Испани Еврод түрүүлэхгүй 3 шалтгаан, түрүүлэх 3 шалтгаан

Хуучирсан мэдээ: 2021.07.05-нд нийтлэгдсэн

Испани Еврод түрүүлэхгүй 3 шалтгаан, түрүүлэх 3 шалтгаан

Испани Еврод түрүүлэхгүй 3 шалтгаан, түрүүлэх 3 шалтгаан

Хасагдах шатны хоёр тоглолт нь хамгийн хүнд байдлаас шийдэгдсэн баг бол Испани. Хоёр дараалсан нэмэлт цаг, сүүлийнх нь гэхэд торгуулийн цохилтоор шийдэгдсэн. Гэвч тоглолтоос тоглолтод учраа олж байгаа мэт харагдаж байгаа нь мөн л Испани. Зарим тэмцээнд хамгийн хүчтэй нь биш, хамгийн зовж гарч ирсэн нь аваргалах тохиолдлууд олон. Тэгвэл Испани энэ тэмцээнд түрүүлэхэд юу гол түлхүүр болох, юу саад болох вэ гэдгийг хамтдаа дүгнэцгээе. 

ТҮРҮҮЛЭХ ГУРВАН ШАЛТГААН

Довтолгооны сонголтууд 

Испанийн шигшээ баг 2012 оноос хойших хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэйгээр энэ тэмцээнд оролцож байна. Урьдчилсан шатанд Германы хаалганд зургаан гоол оруулсан гэдгээс эхлээд Испанийн довтолгоо ямар хүчтэй байгаа нь харагдана. Тэмцээн эхлээд нийт 12 гоол хийснээр бүх багийг тэргүүлж байгаа. 

Нэмэлт цагтайгаа нийлээд зургаан сэлгээ оруулах боломжтой энэ нөхцөл Испанийн хувьд давуу тал болж байна. Довтолгоонд Алваро Мората, Херард Морэно, Дани Олмо, Пабло Сарабиа, Фэрран Торрэс, Микэл Ояарсабал, Пэдри гээд довтолгооны ур чадвар өндөртэй олон тоглолт байгаа нь давуу болж байгаа. Нэг нь болохгүй байх үед хэнийг нь ч оруулж ирэх боломжтой. Ер нь бол Англитай төстэй гэж хэлж болно. Ийм ур чадвар өндөртэй тоглогчдоос Итали шиг нягт багийн хамгаалалтыг сэтлэх, гэнэтийн онгод орсон тоглолт гарвал Испанийн тоглолт болохгүй байлаа ч багтаа том сэргэлт өгч болно. Фэрран Торрэсийн хет-трик, Олмогийн сэлгээгээр орж ирээд хийх төгс тоглолтууд гээд гэнэтийн бэлэг гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тийм хүчтэй довтолгооны нөөц байгаа тул Испанийн тэмцээнд түрүүлэх магадлал Италиас дутахгүй.

Ялалтын сэтгэлзүй

Испанийг үр дүнгээр харвал хэсгээс хоёроор гарсан, Хорватыг зовж хожсон, Швейцартай финалдсан гэсэн хэцүүхэн үр дүнгүүд байгаа мэт харагдана. Мэдээж зарим асуудлууд байгаатай холбоотойгоор ялалтыг амархан авч чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ Европын аваргад дардан замаар явсан, багуудыг бут ниргэж байгаа түрүүлдэг хууль байхгүй. 2016 оны Португал хэсгийн гуравдугаар байраар нэг ч хожилгүй гурван оноотой шалгарсан. Улмаар Хорваттай цаг сунгаж ялаад, эцэст нь Францыг нэмэлт цагт мөн хожиж аварга авсан. Үр дүнг нь харвал тэмцээний хамгийн сул багуудын нэг байсан бол эцсийн дүндээ аварга нь байж чадсан билээ.

Тиймээс аваргалахын тулд заавал бүх тоглолтдоо хожсон, багуудыг амархан хожих алба байхгүй. Испани хийх ёстой зүйлүүдээ хийсээр хагас шигшээд гарч ирлээ. Ямартай ч хүнд байдлуудад ороход сэтгэлзүйгээ алдалгүй хожсоор байна. Торгуулийн цохилтоос хожиж байна, хожиж яваад бариулсан үедээ хожиж байна, нэмэлт цагт хожиж байна гэдэг бол том давуу тал. Тоглолтоос тоглолтод алдаагаа засаад, хожлын сэтгэлзүйгээ хамгаалсаар байвал Испани энэ маягаар цом өргөх магадлал өндөр байна.

Жигд эрх чөлөө

Испанийн баг ахлагч Сэрхио Рамосоо шигшээдээ дуудаагүйн улмаас лидерийн дутагдалтай тоглоно хэмээн шүүмжлүүлж байсан. Гэвч одоогийн Испанийн нөхцөл байдал энэ нь давуу тал болж буй. Хэрвээ лидерийн асуудал байсан бол Испани өдийд эдгээр хүнд тоглолтуудыг тэсч гарахгүй байсан биз ээ. 

Ийнхүү аль нэг тоглогч руу эрх мэдэл, нэг тоглогч руу сэтгэлзүй хэлбийх зэрэг сул тал гарахгүй байгаа хэмээн зарим экспертүүд онцолж байгаа. Энэ нь Английн багаас ялгаатай байдлыг үүсгэж байгаа юм. Өмнөх нийтлэлээр бид англичуудыг мундаг байгаа талаар магтаж байсан ч Харри Кэйн, Стэрлинг нар бэртвэл том асуудал үүсч магадгүй талаар хэлж байсан. Харин Испанийн хувьд аль ч байрлал дээр хэн ч бэртсэн чанарын өөрчлөлт орохооргүй байна. Тэд эхний тоглолтуудад ахлагч Сэрхио Бүскэтсгүйгээр тоглосон гэдгийг онцолъё.  

ТҮРҮҮЛЭХЭД СААД ХИЙХ ГУРВАН ШАЛТГААН

Хамгаалалтын зохион байгуулалт

Испаничууд Сэрхио Рамосыг үлдээсний нэг сул тал нь хамгаалалтын зохион байгуулалт болж байна. Хамгаалалтын мундаг тамирчид байлаа ч хамгаалалт гэдэг хоорондын харилцаа, ойлголцол, зохион байгуулалт зэргээс үндэс нь хамаардаг тул хамгаалалт удирдаж тоглодог хүн чухал.

Лапорте, Пау Торрэс, Алба, Аспиликуэта зэрэг олон мундаг хамгаалагч байгаа ч хамгаалалтын зохион байгуулалт замбараагүй байгаа нь хэд хэдэн тоглолтуудаас харагдсан. Үүний хамгийн сүүлийн жишээ нь Швейцарын эсрэг тоглолт бөгөөд 1:0-ээр тэргүүлж байсан тоглолтод хамгаалагчдын үл ойлголцлоос болж орох ёсгүй байсан гоол орж тоо тэнцсэн билээ. 

Довтлогчдын гүйцэтгэл

Испаничууд 12 гоол хийгээд байгаагаас нэг тоглогч олон гоол оруулсан тохиолдол алга байна. Ерөнхийдөө жигд гоол оруулж байгаа нь сайшаалтай. Гэвч нөгөө талаас бодвол довтлогчдын гүйцэтгэл тийм ч сайн биш байна гэсэн үг. Хэрард Морэно, Алваро Мората нарт испаничууд нилээд найдлага тавьж байсан. Гэвч хэсгийн эхний тоглолтуудад хоёр довтлогч нь урам хугалсан. Сүүлд гоолдож эхэлсэн ч 12 гоол орсон гэхэд хоёр довтлогчийн гоол хангалтгүй.

Одоо үлдээд байгаа багуудын хамгаалалт маш нягт байгаа. Швейцар Францын эсрэг гурван гоол алдсан бол Хорват, Словак зэрэг багуудын хамгаалалт сул байсныг та бүхэн харсан. Одоо барагтай бол гоол алдахгүй байгаа Англи, Дани, Итали гэсэн гурван баг хүлээж байна. Эдгээр тоглолтууд дээр довтлогчид боломжуудаа алдаад эхэлвэл асуудал үүснэ. Хоёр довтлогч нь энэ тэмцээнд аль аль нь тоглолтын дундуур торгуулийн цохилт алдсан.

Догшин бус байдал

Испанийг түүхийн хувьд аваад үзвэл аваргалсан жилүүддээ илт илүүрхдэг. Тоглолтын санаачлага эсвэл гоолоор, ямар нэг байдлаар илүүрхэж байгаа үедээ аваргалдаг. Тэр ч утгаараа тэднийг “Ялагдашгүй Армада” хэмээн нэрийддэг.

Харин Швейцартай хийсэн тоглолтын дараа мэргэжилтнүүд Испанийн шигшээг догшин бус байна гэдэг талаас нь шүүмжилсэн. Испани Словактай хийсэн тоглолтыг эс тооцвол эсрэг баг нь фаворит мэт тоглосон гэж шүүмжилсэн бөгөөд гаргаж буй алдаанууд нь ихэвчлэн айсан, имээсэн байдлаас үүдэлтэй гэсэн байна. Заримдаа довтолгоо нэг болоод эхэлсэн үед бөмбөгдөж эхэлж байгаа бол тэр зогсох мөчид баг учраа олохоо больж байгаа нь Хорват болон Швейцарын тоглолтоос харагдсан гэв. Испаничууд илүү өөртөө итгэлтэй, догшин байж чадвал тэдний потенциал энэ тэмцээнд аваргалаад зогсохгүй гэдгийг зарим экспертүүд онцолж байна. 

Newmeta - Э.Ганбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж