Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч, Шинжлэх ухааны гавьяат ажилтан М.Ганзориг таалал төгсчээ. Тэрбээр 1978-1981 оны хооронд сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн хамтаар Зөвлөлт Холбоот Улс-Монголын хамтарсан “Союз-39” сансрын хөлгийн нислэгт бэлтгэгдэж байсан юм.
Майдаржав овогтой Ганзориг нь 1949 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Цэцэрлэг хотын 10 жилийн сургуулийг 1968 онд, Киев хотын Политехникийн дээд сургуулийг 1975 онд дулааны нарийн хэмжүүр, автоматикийн инженер мэргэжлээр төгссөн байна. 1975-1978 он хүртэл Улаанбаатар хотын нэгдүгээр цахилгаан станцад автоматикийн инженерээр ажиллахдаа үйлдвэрлэлийн ашигтай ажиллагааг хангах үүднээс тэргүүн туршлага, шинэ бүтээл оновчтой саналууд гаргасан нь үр дүнтэй болжээ. Улмаар үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудын Хөдөлмөр бүтээлийн аварга болсон байна.
Мөн 1981 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар түүнд Сүхбаатарын одон,“БНМАУ-ын сансрын нисгэгч” цол, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд “Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол, 2011 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнасан. 1996 онд "Шинжлэх ухааны тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнуулжээ.
М.Ганзориг ЗХУ-аас Лениний одон, ОХУ-ын найрамдлын одон, БНАСАУ-ын Найрамдлын медаль, 2011 онд ОХУ-ын Сансрын нисгэгчдийн холбооны “Сансрыг эзэмших гавьяаны төлөө” медалиар тус тус шагнуулсан. Мөн сансар судлал, сансрын нислэг зүйд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Гагарины алтан медаль, Нислэг зүйг дэмжих олон улсын фондын гавьяат медаль, Ю.Гагарин, Г.Титов нарын нислэгийн ойн медалиудаар шагнагдсан байна.
Хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч М.Ганзориг сансрын мэдээллээр 15, 20 төрлийн геологи, археологи, ургамлын төрөл зүйл, байгалийн бүс бүслүүрийн хил заагийг тодорхойлж, түүнийг Монгол орны хөдөө аж ахуй, уул уурхай, геологи зэрэг олон салбарын судалгаанд ашиглаж ирсэн юм.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Холбоотой мэдээ