Еврогийн ээлжит чухал тоглолт Итали болон Бельгийн шигшээ багуудын хооронд шөвгийн наймын шатанд явагдах гэж байна. Нэг талаас 2018 оны есдүгээр сараас хойш хожигдоогүй Италийн шигшээ баг, нөгөө талаас Кэвин Дэ Броин, Эдэн Азар нар бэртлийн улмаас тоглох эсэх нь эргэлзээтэй тоглолт болно.
Италичууд том багууд дундаа хамгийн өндөр зохион байгуулалт, тактикийн хувьд бэлтгэлтэй тоглолт харуулж байгаа. Тийм ч учраас бусад томчуудаа бодвол италичуудаас үргэлж чанартай тоглох нь ойлгомжтой байна.
Бельгийн хувьд өмнөх жилүүдийн адилаар том тэмцээнд сайн тоглолт үзүүлж байна. Гэвч өмнөх том тэмцээнүүдэд ийм тоглолт гарч байсан ч түрүүлэх тал дээр үр дүн гараагүй. Өмнөх бүхий л тэмцээнүүд дээр Эдэн Азар, Кэвин Дэ Броин, Ромэлу Лукаку нар довтолгоог тэргүүлж, хамгаалалтын бүрэлдэхүүнд Алдэрвэйрэлд, Вэртонгэн, Вэрмалэн нар тоглож байв.
Дийлдэшгүй мэт тоглолт үзүүлж буй италичуудаас Жоржио Киллини бэртлээс эргэн ирээд байгаа. Мөн Алессандро Флоренци бага зэргийн бэртлийг бэлтгэл дээрээ аваад байсан ч энэ тоглолтод оролцох боломжтой ажээ.
Онцлох тоглогчид
Багийн дундын шугам аль аль багаас хүчтэй байгаа тул довтлогчдын гүйцэтгэл энэ тоглолтод маш чухал байх болно. Нэг удаагийн боломж алдах, гоолын боломжоо алдах зэрэг нь тоглолтын үр дүнд шууд нөлөөлнө.
Зохион байгуулалт сайтай багийн форм сайтай довтлогчид маш том аюул тарьдаг. Гоол хийх боломжууд, чөлөөтэй тоглох орон зай нь багийн тоглолтоос үүсдэг учраас өөрийн ажлаа л сайн хийж байхад үр дүн нь гардаг. Тэгвэл Иммобилэ дээр энэ дүр зураг тодорхой харгдаж байгаа. Баг нь тоглолтын санаачлагыг гартаа авч байгаа тул форм сайтай довтлогч хүссэнээрээ гоолдох боломж нь үүсч байна. Харин өнөөдрийн хувьд Иммобилэ тэмцээн эхэлснээс хойших хамгийн хүчтэй багийнхаа эсрэг тулна.
Нөгөө талаас олон том тэмцээнд олигтой тоглоогүй Ромэлу Лукаку том шалгуурын өмнө ирнэ. Жижиг багуудын эсрэг сайн тоглож, том тоглолт дээр гавьдаггүй гэсэн шүүмжлэл түүнийг дагадаг. Бельгийн чухал тоглолтууд дээр Лукаку талбай дээр төдийлөн харагдахгүй, хаалганд нэг ч цохиогүй гэсэн сул үзүүлэлт харуулж байлаа. Тэгвэл энэ Евро дээр Лукаку харьцангуй хөдөлмөрч тоглолт харуулж байгаа ба олон гоолын боломжийг үүсгэж, өөрөө өөртөө боломж үүсгэсэн. Баг нь бэртэл гэмтлийн жижиг асуудалтай ойр ойрхон тулж байгаа энэ нөхцөлд Лукакугийн ийм идэвхтэй тоглолт маш чухал байна.
Мөн ах дүү хоёр Азарыг онцлох нь зүйн хэрэг. Сүүлийн жилүүдэд бэртлийн улмаас олигтой тоглолт үзүүлээгүй Эдэн Азар энэ удаагийн тэмцээнд арай өөр үүрэг Бельгид гүйцэтгэж байна. Илүү хамгаалалтад тусалсан, бөмбөггүй тоглолт их хийсэн, бүтэн тоглолтын турш хөдөлмөрлөж, гүйсэн тоглолт хийж байгаа. Түүний энэ тоглолт сүүлд Португалын эсрэг хожиход чухал нөлөө үзүүлсэн.
Чих тавих тоглогч
Италийн шигшээ багийн гол баатруудын нэг болоод буй Спиннозола энэ удаад онцолж байна. Түүний хувьд Италийн шигшээ багийн зүүн жигүүрийн хамгаалалтад тоглож байгаа бөгөөд хамгаалалт, довтолгоонд аль алинд нь идэвхтэй сайн тоглолтуудаа хадгалсаар байгаа. Шөвгийн 16-ын шатанд нэмэлт цагт Австрийн шигшээг буулгаж авахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэж, эхний гоолын дамжуулалтыг өгсөн бөгөөд хэсгийн шатны эхний тоглолтод ч тоглолтын “баатар” болсон.
Түүнийг аль хэдийнэ Италийн төдийгүй Европын томоохон клубууд сонирхоод эхэлсэн. Хамгаалагч хүний хувьд дөрвөн тоглолтод оролцохдоо ердөө нэг л удаа зөрчил гаргасан гэдэг үнэхээр супер үзүүлэлт болоод байгаа. Өнөөдөр тэр Бельгийн шигшээ багийн жигүүрийн авьяаслаг тоглогчдыг хэрхэн хамгаалахаас шалтгаалж энэ өдрийн хувь заяа шийдэгдэх нь дамжиггүй.
Тоглолтын тухай баримтууд:
- Хоёр баг том тэмцээний хасагдах шатанд анх удаа таарч тоглож байна.
- Тэд ЕВРО 2016-ийн хэсгийн шатанд тааран тоглож, италичууд 2-0 харьцаатай хожиж байсан.
- Бельгийн шигшээ сүүлийн 13 тоглолтдоо 11 хожиж, 2 тэнцэж, өрсөлдөгчийнхөө хаалганд 32 гоол оруулсан
- Бельги хамгийн сүүлд 2019 оны аравдугаар сард Английн багт ялагдал хүлээснээс хойш ялагдаагүй.
- Улаан чөтгөрүүд сүүлийн 34 тоглолтдоо бүгдэд нь гоол оруулсан. Хамгийн сүүлд 2018 оны ДАШТ-ий хагас шигшээд Францын эсрэг гоол оруулж чадаагүй.
- Италийн шигшээ дөрвөн ЕВРО дараалан шөвгийн наймд үлдээд байна.
- Аззуричууд өмнөх гурван ЕАШТ-ий шөвгийн наймын шатанд бүгдэд нь торгуулийн цохилт цохиж байсан.
- Италичууд 12 дараалан ялалт байгуулж, шигшээ багийнхаа түүхэн амжилтыг эвдээд байгаа.
- Итали 2018 оны 9-р сараас хойш 31 тоглолт хийхдээ нэг ч ялагдаагүй.
Холбоотой мэдээ