УИХ-ын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2021.07.02-нд нийтлэгдсэн

УИХ-ын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг өргөн барив

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг,  Х.Булгантуяа, Г.Дамдинням, Н.Наранбаатар, С.Одонтуяа нар өнөөдөр (2021.07.02) Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хуулийн төслийг дээрх нэр бүхий гишүүдээс гадна Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, Н.Энхболд нар хамтран санаачилжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах, хууль тогтоолын биелэлтийг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд тавих Улсын Их Хурлын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлж, хянан шалгах арга хэрэгсэл, үйл явцыг нарийвчлах зохицуулалтыг тодорхойлсон. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн улсын төсөв, төсвийн гүйцэтгэлийг батлахдаа Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д нийцэж байгаа эсэх, тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцэхдээ зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн хэдэн хувьд хүрсэн, хоорондын уялдаа холбоо хэрхэн хангагдаж байгааг тайлагнах тайлагналтын нэгдсэн систем бий болгох, парламентын хяналт шалгалтад хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллага, хөндлөнгийн шинжээч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн хараат бус байдлыг сайжруулах, хараат бус, бодит мэдээлэлд тулгуурлах, авлига, ашиг сонирхол, хүнд суртлаас ангид, хариуцлагатай гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд хариуцлага, сахилгыг бэхжүүлэх хэрэгцээ, шаардлага бий болсон. Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог…” байгуулах замаар хууль тогтоомжийн биелэлтийг хангах эрх зүйн үндсийг тогтоосон. Эдгээр хэрэгцээ, шаардлагыг харгалзан Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулжээ.

2017 онд Олон улсын парламентын холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран дэлхийн 150 гаруй орнуудын парламент болон парламентын гишүүдийн дунд парламентын хяналтын асуудлаар судалгаа явуулж “Дэлхийн парламентын тайлан-2017: Парламентын хяналт ба Парламентаас Засгийн газрыг хянах чадамж” сэдэвт тайлан, судалгаанд оролцсон орнуудын сайн туршлагад тулгуурлан Олон улсын парламентын холбооноос парламентын хяналтыг боловсронгуй болгох чиглэлээр гаргасан зөвлөмж, түүнчлэн парламентын хяналтын эрх зүйн орчин, тогтолцооны талаарх бусад орны туршлага, дэлхий нийтийн парламентын хяналтын тогтолцоо, эрх зүйн орчны жишгийг харьцуулан судалж, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улсын Их Хурлын хуулийн биелэлтэд хяналт тавих онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд тулгамдаж байсан асуудлыг хууль, эрх зүйн орчин болон практикт тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй хамтатган судалсны үндсэн дээр долоон бүлэг, 60 зүйлтэй хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодитой, үр нөлөөтэй хянах,  төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангаж, Улсын Их Хуралд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэх, хууль тогтоох байгууллагын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих тогтолцоо, механизмыг уялдуулан системчлэх, сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Түүнчлэн Үндсэн хуулиар хуваарилсан төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцэл хангагдаж, Засгийн газрын хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааны хариуцлага нэмэгдэж, хууль тогтоомжийн чанар, хэрэгжилт сайжирснаар нийгэм, хууль зүйн эерэг үр дагавар бий болох аж.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл боловсруулахтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Нийтийн сонсголын тухай, Төсвийн тухай, Зөрчлийн тухай болон хуульд холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж