МУГТ Н.Төгсцогт өчигдөр (2021.07.04) мэргэжлийн боксын “WBA” холбооны түр аваргын бүсний төлөөх тулаанаа Крис Колбертын эсрэг хийв. 12 үеийн эцэст шүүгчдийн саналаар ялагчийг тодруулахад, 117-111, 118-110, 118-110 гэсэн харьцаатай Крис Колберт ялж, аваргын бүсээ хамгаалж чадлаа.
Тулааны дараах хэвлэлийн бага хурлын үеэр Колберт “Энэ спортын нэр нь цохих. Цохиулах биш. Тиймээс би Мохаммед Алигийн тактикийг хэрэглэх хэрэгтэй болсон. Эрвээхэй шиг нисч, зөгий шиг хатга. Боксын спортод урд гарын шулуун цохилтоор чи чөлөөтэй байж болно. Энэ нь нэг бол чамайг асуудлаас гаргана, эсвэл чамайг асуудалд оруулна” гэв.
Н.Төгсцогтын хувьд хоёр долоо хоногийн өмнө л тулалдана гэдгээ мэдсэнээс гадна жин өгсч, 130 паундэд тулалдсан. Колберт өрсөлдөгчийн талаар ярихдаа “Тэр сайн тулалдсан. Хамгийн сайнаараа л үзлээ. Түүнд малгайгаа авч хүндэтгэл үзүүлэн, сайн сайхныг хүсье. Төрөлхийн 126 паундэд тулалддаг тэр хүчтэй юм” гэжээ.
“CompuBox”-оос гаргасан судалгаагаар Колберт нийт 662 цохилт хийснээс 218 нь буюу 33 хувь нь байндаа тусчээ. Тэрбээр урд гарын шулуун цохилт 421 удаа хийснээс 27 хувь нь буюу 112 нь Н.Төгсцогтыг оносон байна. Харин Н.Төгсцогт нийт 332 цохилт хийснээс 23 хувь нь буюу 78 нь л өрсөлдөгчөө оносон аж.
16 дахь тулаанаа хийж, 16 дахь ялалтаа авсан Колберт дараагийн өрсөлдөгчөө Гервонта Дэвис байгаасай гэж хүсчээ. Тэрбээр “Би WBA холбооны чансаагаа тэргүүлсэн. Миний менежер Эль Хэймон юу хийхээ мэдэж байгаа. Одоо миний цаг ирсэн. Энэ оны төгсгөлд дахиад тулалдана гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн ярив.
Холбоотой мэдээ