Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
12-15 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ДАРХЛААЖУУЛЖ ЭХЛЭВ
Улсын хэмжээнд зургадугаар сарын 28-аас эхлэн 12-15 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж эхлэв. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Pfizer үйлдвэрийн вакцин хийж байгаа юм. Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь харьяа дүүргийнхээ Pfizer вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийн хуудас бөглөх учиртай. Хүүхдүүд эхний өдрөөс л маш идэвхтэй хамрагдаж ачаалал 2-3 дахин нэмэгдсэн байна.
УЛААН БҮСЭД АЖИЛЛАЖ БУЙ ЭМЧ, АЖИЛЧДАД ХОЁР САЯ ТӨГРӨГ ОЛГОНО
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /06.29/ эрүүл мэндийн салбарт 700 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр шийдвэрлэлээ.
Тухайлбал, Covid-19 цар тахалтай нүүр тулан “улаан бүсэд” ажиллаж байгаа эмч, ажилчдын цалин хөлсөнд ногдох өртгийг 50 хувь, хүндэвтэр өвчтөнд хийгдэж байгаа эмчилгээнд шаардлагатай эмийн өртгийг тус тус нэмэгдүүлнэ.
Мөн “улаан бүсэд” ажиллаж байгаа 13 мянган эмч, ажилчдад 2.0 сая төгрөг, эрүүл мэндийн салбарын бусад 19.5 мянган ажилчдад 1.0 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тусгажээ.
Covid-19 шинэ хэлбэрийн халдвар дэгдэх, өвчлөлийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлээс сэргийлэх, эрт илрүүлэхэд нэн шаардлагатай молекул, биологийн шинжилгээний урвалж, оношлуур, вирусын эсрэг эмийн нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай зардал 61 тэрбум, нэмэлт ор дэлгэхэд шаардагдах 110.0 тэрбум, резидент эмч нарын цалингийн зардал 3.7 тэрбум төгрөгийг тус тус тусгажээ.
АЙЛ ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ҮЗҮҮЛСЭН ЦАХИЛГААН, ДУЛААН, УС ХОГНЫ ТӨЛБӨРИЙН ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ 2021 ОН ДУУСТАЛ ОЛГОНО
ТЭВЧЭЭР НЬ ТАСАРСАН ААН-ҮҮД ТАЛБАЙ ДЭЭР ЖАГСЛАА
Covid-19 цар тахлын улмаас цөөнгүй аж ахуйн нэгж /ААН/ орон тоогоо цомхотгох цаашлаад үйл ажиллагаагаа зогсоож, иргэд ажил орлогоо алдаж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд Засгийн газар болон УОК-оос гаргасан шийдвэрийг 2020 оны нэгдүгээр сараас хойш буюу хоёр жил орчмын хугацаанд мөрдсөн. Гэвч өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүйгээс ашиг орлогоо алдаж, түрээсийн зардал, зээлийн эргэн төлөлт зэрэгт дарлуулж тэсвэр алдарсан тэд “ТЭВЧЭЭР ТАСАРЛАА” хөдөлгөөнд нэгдсэн юм.
🔴 ШУУД | ААН-үүд эсэргүүцлээ илэрхийлж, жагсаж байна#NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Thursday, July 1, 2021
Тэд “ААН-үүд халдвар хамгааллын дэглэмээ бариад ажилламаар байна. Хөл хорионд ард иргэдийн тэвчээр тасарч байхад эсрэгээрээ 2.5 тэрбум төгрөгөөр наадах гэж буй төр засагт итгэл алдарч байгаа"-гаа дуулгав.
Улсын онцгой комисс энэ өдөр хуралдаад /2021.07.01/ баяр наадмыг хойшлуулах санал гаргаж Засгийн газар эцэслэн шийдэхээр болсон юм.
УЯАЧИД ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЖ, ЗАСГИЙН ГАЗАРТ ШААРДЛАГА ХҮРГЭВ
🔴 ШУУД | Уяачид эсэргүүцлээ илэрхийлж байна#NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Thursday, July 1, 2021
Цар тахлын нөхцөл байдлын улмаас Засгийн газар баяр наадмын арга хэмжээг цуцлах, хойшлуулах арга хэмжээ авахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэнтэй холбогдуулан /2021.07.02/ 06.00 цагт уяачид Яармагийн дэнжид цуглаж, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн жагсахаа илэрхийлсээр Сүхбаатарын талбайд хүрч ирсэн юм.
Тэдний зүгээс наадам хойшлуулах эсэх, эсвэл наадам хийхгүй байх шийдвэрийг Засгийн газар эрт гаргахгүй, цаг тулгаж гаргаж байгаа нь буруу. Уяачид ч мөн хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс бөгөөд Засгийн газрын эргэж, буцсан шийдвэрээс болж бид ийм шийдэлд хүрлээ хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ НЭГ ЖИЛЭЭР ХОЙШЛУУЛЛАА
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны долдугаар сарын 02-нд болж, коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлууллаа.
Мөн аймаг, сумдын баяр наадам, хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов.
ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар /07.02/ Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэж, УИХ-ын 49 гишүүн дэмжсэнээр баталсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд өршөөл үзүүлэх шийдвэр гаргах онцгой бүрэн эрх зөвхөн УИХ-д хадгалагдана хэмээн заасан байдаг. УИХ 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд нийт зургаан удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ. Энэ удаагийн баталсан хууль нь долоо дахь удаагийнх аж.
ТУХАЙЛБАЛ,
- 1991 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар нийт ялтны 27 хувь суллагдаж, 10 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулсан бол
- 1996 онд 3.3 хувийг суллаж, 0.4 хувь нь ялаа багасгуулжээ.
- 2000 онд 14.6 хувь нь суллагдаж, 13 хувь нь ялаасаа хасуулсан,
- 2006 онд 30.8 хувь нь суллагдаж, 19.5 хувь нь ялын хугацааны хөнгөлөлт эдэлсэн,
- 2009 онд 31.9 хувь нь суллагдаж 10.8 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулсан,
- 2015 онд нийт ялтны 54.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд тус тус хамрагдаж байжээ.
Энэ удаагийн хуулиар 3.6 хувь нь суллагдаж, 8.9 хувийнх нь хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 4.5 хувийнх нь хорих ялаас хоёр жилийг хасахаар төсөлд тусгасан байсан ба зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураасны эцэст эдгээр тоо нэмэгдэж байгаа аж.
ЭЛЧИН САЙД НАРЫГ ТОМИЛОХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар /07.02/ Зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.
Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.2 хувь нь дэмжлээ. Үргэлжлүүлэн Элчин сайдыг томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн саналаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулав.
- Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг томилох тухай саналыг 72.7 хувь нь,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг томилох тухай саналыг 75.8 хувь нь,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг томилох тухай саналыг 79.1 хувь нь,
- Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг томилох тухай саналыг гишүүдийн 73.1 хувь нь,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг томилохыг 82.1 хувь нь,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг томилохыг 79.1 хувь нь,
- Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг томилохыг 80.6 хувь нь,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг томилохыг 80.6 хувь нь,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг томилохыг 79.1 хувь нь,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Ганхуягийг томилохыг 77.6 хувь нь,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэнг томилохыг 79.1 хувь нь,
- Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг томилохыг 83.6 хувь нь,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдавааг томилохыг 85.1 хувь нь,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаярыг томилохыг 73.1 хувь нь,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг томилохыг 86.6 хувь нь,
- Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржавыг томилохыг 86.6 хувь нь,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг томилохыг 64.2 хувь нь,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг томилохыг 83.6 хувь нь,
- Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг томилохыг 85.1 хувь нь,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг томилохыг 86.6 хувь,
- Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг томилох саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 67 гишүүний олонх дэмжсэнгүй.
- Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг томилохыг 86.6 хувь нь,
- Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүхийг томилохыг 82.1 хувь нь,
- Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаярыг томилохыг 72.3 хувь нь тус тус дэмжлээ.
Иймээс Зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцсөн тухай санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр болов.
Холбоотой мэдээ