Дани vs Чех: Хэн нь олдсон боломжоо ашиглах чадах вэ?

Хуучирсан мэдээ: 2021.07.03-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Дани vs Чех: Хэн нь олдсон боломжоо ашиглах чадах вэ?

Дани vs Чех: Хэн нь олдсон боломжоо ашиглах чадах вэ?

16 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын ээлжит тоглолт өнөөдөр/2021.07.03/ шөнө 00:00 цагаас Баку хотноо Баку Олимпик цэнгэлдэх хүрээлэнд өрнөж үзэгч олны сонорыг мялаах гэж байна. Хоёр багийн хувьд шөвгийн 16-д Нидерланд, Уэльсийн шигшээ багуудыг мулталсан билээ. Даничууд харьцангуй сул өрсөлдөгчтэй учраа таарсан бөгөөд Уэльсийн шигшээг 4-0 харьцаатай бут ниргэж форм сайтай байгаа гэдгээ харуулсан тоглолт болсон. Тэдний нээлт хар дарсан зүүд мэт байсан ч цаашдын аялал нь гайхалтай үргэлжилсээр. Багийн гол тоглогчдын нэг Кристиан Эриксен харамсалтай байдлаар тэмцээнийг орхисон ч шигшээ баг нь амжилттай тоглож байгаа. Эриксений хувьд биеийн байдал нь бүрэн тогтворжиж гэртээ харьсан гэх сайхан мэдээтэй. 

Чехийн шигшээ шөвгийн 16-д таамаглаагүй үр дүнг бий болгож хэсгийн тоглолтуудад тун сайн тоглож байсан Нидерландын шигшээг 2-0 харьцаатай хожиж шөвгийн найм руу орж ирж байгаа юм. Хоёр багийн аль хожсон нь хагас финалд Украин-Английн шигшээгийн хожсон багтай нь нүүр тулна. Өнөөдөр аль баг нь аяллаа цааш  үргэлжлүүлэх вэ гэдэг тун сонирхолтой.

Хоёр багийн хувьд сайн мэдээтэй нь шөвгийн 16-ийн тоглолтод оролцоогүй тоглогчид нь өнөөдөр бүгд эргэн ирж байгаа. Чехийн шигшээ багийн ахлагч Владимир Даридагийн хөлний гэмтэл бүрэн эдгэрсэн байна. Мөн зүүн жигүүрийн хамгаалагч Яан Борил өмнөх тоглолтыг хуудасны торгуулийн улмаас өнжсөн. Торгуулийн хугацаа нь дууссан.  Данийн шигшээ багийн довтлогч Юсуф Поулсен гэмтлээсээ эргэн ирж байгаа. Гэхдээ түүнийг орлож Уэльсийн эсрэг тоглолтод гарсан Каспер Долберг хоёр ч гоол оруулаад амжсан билээ. Даничуудын дундын шугамын гол тоглогчдын нэг болоод буй Томас Делани болон багийн ахлагч Симон Киайр нар Пүрэв гаригийн багийн бэлтгэлдээ оролцоогүй ч өнөөдрийн тоглолтод оролцох ажээ.

Хоёр баг аль аль нь чадварлаг тамирчид дээр бус багийн тактик, зохион байгуулалт дээр суурилан тоглож байгаа гэдгээрээ онцлог. Мөн хоёр баг хоёулаа бие биенийгээ хожих боломжтой, чансаа ойролцоо багууд. Тэгэхээр өнөөдөр хэн нь олдсон боломжоо ашиглаж, Европын аваргын хагас шигшээд үлдэхээ шийднэ. 

Онцлох тоглогч:

Евро 2020-ын мэргэн буучдын тэргүүлэгчдийн эгнээнд жагсаж байгаа Патрик Шик гэх энэ залууг онцлохгүй байхын аргагүй юм. Чехийн шигшээ баг энэ хүртэл явахад хамгийн том үүрэг гүйцэтгэсэн тоглогч бол маргаангүй Патрик Шик. Өмнөх дөрвөн тоглолтод Чехүүд таван гоол оруулсаны дөрвийг нь Шик гүйцэтгээд байгаа билээ. Аль хэдийн багийнхаа итгэл найдвар, лидер нь болоод байгаа бөгөөд хөлбөмбөг сонирхогчид түүнд маш том хүлээлт тавиад байна. Өнөө шөнө тэрээр ээлжит сайн тоглолтоо гаргаж мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж, баг нь хагас шигшээрүү шалгарахыг ч үгүйсгэхгүй юм.

Харин нөгөө талд хэсгийн шатад тун чимээгүй байсан ч хасагдах шатны шөвгийн 16-д өөрийгөө батлан харуулсан Карл Долберг гэх залууг онцолж байна. Уэльсийн эсрэг эхний хоёр гоолыг Долберг гүйцэтгэж тэднийг шоконд оруулсанаар хамгаалалт нь унаж, улмаар дараагийн хоёр гоол орох нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм. Нэг үгээр хэлбэл энэхүү тоглолтыг Долберг шийдсэн гээд хэлэхэд хилсдэхгүй. Бэртлийн улмаас хасагдах шатны тоглолтыг өнжсөн форм өндэртэй байгаа Поулсен эргэн ирж байгаа ч Долберг сэлгээнд суухгүй байх гэж бидний зүгээс таамаглаж байна. Тэрээр өнөө шөнө түүний тоглолтоос хамаарч Данийн багийн ирээдүй шалтгаалж ч болох юм.

Чих тавих тоглогч:

Тэрээр Данийн шигшээ багийн өмсгөлтэй Европын Аваргад хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч болоод байгаа юм. Миккел Дамсгаард нь Италийн Сампдориа клубт хүчин зүтгэдэг бөгөөд 20 нас шүргэж яваа тоглогч. Энэ Еврод тун сайн тоглож буй залуучуудын нэгээр тодроод буй. Түүний гал цогтой, дайчин тоглолт Данийн шигшээ багийг хагас шигшээд шалгарахад том тус үзүүлэх юм. Магадгүй энэ тэмцээний дараа олон клуб түүнийг сонирхох биз ээ.

Тоглолтын статистик:

  • Энэ нь Европын аваргын хүрээн дэх хоёр багийн гурав дахь учраа тоглолт. Өмнөх хоёр тоглолтод хоёуланд нь Чехийн шигшээ ялалт байгуулжээ.
  • Хоёр багийн сүүлийн зургаан учраа тоглолтынхоо тавт нь тэнцсэн үзүүлэлттэй байна.
  • Чехийн шигшээ баг түүхэндээ Европын аваргын шөвгийн наймт дөрөв дэх удаагаа шалгарч байгаа нь энэ ажээ.
  • Патрик Шик Чехийн шигшээ багийн төлөө 30 тоглолтод оролцож 15 гоол оруулаад байна. Тэрбээр энэ жилийн ЕАШТ-д дөрвөн тоглолтод оролцож 4 гоол оруулаад байгаа аж.
  • Мөн Патрик Шик энэ ЕАШТ-д оруулсан 4 гоолынхоо гурвыг нь солгой хөлөөрөө оруулсан байна. Энэ нь бүх тоглогчдыг тэргүүлсэх амжилт болоод байна.
  • Даничууд энэ жилийн ЕАШТ-д 18.8 цохилт, хаалга руу чиглэсэн 7.3 цохилт дунджилж байгаа ажээ.
  • Данийн шигшээ багийн 2020 оны Европын Аваргын тоглолтын эхний 44 цохилтын ердөө нэг нь гоол болсон бол сүүлийн 31 цохилтын найм нь гоол болон бүртгэгджээ.
  • Миккел Дамсгаард бүх тэмцээний хүрээнд Данийн шигшээ багийн өмсгөлтэй сүүлийн зургаан тоглолтдоо 7 гоолд оролцоод байна. (3 гоол, 4 гоолын дамжуулалт)

Newmeta - М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж