Монгол Улсад Covid-19 халдварын тархалт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал үүсэж, ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн зайлшгүй шаардлагатай нэмэлт санхүүжилт хийх шаардлага үүссэн. Тиймээс 2021 оны төсвийг тодотгох асуудал УИХ-аар хэлэлцэгдэж, хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн. Ингэхдээ эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс нийт 735.1 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар хуулийн төсөлд тусгажээ.
Эрүүл мэндийн ажилтнуудад улсын төсвөөс нийт 40 гаруй тэрбум төгрөгийн нэмэгдэл урамшуулал олгох бөгөөд улаан бүсэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилчдын цалин хөлсийг хамгийн багадаа 50 хувиар нэмэгдүүлнэ. Цаашид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан тус салбарын цалин хөлс, урамшууллын асуудлыг хангалттай нөөцлөх шаардлага бий болж байна.
- Зайлшгүй шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж болон хэвтэн эмчлүүлэх ор хүрэлцэхгүй байгаа учраас нэмэлтээр 2000 эмнэлгийн ор дэлгэхэд зориулж нийт 110 тэрбум төгрөг,
- Резидент эмч нарыг дайчлах цалингийн зардалд 3.7 тэрбум төгрөг,
- Вакцины үр нөлөө болон манай улсад тархсан вирусийн хэлбэрийг судлах судалгаанд 2.4 тэрбум,
- Ард иргэдэд халдварын талаарх мэдээлэл олгох халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн заавар зөвлөмжийг хүргүүлэхэд 6.6 тэрбум төгрөг,
- Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулахад гурван тэрбум төгрөг,
- Эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай төсөл, арга хэмжээний техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад нэмэлтээр найман тэрбум төгрөг,
- PCR шинжилгээ болон эмийн нөөц бүрдүүлэхэд 61.9 тэрбум төгрөг,
- Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэмжийн 2021 он дуустал олгоход 618.9 тэрбум төгрөг,
- Эрсдэлийг тооцоолж Засгийн газрын нөөц санг 60 тэрбум, аймгийн Засаг даргын нөөц санг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ.
- Төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтын зардлыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танахаар тус, тус тооцоолжээ.