Монголд цар тахлын улмаас эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, халдвар авсан иргэд гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлан эдгээж буй. Харин Сейшелийн жижиг арлуудад хоногт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо 100 давж эхэлсэн байна. Чилид өнгөрсөн долоо хоногт хөл хорио цуцлагдсан ч хоногт илрэх шинэ тохиолдлын тоо хэдэн мянгаас буухгүй хэвээрээ байгаа ажээ.
Дээр дурдсан улсууд хүн амынхаа 50 гаруй хувийг вакцинжуулсан, дархлаажуулалтаараа дэлхийд дээгүүрт бичигдэж буй. Гэхдээ тэдэнд нэг нийтлэг зүйл байгаа нь хүн амын дархлаажуулалтад хятад вакцин ашигласан явдал.
Сүүлийн үед хятад вакцины үр дүнгийн талаар хүмүүст эргэлзээ төрж эхлээд байгаа билээ. Хэрвээ үнэхээр хятад вакцин үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэвэл энэ бол маш том асуудал. Цаашлаад олон улсад вакцины тусламж үзүүлсэн Бээжингийн нэр хүнд, итгэлцэл яригдах том асуудал юм.
Барууны орнууд үйлдвэрлэсэн вакцинаа хүн амынхаа тооноос хэд дахин олноор нөөцөлж байхад Хятад бүтээсэн вакцинаасаа бусад улсад үнэгүй хандивласан. Тухайлбал, өнгөрсөн сарын байдлаар Бээжин нийт 350 сая тун вакцин 80 гаруй оронд хандивлажээ. Том ардчилсан орнууд болон Хятадын хооронд үл ойлголцол хурцдаж буй энэ үед дээрх явдал барууныхныг таагүй харагдуулах нэг том хүчин зүйл болсон юм. "Sinopharm", "Sinovac" хоёр фирмийн вакцины чанарт эргэлзээ төрж эхэлсэн нь Бээжингийн дээрх “бяцхан” ялалтад сөргөөр нөлөөлж эхлэв.
Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Венбин энэ талаар “Вакцины чанарын талаарх шүүмжлэлүүд нь арга ядсан гүтгэлэг, үндэслэлгүй худал зүйл” гэсэн байр суурь илэрхийлжээ.
Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар, хятад вакцин бусад вакцинтай харьцуулахад үр дүн багатай байгаа нь үнэн ч бүтэлгүйтэл бол биш гэнэ. Учир нь ямар ч вакцин цар тахлаас 100 хувь сэргийлж чадахгүй бөгөөд тодорхой хэмжээнд вакцин сайн үйлчлээгүй тохиолдлууд бүртгэгдэх нь цаг хугацааны асуудал байдаг аж.
Тэдний үзэж байгаагаар, вакцины жинхэнэ зорилго бол халдварыг тэглэх биш, өвчин хүндрэх, нас барахаас сэргийлэхэд оршдог байна.
ВАКЦИН ТАРИУЛСАН ХҮМҮҮС ЯАГААД ХАЛДВАР АВЧ БАЙНА ВЭ?
ДЭМБ Хятадын "Sinopharm", "Sinovac" хоёр фирмийн вакцинуудыг яаралтай тусламжийн журмаар хэрэглэхийг зөвшөөрсөн билээ. Тодруулбал, тус хоёр вакцин уламжлалт шалгарсан аргаар буюу идэвхгүйжүүлсэн вирусийг биед нэвтрүүлж, дархлааны тогтолцоонд таниулах замаар ажилладаг.
Харин барууны Pfizer/biontech, Moderna компаниудын бүтээсэн вакцинууд өмнө нь хэрэглэгдэж байгаагүй мРНХ гэх цоо шинэ технологи ашиглан бүтээгдсэн юм. Тухайлбал, эдгээр вакцинууд вирусийн мРНХ мэдээллийг биед нэвтрүүлж, биеийн эсүүдээр өөрсдөөр нь цар тахлын вирусийн уураг бүтээлгэж, түүнийг нь дархлааны тогтолцоонд таниулдаг.
Клиникийн туршилтын явцад хятад вакцинууд барууныхыг бодвол цар тахлын эсрэг илэрхий бага үр дүн харуулсан билээ. Тухайлбал, Бразилд хийсэн клиник туршилтын үр дүнд "Sinovac" фирмийн вакцин цар тахлын шинж тэмдэг бүхий халдвараас 50 хувь, өвчин хүндрэхээс 100 хувь хамгаалж байгааг тогтоосон байдаг. Харин "Sinopharm" фирмийн бүтээсэн вакцин халдварын шинж тэмдэг болон хүндрэл аль алинаас нь тус бүр 75 хувь сэргийлж байлаа.
"Pfizer/biontech", "Moderna" фирмүүдийн вакцинууд шинж тэмдэг бүхий цар тахлын халдвараас хоёул 90-ээс дээш хувь сэргийлж байсныг тогтоосон юм. Мөн АНУ-ын "Johnson& Johnson" фирмийн бүтээсэн вакцин халдвараас 66 хувь, хүндрэлээс 85 хувь, нас барахаас 100 хувь сэргийлж буйг олон улсын судалгаа харуулсан байна. Гэхдээ дээрх үр дүнгүүдийг өөр өөр цаг үе, газруудад ялгаатай хувилбаруудын эсрэг туршиж байсан учир тогтмол биш байх нь ойлгомжтой хэрэг.
Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар, хүн амынхаа олонхыг халдвараас хамгаалах чадвар сул хятад вакцинаар дархлаажуулсан орнуудад шинэ халдварын тоо эрчимтэй нэмэгдэх нь ердөө цаг хугацааны асуудал байж. Хонгконгийн их сургуулийн вирус судлаач, молекул судлалын профессор Жин Дон Ян “Хэрвээ цар тахлын өвчлөл хүндрэх, нас барах тохиолдлыг бууруулъя гэвэл "Sinopharm", "Sinovac" фирмүүдийн вакцинууд тусалж чадна” хэмээжээ.
Мөн их сургуулийн мэргэжил нэгт халдварт өвчин судлаач, профессор Бен Коулинг хятад вакцинуудыг өвчин хүндрэх, нас барахаас сэргийлэх өндөр үр дүнтэйг онцолж, “Хятад вакцинаар хүн амынхаа олонхыг дархлаажуулсан орнуудад халдвар нэмэгдэж байгаа нь үнэн ч вакцин үүргээ хангалттай биелүүлж, өвчин хүндрэх, нас барахаас хангалттай сэргийлж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
МОНГОЛ, СЕЙШЕЛИЙН АРЛУУД, ЧИЛИД БАЙДАЛ ХЭР БАЙНА?
Чили улс нийт хүн амынхаа 55 орчим хувийг бүрэн дархлаажуулжээ. Тэдний 80 орчим хувь нь "Sinovac" фирмийн вакцин тариулсан байна. Чилид хоног тутамд мянга мянган шинэ тохиолдол бүртгэгдэж буй юм. Гэхдээ тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, зургадугаар сарын 17-23-ны хооронд эрчимт эмчилгээ шаардлагатай болсон өвчтөнүүдийн 73 хувь нь бүрэн дархлаажиж амжаагүй хүмүүс байжээ.
Харин Сейшелийн арлуудад 60-аас дээш насныхнаа "Astrazeneca" фирмийн вакцинаар, 60 хүртэлх насны хүмүүсээ "Sinopharm" фирмийн вакцинаар дархлаажуулжээ. Эмнэлэгт хэвтэж буй хүмүүсээс өвчин нь хүндрэх тохиолдлуудын ихэнх нь бүрэн дархлаажиж амжаагүй хүмүүсийн дунд бүртгэгдэж байгаа аж.
Монголд нийт хүн амын 53 хувь нь дархлаажсан, тэдний 80 орчим хувь нь "Sinopharm" фирмийн вакцин тариулжээ. Монголын Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Энхсайханы мэдээлж байгаагаар Монголд шинээр бүртгэгдэж буй таван халдварын тохиолдол бүрийн нэг нь бүрэн дархлаажсан, нас барагсдын 96 хувь нь вакцин тариулаагүй, эсвэл хоёр дахь тунгаа тариулж амжаагүй хүмүүс аж.
Тэрбээр "Sinopharm" фирмийн вакцин зохих үр дүнгээ хангалттай үзүүлж байгааг онцлоод, “Бид энэ вакцин муу, тэр вакцин сайн гэж ялгах шаардлагагүй. Бүх вакцин ялгаагүй өвчин хүндрэхээс сэргийлэх үндсэн зорилготой” хэмээн ярьжээ.
БҮРЭН ДАРХЛААЖСАН ХҮМҮҮС ЯАГААД НАС БАРЖ БАЙНА ВЭ?
"Sinovac", "Sinopharm" фирмийн вакцинаар бүрэн дархлаажсан хүмүүс ч нас барах тохиолдол цөөнгүй байна. Чухамдаа аль ч вакцинаар бүрэн дархлаажсан бай нас барах эрсдэл ор мөргүй арилахгүй аж.
Жишээлбэл, Индонезид хоёрдугаар сараас хойш 88 эмч нас баржээ. Тэдний 20 нь "Sinovac" фирмийн вакцинаар бүрэн дархлаажсан байсан аж. Харин халдвар авсан эмч нарын тоо тав, зургадугаар сард л гэхэд 1600 давжээ. Гэхдээ мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар, тэдгээр эмч нарын халдвар авсан, нас барсан нь вакцинаас хамааралгүй, харин олон цагаар ачаалалтай ажиллаж, бага амарсантай холбоотой аж.
Английн эрдэмтдийн үзэж буйгаар, вакцин тариулсан хүмүүсийн дунд халдвар нэмэгдэх, өвчин хүндрэх тохиолдол их байгаа юм байна. Энэ нь шинээр гарч ирж буй "Дельта" тэргүүтэй хувилбарууд болон хүн бүрийн харилцан адилгүй дархлааны тогтолцоотой холбоотой аж.
ХЯТАД ВАКЦИН БҮТЭЛГҮЙТСЭН ҮҮ?
"Pfizer/biontech", "Moderna" фирмүүдийн вакцинууд хятад вакциныг бодвол халдварын тохиолдлыг илүү үр дүнтэй багасгаж байна. Гэсэн хэдий ч ДЭМБ хятад вакциныг хүлээн зөвшөөрсөн нь шалтгаантай аж.
Мэргэжилтнүүдийн дүгнэснээр, хятад вакцин халдвар тархахаас хангалттай сайн сэргийлэхгүйгээс гадна шинэ хувилбаруудаас шалтгаалж үр дүн муутай байгаа юм байна. "Гэхдээ энэ нь хятад вакцин муу гэсэн үг биш" хэмээн вирус судлаач нар онцлоод, “Хятад вакцин сайн вакцин. Тэд үүргээ гүйцэтгэж байгаа ч одоогийн нөхцөл байдалд хангалттай сайн байж хараахан чадахгүй байна. Халдварыг бууруулж, сүргийн дархлаа тогтоох тал дээр барууны вакцинууд илүү өндөр үр дүнтэй байна. Тиймээс цар тахлыг бүрмөсөн даръя гэвэл хятад вакцинуудыг сайжруулах, дараагийн тунгуудыг илүү үр дүнтэй болгох шаардлага үүсээд байна” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ