Англи Еврод түрүүлэхгүй 3 шалтгаан, түрүүлэх 3 шалтгаан

Хуучирсан мэдээ: 2021.07.04-нд нийтлэгдсэн

Англи Еврод түрүүлэхгүй 3 шалтгаан, түрүүлэх 3 шалтгаан

Англи Еврод түрүүлэхгүй 3 шалтгаан, түрүүлэх 3 шалтгаан

Европын аварга шалгаруулах тэмцээний шилдэг дөрвөн багийн нэр өчигдөр/2021.07.03/ тодорч дууслаа. Шөвгийн 16-ын төсөөлөөгүй үр дүнгийн араас шөвгийн наймын тоглолтууд харьцангуй тодорхой байдлаар төгслөө. Бельги болон Италийн шигшээ багуудын тоглолтыг эс тооцвол бусад тоглолтуудад нэг тал нь хожил авах магадлал нь илүүд тооцогдож байсан юм.

Ингээд эцсийн дүнд Итали, Испани, Англи, Данийн багууд хагас шигшээд шалгарч чадлаа. Ингээд бид бүхэн өчигдөр Украиныг 4:0-ээр ялж хагас шигшээн эрхээ авсан Английн шигшээ багийн давуу болон сул талыг зургаан үзүүлэлт дээр тулгуурлан онцлох гэж байна. Тэдний түрүүлэх хамгийн гол гурван шалтгаан юу вэ? Түрүүлэхэд саад хийх гол гурван шалтгаан юу вэ?

ТҮРҮҮЛЭХ ГУРВАН ШАЛТГААН

Хүчирхэг нөөц

Английн шигшээ багийн нөөц бүрэлдэхүүний талаар өмнө онцолж байсан. Зүүн жигүүрийн хамгаалалтад өндөр формтой улирлыг үдсэн Люк Шоу, Бэн Чилвэлл гэсэн сонголтууд байсан бол баруун жигүүрт Трэнт Алэксандр Арнолд, Ван Биссака, Киеран Триппэр, Кайл Вокэр зэрэг сонголтууд байсан. Үүнээс зарим тоглогчид шигшээд багтаж чадаагүй бол зарим нь бэртлийн улмаас өнжих болсон. Төвийн хагас, довтолгооны жигүүрийн сонголтууд ч арвин байсан. Тиймээс Английн гол давуу тал  нь хэн нь ч хэнийгээ орлож болох бүх байрлал дээрх тоглогчдын эн тэнцүү байдал юм.

Украины эсрэг тоглолт дээр гэхэд Жэйдон Санчо, Мэйсон Маунт нар гарч тоглов. Энэ байрлал дээр өмнө нь Бакаёо Сака тоглож байлаа. Мөн хамгаалалтын хувилбар гурван хамгаалагчтай байсан. Энэ удаад дөрвөн хамгаалагчтай хувилбар руу шилжиж довтолгооны тамирчид солигдоход асуудал үүссэнгүй. Энэ мэтчилэн ямар ч өөрчлөлт хийсэн Английн тоглолтод өөрчлөлт орохгүй. Зөвхөн Харри Кэйн, Рахэм Стэрлинг нар бэртэхэд л том асуудал үүсэх бол бусад байрлал тоглогч бэртэхэд чанарын өөрчлөлт орохгүй юм.

Люк Шоугийн “шоу тоглолт”

Тэмцээний өмнө гарааны үндсэн сонголтод Чэлсигийн Бэн Чилвэлл яригдаж байв. Бэртлийн улмаас хэсгийн тоглолтуудыг өнжихөд Киеран Триппэр, Люк Шоу нар түүнийг орлосон. Аль аль тамирчдын хувьд мундаг тоглосон бөгөөд ялангуяа Люк Шоугийн тоглолтууд Англичуудад олон давуу талыг үүсгэлээ. Украины эсрэг хоёр дараалан гоолын дамжуулалтыг өгсөн бөгөөд аль аль нь хоёр давхрын дамжуулалт байв. Мөн түүний идэвхтэй гүйлтүүд, цагаа олсон бөмбөг таслалтууд сөрөг довтолгооны боломжуудыг үүсгэж буй. 

Германы эсрэг тоглолт дээр Шоу маш сайн тоглосон бө чухал бөмбөг таслалтыг хийж хоёр гоол дээр хоёулан дээр нь оролцсон. Нэг гоолын дамжуулалтыг Стэрлингд өгсөн билээ. Харин Украины эсрэг дээр дурдсанчлан Бэкхэмийг санагдуулам дамжуулалтыг өгч байсан ба хоёр гоолын дамжуулалт өгсөн юм. Цаашдын тоглолтуудад зүүн жигүүрээс хийж буй Шоугийн дэлхийн өндөр зэрэглэлийн тоглолт нь тоглолтын үр дүнг шийдэх хэмжээнийх байх магадлал өндөр байна. Хэрвээ Англи энэ тэмцээнд түрүүлэх бол Люк Шоугийн энэ мундаг форм дараагийн хоёр тоглолтод ус агаар мэт хэрэгтэй. 

Шинэ хүч, шинэ төвийн хагас 

Английн төвийн хагас энэ тэмцээний хамгийн үр дүнтэй хослолд тооцогдож байна. Лийдс Юнайтэд, Вэст Хэм Юнайтэд гэсэн дундаж багийн тоглогчид Еврод шигшээ багтаа хамгийн шилдэгт нь тооцогдож байна. Хөдөлмөрч, дамжуулалт сайн өгдөг, тоглолт нураадаг, дайчин гээд бүхий л чадвар энэ хослолд байгаа. 

Хагас шигшээд үлдээд байгаа бүх баг л төвийн хагас дээр давуу талтай учраас энэ шат хүртэл урагшлаад байна. Бидний зүгээс Английн төвийн хослолыг энд үлдсэн дөрвөн багаас хамгийн хүчтэйд нь нэрлэж байгаа тул тэдний түрүүлэх гурван шалтгааны нэгээр нэрлэж байна.

Нэмж дурдахад Англичууд хагас шигшээ, цаашлаад финалд үлдэж чадвал аль аль тоглолтыг Лондонгийн Вэмблид буюу талбайдаа хүлээн авах юм. Ийм чухал тоглолтыг талбайдаа хүлээн авна гэдэг Англичуудын хувьд бусад багаас авч буй давуу гэж хэлж болно. 

ТҮРҮҮЛЭХЭД СААД ХИЙХ ГУРВАН ШАЛТГААН

“Англи” дарамт

Англичууд Европын аваргад төдийлөн өндөр амжилт үзүүлдэг баг биш. Еврогийн хасагдах шатанд үндсэн цагт нэг ч ялалт авч байгаагүй гэсэн үзүүлэлтээ эвдэж анх удаа үндсэн цагт ялалт авч үзсэн. 

Мөн олон удаагийн том тэмцээнд мөрөөдлийн бүрэлдэхүүнтэй, хүчтэй байгаа, түрүүлэх хэмжээний гэж нэрлэгддэг ч төсөөлшгүй байдлаар тэмцээнээс хасагддаг. Гол тоглогчид нь гэнэт муу тоглолт үзүүлэх, алдаа гаргах, торгуулийн цохилтоор хожигдох гээд саад мундахгүй. Тэр ч утгаараа Английн хөгжөөн дэмжигчид, экспертүүд, хэвлэлийнхэн гээд бүгд маш их дарамтыг багтаа өгдөг. Англичууд одоогоор ямар нэгэн сул тал гээд байх юмгүй тоглож байна. Гэхдээ сүүлийн хоёр тоглолт дээр тулж ирээд тоглогчдын сэтгэлзүй, дарамт тэдэнд саад хийх нь үү үгүй юу гэдэг харж сууя.

Харри Кэйн, Рахим Стэрлинг байхгүй бол яах вэ?

Англичууд талбайн бүхий л бүст сайн тоглож байгаа, нөөц ихтэй байгаа талаар онцолж байсан. Харин Кэйн, Стэрлинг нар довтолгоон дээр онцгой эрхийг эдэлж буй.Ихэнх тохиолдолд багийн тамирчид тактикийн дагуу л шийдвэр гаргалтууд хийж байгаа бол Харри Кэйн,  Рахим Стэрлинг нар эсрэг багийн тактикийг сэтлэх, хамгаалалтыг задлах төрлийн гоцлон тоглолт, бие даасан шийдвэрийг гаргаж буй.Багийн лидер тоглогчид гэсэн сэтгэлзүйг хүлээж авч буй гэдэг утгаараа чухал тоглолтуудад чухал үйлдлүүдийг хийж байна. Одоогоор тэдний хийгээд буй найман гоолын зургааг нь энэ хоёр тоглогч хийгээд буй. Мэдээж сэлгээнээс Рашфорд, Калвэрт Лэвин, Санчо, Грилиш, Сака гэх мэт олон тоглогч орлон тоглож болох ч тэдний хэмжээний тоглолтыг үзүүлнэ гэдэг эргэлзээтэй.

Тиймээс энэ хоёр тоглогч бэртлийн улмаас нэг тоглолтыг нь л өнжихөд Англичуудад том цохилт, том өөрчлөлт байх болно.

Хэтэрхий цэвэр үзүүлэлт

Англичууд энэ тэмцээнд гоол алдаагүй цорын ганц баг. Энэ багт өөлөх, шүүмжлэх зүйл үнэхээр бага байна. Шүүмжлэх дуртай Британийн экспертүүд ч “Ямар нэг онцгой зүйл болж байна” хэмээн онцолсон нь энгийн хэрэг биш. Тиймээс бидний зүгээс гурав дахь “зовж” онцолж буй зүйл бол тэдний хэтэрхий цэвэр үзүүлэлт. Одоогоор тоглолт бүр дээрээ магтуулж, нэг ч гоол алдаагүй, Германыг эс тооцвол хүнд тоглолт хийгээгүй. Бусад багууд нь ямар нэг байдлаар сэтгэлзүйн саад, торгуулийн цохилт, нэмэлт цаг гэсэн замыг дамжиж тоглож байгаа бол Англи хамгийн төвөггүй гарч ирсэн баг нь байна. Нэг талаар магтахуйц боловч нөгөө талаас Дани мэтийн өндөр зохион байгуулалттай, нягт, багийн тоглолт сайтай багтай таараад асуудал үүсвэл хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь таавар мэт байна. 

Англичууд хоёр гоол алдаж эхлүүлвэл яах вэ? Одоогийн арга барил үр дүнгээ өгөхгүй үед яаж хариу үйлдэл үзүүлэх зэрэг нь тодорхойгүй байна.

Newmeta - Э.Ганбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж