Баянзүрх дүүргийн онцгой комиссын шуурхай штаб өнөөдөр /2021.07.04/ цахимаар хуралдлаа. Хурлаар дүүргийн Эрүүл мэндийн салбарын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Хуралд шуурхай штабын гишүүд болон Ковид-19-ийн халдвар авсан Баянзүрх дүүргийн өвчтөнүүдийг хүлээн авч эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн удирдлагууд оролцсон.
Хурлын эхэнд Эрүүл мэндийн төвөөс Ковид-19 цар тахлын халдварын нөхцөл байдал, орны хүрэлцээний талаар мэдээлэл хийж, тулгамдаж байгаа асуудлуудаа танилцуулав. Дүүргийн 8,14,22,25,26 дугаар хороодод тохиолдлын тоо өндөр байгаагийн дотроос 31-50 насны иргэдийн дунд өвчлөл их, мөн 18-аас доош насны хүүхдүүдийн өвчлөл өдөрт дунджаар 170-200 бүртгэгдэж байгаа талаар танилцуулаад маргааш /2021.07.05/-наас эхлэн Спутник вакцины 2-р тунг 65 наснаас дээш нийт 3760 иргэнд хийх бэлтгэл ажил хангагдсан талаар дурдав.
Дүүргийн Засаг даргын орлогч, шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан хурлын төгсгөлд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:
- Шуурхай штабын тусгай дугаар дээр ажиллах хүний тоог нэмэгдүүлэх
- Тандалтын багийн шөнийн ээлжинд ажиллаж байгаа автомашины тоог нэмэгдэгдүүлэх
- Шат шатны төрийн алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнчээр ажилдаа сэтгэлтэй, хариуцлагатай хандаж ажиллах
- Оюутны өргөө-2 дотуур байранд дэлгэсэн байгаа 250 орноос өнөөдрийн байдлаар суларсан 60 ор дээр халдвар авсан хөнгөн болон хөнгөвтөр өвчтөнүүдийг тусгаарлан хэвтүүлэх ажлыг зохион байгуулахыг хороодын Засаг дарга нарт даалгав.
Түүнчлэн дүүргийн Эрүүл мэндийн төв болон Ковидын тусламж үйлчилгээ үзүүлж буй Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Шиномэд, Филошип, Голд медикал, Энэрэл, Ээлтэй оточ эмнэлгүүдийн удирдлагуудад тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, өвчтөн бүрт хүртээмжтэй ажиллах, цаашид тохиолдож болох бүх талын эрсдэлд бэлэн байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Дүүргийн хэмжээнд маргааш Улаанбаатар олон улсын их сургуулийн дотуур байранд 75 ор дэлгэх бөгөөд мөн Шижир амралт дээр 100 ор дэлгэх бэлтгэл ажил хангагдсан байна.
Эх сурвалж: БЗД
Холбоотой мэдээ