Цар тахлын аюул, сорил бэрхшээлийг монголчууд одоо л мэдэрч байна. Эрүүл мэндийн салбар нь ачааллаа дийлэхгүйд хүрч, эдийн засгийн гол хөшүүрэг экспорт тэг зогссон өдрүүд үргэлжилсээр. Гэхдээ бид хямрал, хүндрэлийг тоочиж нуршихаас илүүтэй давуу тал, боломжуудаа ч бас олж харах хэрэгтэй. Хоёр он дамжин үргэлжилж буй цар тахал уул уурхайн баялаг бидний “найдвар” биш болохыг харууллаа.
Худалдааны томоохон түнш Хятадын тал хилээ хааснаар Монгол “мөнгөгүй” болж байна. Зөвхөн экспортод түшиглэх биш, технологийн дэвшлийг ашиглан медиа салбарыг хөгжүүлбэл нүүрснээс илүү ашигтай, эдийн засагт үр өгөөжөө өгөх боломжтой. Энэ ч үүднээс Монголын медиа салбарынхан нэгдэж “ТэнГэрЛиг медиа групп” байгуулжээ.
Тус группийг төлөөлж “Монгол ТВ” телевизийн захирал Г.Бат-Эрдэнэ хэлэхдээ “ТэнГэрЛиг медиа групп” нь бусад медиа группээс ялгаатай нь нээлттэй хувьцаат компани. Өөрөөр хэлбэл, хэн ч компанийн эзэн болох боломжтой. Монголын медиа салбарын цөөн хэсэг нь эздийн гарт, тодорхой хэмжээнд хараат байдаг. Иймд эзнийг нь олон нийтээс хараат болгоё. Нам солигдоход дагаж өөрчлөгддөггүй, зөвхөн улс төрийн мэдээ хийдэггүй байх нь чухал.
Контентын ертөнц бол улс төрөөс маш том. Олон ангит кино, шоу нэвтрүүлэг, спорт зэрэг маш олон жанр байхад Монголын нийт контент үйлдвэрлэлийн гол хувь нь улс төрийн мэдээ, мэдээллүүд байгаа юм. Улс төрийн мэдээ мэдээлэл бэлтгэхэд хамгийн хямд, зардал багатай. Иймд медиа компаниуд нэгдэж, манай салбарт орж ирснээр бид илүү том төсөл, контент бүтээх боломжтой. Төслүүд нь ашигтай байх ёстой.
Ашигтай байхад салбарын уран бүтээлчдийн нийгмийн асуудал ч шийдэгдэнэ. Бид яагаад англи, солонгос хэл дээр контент бүтээж болохгүй гэж. Нэг томхон контентын ашиг 300 сая ам.долларын орлого олдог шүү дээ. Хэдийгээр хэвлэл мэдээллийн салбар жижиг боловч нүүрснээс илүү ашиг олох өдөр ирж магадгүй. Гэхдээ бид найдаад орхиж болохгүй, аль нэг газраас эхлэх ёстой. Өнөөдөр бүгдээрээ тооноос чанарт шилжье” гэлээ.
Олон нийтэд нээлттэй, анхны хувьцаат компани болох зорилготой “ТэнГэрЛиг медиа групп” нь “Монгол ТВ” телевиз, “Промедиа Нетворк” буюу VTV телевиз, “Unread Media” гэсэн гурван компанийн нэгдэл юм. Хэвлэл мэдээллийн салбарынхан контентоороо хоорондоо өрсөлдөж, дор бүрнээ довоо шарлуулах бус хамтарч, чанартай контент бүтээснээр үзэгчдэд хүлээлт үүсгэж, эргээд ашиг олох боломжтой.
Тус групп нь хэвлэл мэдээллийн салбарыг түүчээлэн Монголын хөрөнгийн зах зээлд хүч түрж байгаа нь бусад медиа группүүдээс ялгарч буй. ТэнГэрЛиг медиа группийн хувьцааг иргэд худалдан авах эрх нээлттэй юм.
“Ард санхүүгийн нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хэлэхдээ “Хэвлэл мэдээллийн салбар өөрөө ардчиллын баталгаа юм. Дөрөв дэх засаглал гэж нэрлэгддэг хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө баригдмал, улс төрийн нөлөөтэй, мэдээ нь төлбөртэй байх нь ардчиллыг гажуудуулах, үгээ хэлэх эрх чөлөөг үгүй болгох эрсдэл дагуулж байна гэж яригддаг. Тэгвэл “ТэнГэрЛиг медиа групп” Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа зарснаар ажилтнууд нь ажлынхаа үр шимийг авч, олон нийт ажилтанд хяналт тавих, хөрөнгө оруулалтын санхүүжилт нь ил тод болох, хараат бусаар асуудлыг олон талаас харуулах боломж бүрдэж байна” гэлээ.
Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайгийн хэлснээр, хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гарч байгаа аж. Хэвлэл мэдээллийн салбарт ч бас олон нийтийн хувьцаат компани гэдгээрээ шинэлэг болохыг онцлов.
Холбоотой мэдээ