Улсын их хурлаар баталсан долоо дахь удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль маргааш (2021.07.06) хэрэгжиж эхэлнэ. 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хууль таван бүлэг, 13 зүйлтэй. Тус хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА 22 ХҮНИЙГ ЦАХИМ БУГУЙВЧААР ХЯНАНА
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:
-Өршөөл үзүүлэх тухай хуулиар Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуульд заасан зарим зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарах ба өршөөлд хамааруулах гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүний хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгоно. Тиймээс татвар төлөхөөс зайлсхийх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг зэрэг гэмт хэргийг өршөөлд хамааруулахгүй. Мөн хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэрэг, үндэсний аюулгүй байдлын гэмт хэрэг, хүний алах, галт зэвсэг хууль бусаар бэлтгэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг тариалах, худалдаалах, хэрэглэх орон байраар хангах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг 19 төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг өршөөлд хамруулахгүй.
Өршөөлд хамааруулахгүйгээс бусад гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино. Хэрэв хорих ялыг эдлээгүй, үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух хаягтай байна.
Одоогийн байдлаар 22 хүний зорчих эрхийг хязгаарлаж, цахим бугуйвчаар хянахаар болсон. Тухайн этгээд бугуйвчийг ямар нэгэн байдлаар тасалсан, дулаан мэдрэхээ больсон тохиолдолд цагдаагийн байгууллагын төв серверт мэдээлэл ирж хорих ялыг хэвээр үлдээнэ.
ЖОЛООЧ НАРЫН ЗУРГАДУГААР САРЫН 24-НӨӨС ӨМНӨХ ТОРГУУЛИЙГ 50 ХУВЬ ЧӨЛӨӨЛЖ, ЭРХИЙГ СЭРГЭЭНЭ
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор торгох шийтгэлийн төлбөрийн тал хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэж заасан. Өршөөлийн тухай хуулиар 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн торгуулийнхаа 50 хувийг төлбөл үлдсэнийг нь чөлөөлөхөөр болсон. Хуулийн төсөлд автозамын торгуулийг нэг удаа чөлөөлөхөөр тусгасан байсан хэдий ч батлахдаа дээрх өөрчлөлтийг оруулж, 50 хувийг төлсөн тохиолдолд нэг удаа өршөөлд хамруулахаар болсон. Мөн 2021 оны зургадугаар сарын 24-нөөс өмнө жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээх заалт ч хуульд оруулсан.
ӨРШӨӨЛӨӨР СУЛЛАГДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН 86 ХУВЬ НЬ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ШИЙТГЭГДСЭН УЧИР ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА
Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 160 гаруй нь ялаас бүрэн чөлөөлөгдөж, 1130 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 180 орчим хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасаж, өсвөр насны 25 хүн нийт 1800 орчим хүн буюу нийт хоригдлын 46.4 хувь нь хамрагдсан байна. Нийт хоригдож буй эмэгтэйчүүдийн 60 хувь, 27 хүүхдээс 25 хүүхэд, мөн өндөр настнуудыг Өршөөлд хамруулж байгаа.
Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 3682 ялтнаас өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг үйлдэж торгох ял шийтгүүлсэн 118, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн зургаа, эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн хоёр, нийт 126 ялтан байгаа юм байна.
Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2500 орчим, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 160, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1200 гаруй, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 160, нийт 4000 гаруй этгээд хамрагдана. Торгох шийтгэлтэй 193, хохирол нөхөн төлбөр гаргуулах, хөрөнгө орлогыг хураах 74 албадлагын арга хэмжээ авахуулсан хүн, хуулийн этгээд үлдэхээр байгаа аж.
Өршөөлөөр суллагдаж байгаа хүмүүсийн 86 орчим хувь нь Зөрчлийн хуулиар шийтгэгдсэн учир дараа дараагийн удаа тус хуулийн заалтад тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.
Хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон Covid-19 нөхцөл байдал, халдвар хорих ангиудад тархаж байгаа зэргийг харгалзан тус хуулийг баталсан билээ.
Түүнчлэн хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулахгүй.
Зөрчлийн хуулийн тухайд авто замын торгуулийн шийтгэлийг аравдугаар сарын 1-ний дотор 50 хувийг төлсөн бол нэг удаа өршөөнө. Мөн маргаашаас эхлээд 160 хоригдол суллагдана” гэлээ.
🔴 ШУУД | Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийж байна#NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Sunday, July 4, 2021
Холбоотой мэдээ