горилогчид олон бий.
18, 28-р тойрог тойрогт болох нөхөн сонгуулийн зардал нь 2.2 тэрбум /2.287.344.090 / төгрөг байна.
НӨХӨН СОНГУУЛЬД ХЭН ХЭН ӨРСӨЛДӨХ ВЭ?
Ирэх намар болох нөхөн сонгуульд эрх баригч нам хоёр суудлаа алдахгүйн тулд зөв нэр дэвшигчээ сойно. Учир нь 18-р тойргоос нэр дэвшигч нь Ерөнхийлөгч болон дэвшсэн учраас түүний орыг залгаж, Хэнтийчүүдийг төлөөлөх, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай гар нийлэн тойрогтоо нэмэх оноо авах сүйхээтэй хүнийг нэр дэвшүүлэх ёстой. Тиймээс ч эрх баригч нам дотор Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөгчдийг маш сайн шигшиж, хэд хэдэн залуучуудыг точиглосон сурагтай.
Нийслэлд МАН Ерөнхийлөгчийн сонгуулиар анх удаа үнэмлэхүй ялалт байгуулсан учраас Сонгинохайрхан дүүрэгт ч хүчтэй, зөв хүнийг дэвшүүлэх ёстой. Гэвч Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын 55 мянган гишүүнээ эгнээндээ нэгтгэж, оронд нь түүний хүү Э.Батшугарыг нэр дэвшүүлнэ хэмээн “амлалт”-тай байгаа, эрх баригчид. Гэхдээ Ерөнхийлөгч асан Х.Баттулга Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ гэвэл Н.Энхбаярын хүү байгаад, МАН-аас хэн ч байсан нэр дэвшиж, өрсөлдөнө гэдэг хэцүү даваа.
Харин энэ сиймхийгээр АН, ХҮН зэрэг намууд хүчтэй өрсөлдөгчдийг нэр дэвшүүлж чадвал УИХ дахь суудлаа нэмэх боломж нэмэгдэнэ. УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-д олонх нь саналаа өгчихсөн дээрх хоёр тойрогт нөхөн сонгуулиар өөр сонголт хийхийг үгүйсгэхгүй. Гэвч Ардчилсан нам өнөөдрийг хүртэл хоёр дарга, тамганы асуудлаа цэгцлээгүй тохиолдолд нөхөн сонгууль юу л бол. Магадгүй түүнээс өмнө намынхаа Их хурлыг хийж, талцалгүй, маргаангүй удирдлагатай болчихвол нөхцөл байдал өөрөөр эргэж болох. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг харвал гурван сарын дотор АН эвлэнэ гэдэг юу л бол.
Энэ мэтчилэн ирэх намрын нөхөн сонгуулийг хүлээсэн горилогчид, түүнээс өмнөх нам доторх, улс төрийн хүрээний толхилцоонуудаас шалтгаалан нэр дэвшигчид тодорч, өрсөлдөнө. Энэ сонгуульд хэн өрсөлдөж, хэн дэвших вэ гэдэг ч ирэх намрыг угтсан жижигхэн улс төр болох нь ээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ