2020 оны УИХ-ын сонгуулиас хойш дотроо хоёр талцаж, тамга тэмдэгний хэрүүлтэй байгаа Ардчилсан намынхан одоо л нэг “амь орж”, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж эхлэв бололтой. Хэдийгээр Ардчилсан нам хоёр дарга, хоёр тамгатай байгаа ч Засгийн газрыг огцруулах, намынхаа Их хурлыг яаралтай хийх зэрэгт санал нэгдэж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж эхэлсэн байна. Тиймээс өнөөдөр гурван ч удаа хэвлэлийн хурал хийж, Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулах, намынхаа Их хурлыг зохион байгуулах ажлуудаа эхлүүлж буйгаа мэдэгдэв.
Covid-19-ийн цар тахалтай холбоотой олон хүний амь, төсвийн тодотгол, Засгийн газрын үр ашиггүй зардал гээд хоёр талцсан тэдний тавьж буй шаардлагын төгсгөл нь Засгийн газарт, эрх баригчдад чиглэж байна. УИХ-д цөөхөн суудалтай ч 30 жилийн түүхтэй нам сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх боломжтой. Хэн нэгний утсан хүүхэлдэй болж, эрх ашигтай л эхлүүлээгүй бол, тэд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж эхэллээ.
Сонирхуулахад, УИХ-ын хаврын чуулган энэ долоо хоногт завсарлана. Тэгэхээр Ардчилсан намынхны энэ улс төр, сөрөг хүчний сүр нь нэг их удаан үргэлжлэхгүй ч байж болох юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ