Монголбанк холбогдох байгууллагуудтай хамтран төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдсэн.
Ингэснээр хуулийн хэрэгжилтийг хангах, өрхийн орлогод дэмжлэг үзүүлэх, зээлийн эргэн төлөлт тасалдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
УИХ-ын зургадугаар сарын 29-ний өдрийн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган баталсан. Тус арга хэмжээний хүрээнд:
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө энэ сарын нэгний өдөр хүртэл хойшлуулсан зээлдэгчдийн төлбөрийг нэмэлт хүсэлт гаргахгүйгээр үргэлжлүүлэн сунгана.
Харин хөтөлбөрийн хүрээнд зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах аж.
Шинээр зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргах зээлдэгч хүсэлтээ энэ сарын 31-ний өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсвэл банканд очин гаргаж, төлбөрөө хойшлуулна.
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой гарч буй түгээмэл асуулт, хариулттай ЭНД дарж танилцах боломжтой.
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ