СУРВАЛЖЛАГА: Хорхогны хонь 300 мянган төгрөг

Хуучирсан мэдээ: 2021.07.05-нд нийтлэгдсэн

СУРВАЛЖЛАГА: Хорхогны хонь 300 мянган төгрөг

СУРВАЛЖЛАГА: Хорхогны хонь 300 мянган төгрөг

Өдийд бөх, уяачид нь бэлтгэлдээ гарч, наадамчин олон наадмаа хүлээгээд суудаг цаг. Гэхдээ энэ жилийн хувьд Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Ингэхдээ ирэх жилийн наадам хүртэл Үндэсний их баяр наадмыг цуцалсан юм.

Хэдийгээр үндэсний уламжлалт наадам болохгүй, цар тахалтай ч хонины эрэлд гарсан нийслэлийнхэн хотын баруун захыг чиглэж, “Эмээлт” зах олны хөлд дарагджээ.

Малчид ч хотноосоо шилж, сонгосон хэдэн хонио хот руу тууж, ачихыг нь ачиж захын хашаанд багтахгүй болсон тул үүдээр нь эгнэнэ. Баярын өдрүүд хаяанд ирсэн энэ л үед малчдын халаас түнтийж, иргэд халаасаа шавхдаг. Махны үнийн өсөлтөд хамгийн эмзэг ханддаг иргэд халуун чулуу атгахад харин ч гар татахгүй.

Хорхогны хонь дунджаар 100-300 мянган төгрөгт хэлбэлзэх аж. Ченжүүд бүгд “Хонь аваарай”  гэж дуу дуугаа түрэх ч үнээ буулгах нь ховор. Хамгийн хямд хонь 100 мянган төгрөг. Гэхдээ өчнөөн хоног ус, өвс тэжээлгүй татарч гүйцсэн төлөг ийм үнэтэй. Харин нас бие гүйцсэн, тарга тэвээргэтэйг нь авъя гэвэл 300 мянган төгрөг.

Энэ жил дэнж хотойтол наадахгүй ч шинэ шөлөө алгасахгүй гэсэн нийслэлийнхэн дунджаар 200 мянган төгрөгт хонь авахаар зэхжээ. Гэвч бодсоноос үнэтэй.

Амралтын өдрүүдэд гэр бүлээрээ агаар салхинд, гэртээ хорхогны шөлөө бэлдэхээр “Эмээлт”-д саатсан иргэдийн хэлж байгаа тооцсоноос үнэтэй тусч байгааг шүүмжилж байв.

Иргэн Л.Баярчулуун “Хонь үнэтэй байна. Уг нь 150-200 мянган төгрөгт багтаан хонь авъя гэж бодсон ч 250 мянга боллоо. Тарган сайхан хонь болохоор нь гар татсангүй. Амралтын өдөр гэр бүлээрээ агаарлангаа шинэ шөл уух гэж явна. Наадмаар ч бас хонь авч, шинэ шөл ууж баярлах байх даа” гэлээ.

Мөн иргэн Б.Тулга 170 мянган төгрөгөөр хонь авахаар төлөвлөсөн ч 240 мянган төгрөгөөр худалдан авчээ. Түүний хувьд гэртээ хонио муулах тул амьдаар нь ачиж яваагаа хэлж байсан юм.

ЦАР ТАХЛЫН ХЯМРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН "ХОРИГ" МАЛЧДЫН ОРЛОГОД НӨЛӨӨЛСӨНГҮЙ

Хэдийгээр энэ жил Үндэсний их баяр наадмыг нийтээрээ өнжиж байгаа ч малчдын орлогод цар тахлын хямрал, Засгийн газрын “хориг” нөлөөлсөнгүй. Тэдний хувьд килограммыг нь өнөөгийн ханшаар тооцож хонио зарж буйгаа хэлж байв. Харин бороотой өдрүүд халдварт вирусээс илүү хүндхэн цохилт болжээ.

 Малчин Д.БАТМӨНХ: 

-Хөл хөдөлгөөнтэй, юун наадам. Захын хашаанд зогсох зайгүй болохоор нь үүдэнд нь зогсч байна. Цар тахал ч нөлөөлсөн зүйл алга. Хонины үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн. Тээврийн зардал, зах дээр борлуулж байгаа махны үнэд дүйцүүлэн бодож л хонь зарж байна. Махны үнэ өсөхөөр хонины үнэ дагаад л нэмэгдэнэ шүү дээ. Ойрд бороо ороод орлогогүй байлаа. Өнөөдрөөс л нар гарч, хөл хөдөлгөөнтэй байна. Гэхдээ худалдан авахаас сонирхох нь их байна. Төлөг 100 мянга, түүнээс дээш үнэтэй л байна даа.


Малчин Ч.БУЯН-ЭРДЭНЭ: 

-"Эмээлт" зах дээр долоо дахь жилдээ зогсч байна. Хүмүүс хонь авахаасаа илүү үнэ, тарга тэвээргийг нь сонирхож байна. Аль болох хямд үнээр л хонь авах сонирхолтой хүмүүс байна. Гэхдээ бид килограмм махны үнэ ханшаар тооцож л зарна.

Жишээ нь, мах кг нь 15000 гэж тооцвол төлөг 150 мянга болно. Хэрэв 13 кг бол 130000, 20 кг болбол 200 мянган төгрөгийн ханштай байна.

Би Өвөрхангай аймгаас мал оруулж ирдэг. Муу амлаад яах вэ, хэдэн хонь борлуулсан, харин Covid-19 гээд ямаа л зарагдахгүй байх шиг. Хүмүүс хөдөө гарч, ямаа боохгүй болохоор тэр биз. Ямаа 140 мянган төгрөгийн үнэтэй байна. Зуншлага сайхан болохоор мал тарга тэвээргэтэй байна. Харин бороонд хонио норгоргүй. Бүхээгтэй ачаатай болохоор санаа зовох зүйлгүй.


Малчин Н.АЛТАНХҮҮ: 

-Ойрын үед бороотой, зах дээр хүн байсангүй. Амралтын өдрөөр нар гарч, хэдэн төгрөгийн бараа харлаа. Өглөөнөөс хойш 20 гаруй хонь зарлаа. Орлого дажгүй шүү.

Хүмүүс тарган хонь сонирхдог болохоор эцэж турсан хонь барагтай л зарахгүй. Хүмүүс 150-200 мянгад хонь авах сонирхолтой байна, үнэтэй байна л гэдэг. Энэ жил шатахууны үнэ, махны үнэ өссөн болохоор хонины үнэ нэмэгдэхээс өөр аргагүй.


 

АЛДАГДСАН УЛАМЖЛАЛ "ШИНЭ"  ҮЙЛЧИЛГЭЭ БОЛЖЭЭ

“Эмээлт” захад хонь муулах цэгийн гадна шар тор барьсан хүмүүсийн хөл хөдөлгөөн их. Амьдаар нь ачиж явахаас илүү саяхан авсан хонио хоёр тор мах болгоод авч яваа хүн олон. Хонио зарсан ченжүүд тэргэн дээр хоёр, гурваар нь түрсээр мал муулах цэг рүү орох нь бас нүд халтирмаар. Иргэд хонио өөрсдөө муулж, гэдсээ цэвэрлэдэг монгол ахуй уламжлал өнөө цагт алдагдсан гэхэд хилсдэхгүй.

Мал муулах цэгт ажилладаг иргэн Г.Очир “Амралтын өдрүүдээр наадам шиг л байдаг. Хөл хөдөлгөөн ихтэй. Хүмүүс хонь гаргаж чадахгүй, мэддэг нь ховордсон. Жилээс жилд хонио авчхаад муулуулдаг хүмүүс их болсон” гэв. Залуусын хувьд хонь муулж чадахгүй нь их. Гэдэс цэвэрлэдэг нь ч ховор аж.

Ахмадууд нь мал мууллаа ч хүүхэд айх вий хэмээн болгоомжлохдоо ийнхүү зах дээр муулуулж, цэвэрлүүлэх нь илүү хялбар гэдгийг хэлж байсан юм. Дээр нь хонио өөрсдөө гаргаж, цэвэрлэх нь ажиллагаатай, хагас өдрийг бардаг тул иргэдийн хувьд хонио авсан даруйдаа гаргуулдаг болсон. Үнийн хувьд өнгөрсөн жил 15 мянган төгрөг байсан бол энэ жил 20 мянган төгрөг болж нэмэгдсэн байна.

Иргэн П.ДАМДИНДОРЖ: 

-Хонь төхөөрөх нь бидний ахуй уламжлал ч амьдаар нь хонио авч яваад яах вэ дээ. Бохирыг нь асгах газар байхгүй, арьс нь хог болчихно. Хонь мууллаа гэхэд хүүхдүүд айна. Өөрсдөө гэдсийг нь цэвэрлэж янзлахаас эхлээд ажиллагаа их. Хотод хонь муулах боломжгүй. Захаас хонио аваад, төхөөрүүлж цэвэрлүүлсэн нь хялбар. Энэ жил хонь боломжийн үнэтэй байна. Ойролцоогоор 300 мянган төгрөгт багтах болов уу гэж бодсон, 280 мянгад авлаа. Энэ жил гэртээ л наадмаа тэмдэглэнэ.

 


Иргэн Г.ЭНЭРЭЛ: 

-Хонь үнэтэй, дунджаар 200-330 мянган төгрөг байна. Амралтын өдөр болохоор гэр бүлийнхэндээ шинэ шөл уулгах гэж явна. Харж байгаад, шүдлэн хонь авлаа. Эндээ төхөөрүүлээд л явна даа. Өөрөө хонь муулж үзээгүй. Мэдэхгүй амьтан тамлаж байснаас зах дээр төхөөрүүлсэн нь илүү дээр. Энэ жил хөдөө явахаар төлөвлөж байсан ч ихэнх аймаг сумд хаалттай байна. Хотод гэртээ л ам бүлээрээ халуун чулуугаа атгаад л наадамлана байх.


Иргэн Г.БАЯРАА: 

-Хонио төхөөрч чадна. Гэхдээ хүүхдүүд айх байх. Дээр нь хонио өөрсдөө төхөөрч, цэвэрлэх ажиллагаатай. Бэлэн хонь гаргаж, цэвэрлэдэг үйлчилгээ байхад энэ нь хялбар. Ер нь заавал наадам гэхгүй захаас гарал үүсэл нь тодорхойгүй үнэтэй мах авснаас бүтэн хонь авсан нь илүү дээр. Ядахдаа л амралтын өдөр гэр бүлээрээ шинэ шөл уучихна. Наадмаар ч бас хонио аваад, гэр бүлээрээ баярлана.


“Эмээлт” захад хонь зарах, төхөөрч цэвэрлэхээс авахуулаад хуйхалж, хорхог боодог хийхэд бэлдэх хүртэл бүх үйлчилгээ нэг дор төвлөрчээ. Бүтэн хонь хуйхлуулж, угааж цэвэрлүүлэхэд 45 мянган төгрөгийн үнэтэй аж. Монголчууд энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд ногоон торгон дэвжээн дээр барилдах бөхчүүдээ харж огшихгүй, Хүй долоон худагт хурдан хүлгийн тоосонд хийморио сэргээж уухайлахгүй. Гэвч шинэ шөлөө харин ч нэг мартахгүй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж