Хятад улсад суралцдаг гадаадын олон зуун мянган оюутнууд их сургуульдаа буцаж, танхимаар суралцах хүсэлтийг элчин сайдын яамдаар дамжуулан гаргасаар байгаа аж. Уханьд Covid-19 цар тахал гарснаар Хятад улс 2020 оны гуравдугаар сараас хойш ажил хэрэг, гэр бүлийн зайлшгүй асуудлаас бусад гадаадын иргэнд хилээ хаасан юм. Улмаар улирлын амралтаараа эсвэл цар тахлаас зугтан эх орондоо ирсэн олон зуун мянган оюутнууд Хятад руу буцаж чадахгүй цахимаар хичээлээ үзэж, төгсч байна.
Ялангуяа, анагаахын чиглэлээр суралцдаг оюутнууд танхимын хичээл, эмнэлэг дэх дадлага, сургуулилалт зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолж байна. Анагаахын хичээлийг онлайнаар үзэх нь учир дутагдалтай байгаа аж.
Хятад нь өнгөрсөн оны наймдугаар сараас тус улсад суралцдаг Өмнөд Солонгосын оюутнуудын визний хүсэлтийг хүлээн авч эхэлжээ. Тус улсад суралцдаг гадаад оюутнуудын 10 хувийг солонгосчууд эзэлдэг аж. Гэвч Хятадад суралцдаг гадаадын оюутнуудын хагас саяыг хөгжиж буй Монгол, Энэтхэг, Пакистан, Африкийн орнуудаас суралцагч бүрдүүлдэг байна. Одоогоор эдгээр орны оюутнуудад их сургуульдаа хэзээ эргэн ирж болох мэдээллийг өгөөгүй, онлайнаар үргэлжлүүлэн хичээллэж байгаа аж.
Үүний зэрэгцээ энэ оны хоёрдугаар сард Энэтхэгийн оюутнууд "#Бид Хятад руу буцмаар байна" хаштагийг ашиглан цахим ертөнцөд хөдөлгөөн өрнүүлж, олны анхаарлыг татсан юм. Гэсэн ч Хятадын талаас ямар нэгэн хариу өгөөгүй байна. Жянсү их сургуулийн анагаахын хоёрдугаар курсын энэтхэг оюутан Шифа хэлэхдээ “Хятадын эрх баригчид гадаад оюутнуудыг чухалчилж ярьдаг хэр нь буцааж татахгүй байгаад бухимдалтай байна. Аль хэдийн 16 сарын хугацаа өнгөрчихөөд байхад Хятадын талаас ямар ч төлөвлөгөө гаргаагүй байна” хэмээжээ. Түүнчлэн Гуанси уламжлалт анагаах ухааны сургуулийн гуравдугаар курсын оюутан Абхишикт Хосе ангаахын хичээлийнхээ ихэнх цагийг онлайнаар үзэж буйдаа санаа зовниж, төгсөхөөсөө өмнө Хятадад танхимын хичээл, дадлага хийх хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Үүний зэрэгцээ гадаад оюутнуудыг Хятадын ард иргэдийн хувьд аюул заналхийлэл мэт үзэж байгаа учраас буцаан татахгүй байгаа гэх ёжлох нэгэн ч байна.
Хятадын дарга Ши Жиньпин нь БНХАУ-ын их сургуульд гадаадын оюутан элсүүлэхийг дэмжсэн бодлого баримталж, олон мянган оюутанд Засгийн газрын, орон нутгийн, их сургуулийн тэтгэлгийг олгодог.
Хятадад суралцдаг гадаадын оюутнуудын гурав дахь том бүлэг бол Пакистаны суралцагчид. Бээжин дэх Хятадын шинжлэх ухааны академийн докторын ангийн оюутан Васээм Идбал 2019 оны арванхоёрдугаар сард буюу Уханьд халдвар анх гарч байх үед нутаг буцсан аж. Тэрбээр удаан хугацаанд Хятадад буцан ирж чадахгүй гэж төсөөлөөгүй учир бүх бичиг баримтаа их сургуульдаа үлдээжээ. Улмаар тэрбээр бүтэн хоёр жилийн турш ажил ч хийж чадахгүй, данснаасаа мөнгөө ч авч чадахгүй нөхцөл байдалд орсон байна.
Хятад нь цар тахал гарснаас хойш нийтээр нь оношилж, хавьтлуудыг тандах, хөл хорих, вакинжуулах зэргээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо болон нас баралтыг бусад орнуудтай харьцуулахад бага тоонд барьсаар буй.
Өдгөө Хятад руу зорчигчид элчин сайдын яамдаас эрүүл мэндийн код авч, “WeChat” аппликейшнд аяллын түүх болон эрүүл мэндийн байдлаа оруулах ёстой. Пакистан, АНУ, Энэтхэг зэрэг улс дахь Хятадын элчин сайдын яамдууд бизнес, яаралтай хүмүүнлэгийн ажил, гэр бүлийн шалтгаантай БНХАУ-д нэвтрэхийн тулд тус улсад эсвэл АНУ-д үйлдвэрлэсэн вакцинд бүрэн хамрагдсан байх шаардлага тавьж буй.
Хятадын их сургуулиуд ерөнхийдөө хоёр семестер хичээллэдэг бөгөөд хаврын семестер долдугаар сард дуусч, намрын хичээл есдүгээр сард эхэлдэг. Хятадад суралцдаг олонх оюутнууд “Covid-19”-ийн эсрэг Хятадын гаргасан хоёр төрлийн вакцинд бүрэн хамрагдсан аж. Хятадын “Sinovac” хувийн компани боолн “Sinopharm” төрийн өмчит группын гаргасан вакцинуудыг олон улсад хэрэглэж буй. Гэтэл бүрэн тунг тариулсан гадаадын оюутнуудыг буцаан авахгүй байгаа нь өөрсдийн бүтээсэн вакциндаа итгэлгүй байгааг илэрхийлж байна хэмээн хардах нэгэн ч байна.
Пакистаны хүн амын 5 хувь, Энэтхэгийн 20 орчим хувь нь вакцины нэг, хоёрдугаар тундаа хамрагджээ.
Энэ оны дөрөвдүгээр сард Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижиан хэлэхдээ олон улсын оюутнуудыг буцаан татах асуудлыг судалж байгаа гэдгийг мэдэгдсэн. Гэтэл Жянсү их сургуулийн албаныхны зүгээс оюутнуудаа буцаан татахыг хүссэн ч Хятадын Засгийн газрын шийдвэрийг хүлээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ. Хубэй их сургуулийн уламжлалт анагаахын оюутан Ахжум Ахмед хэлэхдээ Хятадын Засгийн газар гадаад оюутнуудыг эргүүлэн татах асуудалд дуугүй байсаар байвал тус улсыг харах оюутнуудын сэтгэгдэл өөрчлөгдөх магадлалтай хэмээжээ.
Улмаар олон улсад Хятадын нэр хүнд ч унах эрсдэлтэй хэмээн мэдэгдсэн аж. Хятад улс нь 2022 оны өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулна. Гэтэл гадаад оюутнуудаа буцаан татахгүй байж, олон улсын спортын наадмыг зохион байгуулах Засгийн газрын шийдвэрийг сурталчилж байгааг тэд шүүмжилжээ.
Хятадын олон улсын оюутнуудын холбооноос өнгөрсөн Лхагва гаригт Ши Жиньпин даргад нээлттэй захидал илгээж, гадаадын оюутнуудаа татахыг уриалж буйгаа мэдэгджээ.
АНУ нь хэдийнэ тус улсад суралцах Хятад, Энэтхэгийн оюутнуудын визийг сэргээх үйл явцыг эхлүүлж, энэ оны сүүлээр хүлээн авахаар төлөвлөснөө зарласан.
ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST
Холбоотой мэдээ