Төсвийн орлого төлөвлөснөөс дутуу биелэлттэй байна | News.MN

Төсвийн орлого төлөвлөснөөс дутуу биелэлттэй байна

Төсвийн орлого төлөвлөснөөс дутуу биелэлттэй байна

Төсвийн орлого төлөвлөснөөс дутуу биелэлттэй байна

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.02) 12 цаг 28 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтсон тухай дэд хорооны дарга Б.Пүрэвдорж танилцуулав.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хийв.

Монгол Улсын Засгийн газар 2020 онд ”Цахим ил, тод, үр ашигтай байх” төсвийн бодлогоо хэрэгжүүлэхдээ 8 зорилт дэвшүүлэн ажиллажээ. Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламж 10 их наяд 444.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 438.8 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламж 9 их наяд 463.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 420.7 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Төсвийн орлого төлөвлөснөөс дутуу биелэлттэй байгаа нь Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын улмаас  уул уурхай, барилга, худалдаа, үйлчилгээний салбаруудын орлого буурснаас шалтгаалжээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл 13 их наяд 904.3 тэрбум төгрөг буюу 91.9 хувийн гүйцэтгэл гарсан нь урсгал зарлагыг 740.1 тэрбум, хөрөнгийн зардлыг 479.7 тэрбум, эргэж төлөгдөх цэвэр зээлийг 13.2 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 5 их наяд 252.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 4 их наяд 440.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ нь ДНБ-ний 12 хувьтай тэнцүү байна.

Аудитаар улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн бодит гүйцэтгэл 78.4 хувьтай дүгнэгдсэн буюу 237.3 тэрбум төгрөгний гүйцэтгэл хийгдээгүй үлдсэн байна. Улсын төсвөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд төсөвт өртөг нэмэгддэг, хэрэгжилт удааширдаг, үр ашиггүй зардал гардаг дутагдалууд нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй бүрэн нийцүүлээгүй, салбарын түвшинд төлөвлөөгүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй зарим төсөл, арга хэмжээг тусгасантай холбоотой байна. Төсөв санхүүгийн сахилга хариуцлага сул, хяналтын тогтолцоо бүрэн төлөвшиж чадахгүй байгаагаас улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд баримтлах хууль тогтоомж зөрчигдөж байгааг анхаарах шаардлагатай байна.

Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар:

Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 56 Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийт 6890 санхүүгийн тайланг нэгтгэсэн байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Зөрчилгүй 40, Хязгаарлалттай 16-н дүгнэлт өгсөн болно. Засгийн газрын 2020 санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө. Аудитаар Улсын Их Хуралд нийт 7 асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 14, Сангийн сайдад 11, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт 4 зөвлөмж тус тус өгч аудитын тайланд тусгасан болно гэлээ.

Дэд хорооны дарга Б.Пүрэвдорж Улсын Их Хурлын Байнгын хороод "Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн тухай санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлж, тус дэд хороо эдгээр санал, дүгнэлтийг хэлэлцэн нэгтгэн гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулдаг тухай танилцуулав.

Улсын Их Хурлын 11 Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссонд тооцсон тухай тогтож, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, дэд хорооны дарга Б.Пүрэвдорж нар Ажлын хэсгээс асуулт асууж, тодруулга авсан. Тухайлбал, ковид-19 цар тахлын үед урсгал зардал харьцангүй багассан, тухайлбал сургууль, цэцэрлэг ажиллаагүй тул боловсролын салбарт төсөвлөгдсөн хөрөнгө юунд зарцуулагдсан талаар тодруулав. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт хийсэн тайлбартаа, хүүхдийн 100 мянган төгрөг, ноолуурын урамшуулалд ихэнх төсөв хувиарлагдсан. Үүнд, боловсролын салбараас хэмнэгдсэн 34 тэрбум төгрөг хүүхдийн 100 мянган төгрөгт зарцуулагдсан гэв.

Ингээд “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах тухай санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдээгүй. Дэд хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Төслийн танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийв. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад цар тахлын дэгдэлт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх, хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч, төсвийн орлогод сөргөөр нөлөөлж байна. Иймд төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах ба хэмнэгдсэн зардлыг (КОВИД-19) цар тахлын хариу арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан дэд хорооны дарга Б.Пүрэвдорж, Ирээдүйн өв санд хэдэн төгрөг хуримтлагдсан талаар тодруулав. Нийт тогтворжуулалтын сангийн орлого нэмэгдснээр Ирээдүйн өв санд хувиарлагдах орлого буурсан үзүүлэлттэй харагдаж байна гэсэн тайлбарыг Ажлын хэсгээс хийв.

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж Ирээдүйн өв санд хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, өөрөө ахлах болсныг мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан ирэх Ажлын хэсгийн гишүүд Сангийн яаманд ажиллаж, Ирээдүйн өв санд бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгах шаардлагатай болсон тул Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдааныг түр хойшлуулсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж