Preview: Сенсацийн эздийн эсрэг ялагдашгүй Армада

Хуучирсан мэдээ: 2021.07.02-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Preview: Сенсацийн эздийн эсрэг ялагдашгүй Армада

Preview: Сенсацийн эздийн эсрэг ялагдашгүй Армада

Евро-2020 тэмцээний шөвгийн наймын эхний тоглолт өнөөдөр (2021.07.02) шөнө 00.00 цагаас Санкт Петербург хотын цэнгэлдэх хүрээлэнд Швейцарь-Испанийн шигшээ багуудын тоглолтоор эхэлнэ. Одоогоор тэмцээний хамгийн том хэргийг тариад буй Швейцарийн шигшээ баг хүчирхэг Испанийн эсрэг тулах гэж байна. Тэд шөвгийн 16-д тэмцээний гол фаворит байсан Францын шигшээг мулталсан билээ. 

Испанийн шигшээ баг ч шөвгийн 16-д Хорватын шигшээ багтай ширүүн өрсөлдөөн үзүүлсэний эцэст 5-3 харьцаатай хожиж, шөвгийн найм руу шалгарч байгаа юм. Хоёр баг хоёулаа өмнөх тоглолтод гурваас гоол оруулсан нь өнөөдөр гоол арвинтай тоглолт болохыг илтгэж байна. 

Хоёр багийн аль хожсон нь шөвгийн дөрөвт Итали-Бельгийн шигшээ багийн хожсонтой нүүр тулна. Таамаг эвдсээр яваа Швейцарийн шигшээ дахин гэнэтийн бэлэг барьж, хүчирхэг Испанийг хожих уу, эсвэл швейцарьчуудын хандыг дарж, Испани дараагийн шатанд шалгарах уу гэдэг сонирхолтой. 

Испаничуудын довтолгоо онц сайн байгаа ч өнгөрсөн тоглолтод хаалгандаа гурван гоол алдсан нь хамгаалалт асуудалтай байгааг харуулсан. Довтолж эхэлсэн үедээ тоглолтын удирдлагыг гартаа авч байсан бол хамгаалж байгаа нөхцөлд эсрэг баг нь амархан хаалга руу довтолж байлаа. 

Испанийн хувьд өмнөх тоглолтоор 26 тоглогчийн нөөц ямар хүчтэй байгааг харуулсан. Гарааны бүрэлдэхүүнд олон өөрчлөлт гарсан ч өмнөх гарааны бүрэлдэхүүнээс чанарын хувьд ялгагдахгүй байсан. Багийн ахлагч Сэрхио Бүскэтс мөн эргэн ирснээр төвийн шугамын зохион байгуулалтыг сайжруулж байна.

Довтолгоонд Херард Морэно, Мората нарыг цуг гаргах нь тийм ч үр дүнтэй байгаагүй тул Пабло Сарабиа, Фэрран Торрэс нарыг гаргасан. Магадгүй энэ тоглолтод түүнийгээ давтаж болох юм. Өнгөрсөн тоглолтод мундаг тоглолт үзүүлсэн Дани Олмог дахин сэлгээнээс ашиглана гэж таамаглаж байна. Хамгаалалтын хувьд Хосэ Гаяа сэлгээ рүү шилжиж, Хорди Алба эргэн гараанд гарах байх.

Нөгөө талаас Швейцарийн шигшээ багаас Гранат Шака хуудасны торгуулийн улмаас өнөөдрийн тоглолтод оролцох боломжгүй болсон. Багт олон жилийг гараанд өнгөрүүлсэн, төвийн хагасыг удирдаж тоглодог гол тоглогч нь байхгүй байна гэдэг тэдний хувьд тун муу мэдээ. Магадгүй Испанийн эсрэг ялалт байгуулах магадлалыг хэд дахин бууруулах зүйл болж байна. Түүнийг орлож, дундын шугамд Денис Закариа гарах төлөвтэй байна. Өөр ямар нэгэн шалтгааны улмаас тоглолт өнжих тоглогч байхгүй. Тэдний довтолгоо аюултай байгааг Францын эсрэг хийсэн тоглолт харуулсан. Довтолгооны шугамыг Жердан Шакири, Брийл Емболо, Сеферович нар бүрдүүлэхээр байгаа. Олон жил шигшээдээ тоглож байгаа тус тамирчдын хувьд Шакагийн эзгүйд төгс тоглолт үзүүлэх шаардлагатай. 

Онцлох тоглогч:

Швейцарийн шигшээ баг зохион байгуулалт өндөртэй тоглодог ч бусад дундаж багууд шигээ хамгаалалт зонхилсон баг биш. Довтолгоонд идэвхтэй тоглож, ур чадвар өндөртэй тамирчдаараа чухал мөчүүдэд гоолдож чаддаг. Тэд өмнөх 4 тоглолтдоо нийт багаараа 7 гоол оруулсан бөгөөд үүний гурвыг нь Харис Сеферович шигтгэсэн юм. 

Хасагдах ч аюултай байсан чухал тоглолтод хоёр ч гоол оруулж аль хэдийнэ багийнхаа итгэл найдвар, амин сүнс болоод байна. 

Харин нөгөө талд форм өндөртэй байгаа Ферран Торресыг онцолж байна. Испанийн шигшээ багийн хувьд мөн адил довтолгоо сайтай байгаа бөгөөд сүүлийн хоёр тоглолтдоо 10 гоол оруулсан гэх аймшигтай стат үзүүлээд байна. Үүний гол түлхүүр мэдээж Ферран Торрес юм. Довтолгоо, багийн найруулга тал дээр маш сайн үр нөлөө үзүүлж байгаа бөгөөд өмнөх улиралд премьер лигт Манчестер сити багийн өмнөөс долоон гоол оруулаад амжсан юм. Торрес ээлжит сайн тоглолтоо гаргавал тоглолтын үр дүн Испаний ялалтаар дуусах магадлалтай.

Чих тавих тоглогч:

Хасагдах шатанд төдийлөн харагдаагүй ч хэсгийн тоглолтод гялалзсан Жердан Шакириг Швейцарийн ард түмэн битүүхэн чих тавин хүлээж буй нь гарцаагүй. Тэрбээр Туркийн эсрэг тоглолтод дубль хийгээд амжсан бөгөөд багийнхаа довтолгооны гол хүч нь болоод байна. Өдгөө 29 настай тэрбээр Английн Ливерпүүл клубын тоглогч гэдгээр хөлбөмбөг сонирхогчид андахгүй байх. Өнөө шөнө довтолгоонд хэр сайн оролцохоос шалтгаалж Швейцарийн багийн ирээдүй шийдэгдэж ч болох юм.

Тоглолтын статистик:

  • Хоёр баг түүхэндээ анх удаагаа Европын аваргад учраа таарч байгаа нь энэ. Тэд өмнө нь тэмцээнд буюу Дэлхийн Аваргад гурван удаа таарч тоглож байжээ. 
  • Хоёр баг түүхэндээ бүх тэмцээний хүрээнд 22 удаа учраа таарч тоглож байсан. Испани ердөө ганцхан удаа Швейцарийн шигшээ багт хожигдож байжээ.
  • Швейцарийн шигшээ баг түүхэндээ анх удаагаа Европын Аваргын шөвгийн наймт шалгараад байна.
  • Испани улсын шигшээ баг бол Европын Аваргын түүхэнд хоёр тоглолт дараалан 5+ гоол оруулсан анхны баг.
  • Швейцарийн шигшээ баг Европын Аваргын сүүлийн хоёр тоглолтдоо тус бүр 3+ гоол оруулаад байгаа аж.
  • Швейцарийн шигшээ багийн довтлогч Харис Сеферович Европын Аваргын сүүлийн хоёр тоглолтдоо 3 гоол оруулаад байна.

Newmeta - М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж