"Том төслүүдээ урагшлуулахгүй бол төсөв тасалдах хямрал үүснэ"

Хуучирсан мэдээ: 2021.07.04-нд нийтлэгдсэн

"Том төслүүдээ урагшлуулахгүй бол төсөв тасалдах хямрал үүснэ"

"Том төслүүдээ урагшлуулахгүй бол төсөв тасалдах хямрал үүснэ"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай  өчигдөр /2021.07.03/ танилцсан. Замын-Үүд боомтын ажлыг эрчимжүүлэх үүднээс 30 хоногийн үүрэг өглөө. Энэ хугацаанд байдал дээрдэхгүй бол хариуцлага тооцно гэдгийг хэлсэн. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлаас үүдээд Замын-Үүд, Гашуун сухайт боомт дээр хүндрэлүүд гарч байна. Үүнтэй холбоотой өмнө нь ажлын хоёр хэсэг гарч ажилласан. Үр дүнг нь үзэх гэж Замын-Үүд боомтод ажиллаж байгаа нь энэ. Монголын талд Хятадын талаас тавьж буй хэд хэдэн шаардлагыг богино хугацаанд биелүүлэх нөхцөл байдал үүсч байна. Энэ нөхцөлийг сайжруулах Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томиллоо. Эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын баг томилж ажиллахаар боллоо. Үр дүн нь наана гарна гэж итгэж байгаа ч 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө. Хоёр талд байгаа хилийн хяналтын байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ барьж Улаанбаатараас ирэх ачаа барааны халдваргүйтлийг хийх, ээлжийн жолооч нарын эрүүл мэндийн асуудал, вакцинжуулах зэрэг зайлшгүй хийх ажил байгаа. Энэ хугацаанд үр дүн гарахгүй бол хариуцлагын асуудал ярина" гэдгийг онцлов. Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.   

-Юун дээр алдаа гарсан гэж харж байна. УОК-ийн дарга сар орчмын өмнө ирж, хил нэвтрэх машины тоог 50 орчмоор нэмэгдүүлнэ гэсэн. Гэтэл одоо ч байдал хэвээрээ л байна?

-Гол зүйл цар тахалтай л холбоотой. Барааны гадаргуугаас үүдсэн халдварын  нөхцөл байдлаас шалтгаалсан. Лабораторийн шинжилгээ хийсэн. Гадаад харилцааны яамаар дамжуулан Хятадын талтай ярьж байгаа. Ачаа барааны гадаргууг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ сайжруулах ёстой.

-Ачаа тээврийн үнийн хөөрөгдөл бий болоод байна. Энэ асуудлаар АТГ-д хандсан гэж байсан. Энэ талаар тодруулъя?

-200-250 машин өдөрт хилээр гардаг байсан боомт өнөөдөр 100 машин гээд хязгаарлалт тавьсан учраас  бөөгнөрөл үүсч, эрэлт нийлүүлэлт зөрж үнэ өсч байна. Дээрээс нь нугалаа үүсгэж байж магадгүй гэсэн мэдээлэл ирсний дагуу Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг ажиллаад мэдээлэл өгөөд явж байгаа. Энэ мэдээллийн мөрөөр Замын-Үүдэд ажиллалаа.

-Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил  нэг жилээр хоцорлоо гэдгийг удирдлагууд нь ярьж байна. Та ямар арга хэмжээ авна гэж төлөвлөж байна?

-Зөвхөн Монгол биш дэлхий даяар цар тахалтай тулж байна. Нэг жил зогслоо. Тиймээс бид одоо цар тахалтай  дасан зохицоод, сөрөөд, халдвар хамгааллын дэглэмээ сайн бариад том төслүүдээ урагшлуулахгүй бол эдийн засаг хүндэрч, бүх улс оронд төсөв тасалдах хэмжээний хямрал үүснэ. Эхний шинж тэмдгүүд гарч байна. Тухайлбал, зогсонги байж байгаад гэнэт хөдөлгөөн орж, үйлдвэрлэл сэргээд ирэхээр бараа материалын хомсдол, үнийн хөөрөгдөл үүсч байна.  Үүнийг хамтдаа даван туулах шаардлагатай. Газрын тосны үйлдвэр ч биш бусад бүтээн байгуулалт, олон төсөл цар тахлаас улбаалж нэг жил алдлаа. Ийм учраас эрчимтэй ажиллаж, анхаарал хандуулах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж