Амьд явах баталгаа өгөөч, С.Энхболд сайд аа!

Хуучирсан мэдээ: 2021.07.05-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Амьд явах баталгаа өгөөч, С.Энхболд сайд аа!

Амьд явах баталгаа өгөөч, С.Энхболд сайд аа!

35 настай Covid-19-ийн халдвар авсан хүн тусламж авч чадалгүй эмнэлгийн хайс дэрлээд нас барав. Тухайн иргэний хувьд нас барахаас хоёр хоногийн өмнө эерэг гарсан бөгөөд хатгаатай гэж оношлогдож, харьяа эмнэлэгтээ хандахыг түргэн тусламжийн эмч зөвлөжээ. Гэвч харьяаллын дагуу “Энэрэл” эмнэлэг нь түүнийг хэвтүүлээгүй, дүүргийн эмнэлэг рүү явуулсан ч дүүргийн эмнэлэг нь “Энэрэл” эмнэлэг рүү нь буцааснаас цаг алдаж, эмнэлгийн хашаа дэрлэн нас барсан юм. Харин албаныхан тухайн иргэнийг “архи уудаг байсан, зоорийн давхарт амьдардаг” байсан хэмээн цоллож, Эрүүл мэндийн байгууллага нь маш хариуцлагагүй мэдэгдэл хийв.

Угтаа бол өөрсдийнхөө арьсыг хамгаалж мэдэгдэл хийхээс илүү ажилдаа хариуцлагагүй хандсан, хүний амь насыг аварч чадаагүй эмч, удирдлагадаа хариуцлага тооцоод ар гэрээс нь уучлал хүссэн мэдэгдэл хийх байлаа.

Цар тахлын ийм хүнд цаг үед нэг ч гэсэн иргэнийхээ амь насыг аврахын төлөө эмч, эмнэлгийн дарга, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүн бүр хичээн ажиллах ёстой. Учир нь тэд тангараг өргөсөн хүмүүс. Мэдээж нийтээрээ хариуцлагагүй, хайнга хандаагүй ч нэг ч гэсэн монгол хүний амь өнөөдөр үнэ цэнэтэй байх ёстой юм. Үндсэн хуулиар олгогдсон АМЬД ЯВАХ эрхээ ч эдэлж чадаагүй 35-хан настай залуугийн амийг хэн төлөх вэ. Манайд хамаагүй, танайд хамаатай хэмээн хоорондоо “шидэлцсэн” эмч нар, эмнэлгийн ажилтнууд, тэдний ажилд хяналт тавьж чадаагүй Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ж.Бямбадорж та төлөх үү?

Улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 125.260 байгаагаас 84.819 хүн эдгэрч, 614 хүн нас баржээ. Зөвхөн сүүлийн долоо хоногийн хугацаанд 13047 тохиолдол шинээр илэрч, 99 хүн нас барсан байна.

СҮҮЛИЙН ДОЛОО ХОНОГИЙН ШИНЭ ТОХИОЛДОЛ, НАС БАРАЛТ:

  • 2021.06.28-1811 тохиолдол шинээр илэрч, 15 хүн нас барав.
  • 2021.06.29-1727 тохиолдол шинээр илэрч, 15 хүн нас барав.
  • 2021.06.30-2246 тохиолдол шинээр илэрч, 15 хүн нас барав.
  • 2021.07.01-2486 тохиолдол шинээр илэрч, 15 хүн нас барав.
  • 2021.07.02-2376 тохиолдол шинээр илэрч, 14 хүн нас барав.
  • 2021.07.03- 2401 тохиолдол шинээр илэрч, 17 хүн нас барав.
  • 2021.07.04-2520 тохиолдол шинээр илэрч, 8 хүн нас барав.

Зөвхөн сүүлийн долоо хоногт 100 хүн covid-19-ийн халдвараар нас барсан гэдэг маш харамсалтай тоо. Нийт хүн амынхаа дийлэнх хувийг вакцинд хамруулсан ч халдварын тоо буурахгүй байгаа энэ үед “манайд бүртгэлгүй” гээд хөөгөөд явуулахаас илүү анхан шатны тусламж үзүүлсэн бол 35-хан настай залуу өнөөдөр амьд байх ч байсан юм билүү гэж халагламаар. Иргэд нь ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмээ сахиж, эмч, эмнэлгийн ажилтнууд нь хүнлэг байж, нэг ч гэсэн иргэний амь нас аврахын төлөө төр, хувийн хэвшил гэлгүй хандах цаг болжээ. Үнэхээр улсын эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй, орны хүрэлцээгүй бол хувийн хэвшлийн эмнэлгүүддээ дайчлах, шинээр орны тоо нэмэх, шаардлагатай бол эмч мэргэжилтэй бүх хүнийг дайчлах гээд дэлхийн олон улс орны хэрэгжүүлж буй туршлагуудаас хуваалцаж, яаралтай арга хэмжээ авах цаг болжээ, Эрүүл мэндийн сайд аа!

Үндэсний статистикийн хорооны 2020 оны жагсаалтад улсын эрүүл мэндийн байгууллага 4575 байгаагаас хувийн эрүүл мэндийн байгууллага 1732 бүртгэлтэй байна.

Улс нь ачааллаа дийлэхгүй ийм хүнд цаг үед хувийн эмнэлгүүд ч нийгмийн хариуцлагын хүрээнд оролцоод, чадах хэмжээндээ ажиллах, төр нь цар тахалтай тэмцэхэд гар бие оролцож байгаа хувийн хэвшлүүдээ дэмжээд явах боломж бий. Бүх зүйлийг төрд найдах бус хувийн эмнэлгүүдэд ч бас нийгмийн хариуцлага байх учиртай. Covid-19-ийн цар тахал дэлхийн өндөр хөгжилтэй, олон хүн амтай бүх улс орныг сөхрүүлж буй энэ цаг үед нийт нь нэгний төлөө, нэг нь нийтийн төлөө ажиллах цаг иржээ. Сэтгэл, зүтгэл байхад бид энэ хүнд цаг үеийн даван туулна. Дээрээс нь иргэн бүр хариуцлагатай байх цаг.

Дэлхий нийтээрээ сөхөрч байгаа covid-19-ийн цар тахлын өмнө иргэн, төр, вакцин гэсэн гуравхан зүйл л аврах найдвар. Иргэд нь ухамсартай, эрүүл мэндийн салбар нь шат шатандаа хариуцлагагүй хандаж байж бид энэ цар тахлын даван туулна.

Эцэст нь, хүн бүр хариуцлага бас дахин хариуцлагатай байх цаг ирсэн. Гэхдээ юу юунаас илүү эрдэнэт хүний амь хамгийн чухал. Халдвар авсан иргэнийхээ амийг юман чинээ тоогоогүй хэдхэн даргыг ажлаас нь халснаа хариуцлага гэж бодож, архичин, подвальд амьдардаг хэмээн зарлаж суугаа Ж.Бямбадорж дарга та ичих хэрэгтэй.

Орчин нөхцөл тааруу газар амьдардаг, архичин, алуурчин, гуйлгачин, баян, ядуу хэн ч байлаа Тусгаар улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхтэй улс шүү!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж