Чуулган: Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.07.02-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдлаа

УИХ-ын чуулганы хуралдаан

УИХ-ын чуулганы хуралдаан

Posted by News.mn on Friday, July 2, 2021

23 : 16
2021-7-2

Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

19 : 17
2021-7-2

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг хэлэлцэж байна

Чуулганы хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг хэлэлцэж байна. Тодруулбал,

  1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг;
  2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг;
  3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг;
  4. Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг;
  5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг;
  6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг;
  7. Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг;
  8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг;
  9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг;
  10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Ганхуягийг
  11. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэнг;
  12. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг;
  13. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдавааг;
  14. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаярыг;
  15. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг;
  16. Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийи Баатаржавыг;
  17. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг;
  18. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг;
  19. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг;
  20. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг;
  21. Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг;
  22. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг;
  23. Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүхийг;
  24. Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаярыг Элчин сайдаар томилох саналыг  хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Элчин сайд нарын ажил үйлсийг бид эдийн засгийн бодит өсөлтийг хэрхэн бий болгов, ДНБ-ийг нэмэгдүүлснээр нь дүгнэх зүйтэй гэж үзэж байна. Хариуцлага ярьдаг байя. Тухайн Элчин сайд нарыг Монгол Улсад татсан хөрөнгө оруулалт, шинэ төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийг хэрхэн дэмжсэн байдлаар нь дүгнэдэг болох шаардлага байгаа. Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Элчин сайд нарыг үүрэг юм. Бодит байдалд гадаад валют олох хэмжээний аж ахуйн нэгж компаниуд төдийлөн олон биш байна. Санаачилгатай, хариуцлагатай, гүйцэтгэлтэй ажиллаарай.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Дэлхий нийтэд цар тахлын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг Байгаль орны олон тулгамдаж буй асуудал бий. Эдгээрийн сөрөг үр дагаврыг бууруулах, арилгах зэргээр дэлхийн улс орнууд хамтран ажиллаж, шинэ шийдлүүдийг хэрэгжүүлж байгааг нэр дэвшигчид мэдэж байгаа байх.

Өнөөгийн олон улсын харилцаа улам ээдрээтэй болж байгаа энэ үед олон талын мэдлэг туршлагатай, харилцааны өндөр ур чадвартай хүмүүсээ нэр дэвшүүлж байгаа гэж ойлгож байна. Цаашдаа Элчин сайдуудыг томилохдоо тусгай мэргэшсэн, дипломатуудаа мерит зарчмаар томилохыг хүсч байна.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Гадаад бодлогын асуудалд маш их алдаа гарч байсан. Элчин сайд нарын ажлыг жилд нэг удаа сонсч тайлан авах хэрэгтэй. Энэ асуудалд ЕТГ гэсэн анхаарах нь зүйтэй. Элчин сайдын яамд ажиллаж байгаа зарим хүмүүс хар тамхи, хэрэгт төвөгт орсон гэх мэдээлэл бий. Тиймээс шинээр томилогдох Элчин cайд нар энэ асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа Элчин сайдын яаманд ажиллаж буй хүмүүст өндөр шаардлага тавих нь чухал.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Монгол Улсын гадаад харилцааг эдийн засаглуулах чиглэлээр их ярьдаг ч төдийлөн дээрддэггүй. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хоёр талын бизнес уулзалтуудыг идэвхтэй олон талт байдлаар үр ашигтай зохион байгуулж, улс орны гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах тал дээр онцгой анхаараарай.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Одоо орж ирж буй жуулчдын тоог хараарай. Та нар амралт, зугаалгад яваагүйг алхам бүрт санаж яваарай. Засгийн газар ядарснаа хайрладаг төр байхаа зарласан. Гадаадад буй монголчууд бүгдээрээ сайхан амьдралтай гэж бодохгүй байна. Тэд хамаг хүнд хүчир ажил хийж олсон төгрөгөө эх орондоо татваргүй хөрөнгө оруулдаг гавьяатай хүмүүс юм. Энэ хүмүүсийн сэтгэлийг дэвтээх газар бол Элчин сайдын яам байдаг. Эргээд очих эх оронтой шүү гэдгийг сануулж байгаарай. БСШЯ-тай хамтран ажиллахыг хүсч байна. Гадаадад суугаа хүүхдүүдийг эх хэл, соёлоо мартахгүй байх тал дээр анхаараарай.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Ихэнх нь таньдаг хүмүүс байна. Хоёр хүнийг дэмжихгүй эсрэг санал өгч байна. 50:50 гэдэг пропорцыг барьж ажилламаар байна. Элчин сайдын ажил дипломат ажил биш шүү дээ. Жендерийн асуудлыг бодолцооч ээ. Гуравхан эмэгтэй байна. Нэг орноос нөгөө орон руу царцаа шиг нүүгээд явахаа болимоор байна. Дээрх 24-өөс Р.Алтангэрэл, У.Нямхүүг дэмжихгүй байна. 50 хувь нь гадаад яамнаас 50 хувийг нь бизнес, соёл гээд бусад салбараас Элчин сайдаар томилох хэрэгтэй. Одоогийн оруулж ирсэн 24 хүний 13 нь гадаад яамнаас 11 нь гаднаас гэхээр үндсэндээ дээрх зарчмыг биелүүлж байна. Цаашид энэ зарчмаа алдаж болохгүй.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Томилгооны шалгуур боломжийн болсон гэдэг үнэлгээ өгч буйд урам орж байна. Өнгөрсөн жилүүдийн олон томилгооны алдааг давтахгүй байхыг хичээж байна. Цаашдаа илүү нямбай, шалгуурыг нарийн болгох зорилготой байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Элчингээр томилогдож буй хүмүүс энэ танхимаас гараад явбал та бүхнийг Монгол Улс гэж гаднынхан төсөөлнө. Тухайн улсын хэл соёл маш чухал. Тийм болохоор дээрх 24 хүн бүр 15 секундэд багтаагаад тухайн орны хэлээр өөрийгөө танилцуулаач ээ. Гадаад яамны олон хүн гомдолтой байна. Засгийн газрын цөөн яам мерит зарчмыг барьж ажилладаг. Ц.Мөнх-Оргил гишүүнтэй санал нэг байна. Р.Алтангэрэл гэж хүнийг би мэдэхгүй. Монголдоо ирэхгүйгээр Швейцарьт томилогдох нь зөв үү. У.Нямхүү гэх хүнийг бас танихгүй. Тэр хүн мэргэжилтэн болоод шууд төрийн нарийн болно гэвэл жишээ нь Сангийн яаманд ажил хийх хүн олдохгүй. Төрийн алба гэдэг өндөр цалинтай биш. Энэ хүн дээр эргэлзэж байна. Ө.Батбаяр гэх хүнийг хувьдаа дэмжиж байгаа ч маш олон хүн асууж байгаа. Тухайлбал, Монгол Улсын хувьд гуравдагч хөр орон маш чухал байдаг. Ө.Батбаярт АНУ-ын тэд хүндэтгэлтэй хүлээж авах уу гэдэгт хариулт авмаар байна.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар: Элчин сайд нарыг Үндсэн хууль болон холбогдох хуульд зааснаар томилдог дэг жаяг бий. Элчин сайдыг холбогдох яам нь санал болгоод, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхийлөгчид энэ асуудал ирдэг. Энэ дагуу Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж байгаа. УИХ томилж байгаа юм биш. Р.Алтангэрэл, У.Нямхүү нар нь зохих шаардлагыг хангасан. Р.Нямхүү гэхэд 40 настай, дипломат албанд 11 жил ажиллаж байгаа. Холбогдох шат шатны байгууллагуудад ажилласан хүн учраас салбарын яам нь оруулж ирж байгаа. Р.Алтангэрэлийн хувьд манай урдаа барьдаг ажилтан" гэлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Гадаад яамны газрын захирал нарын 30 хувь нь эмэгтэй, хэлтсийн дарга нарын 80 хувь нь эмэгтэй. Элчин сайдад таван газрын захирал эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Түрүүн хэлсэнчлэн гадаад харилцааны яам ганцаараа эцсийн шийдвэр гаргадаггүй. Эмэгтэйчүүдийн манлайллыг маш их дэмждэг. Цаашид Элчин сайдын томилгоонд эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Үүcсэн нөхцөл байдал болох дөрвөн захирал, нэг дэд захирлын бичсэн зүйлийн хувьд тухайн хүмүүст Лаос, Киргиз, Казахстан, Энэтхэг зэрэг орныг санал болгосон. Өөрсдөө Сингапур болон Европын орнуудыг хэлээд, миний санал болгосон орнуудаас татгалзсан. Тиймээс эдгээр оронд өнөөдөр нэр нь орж ирж байгаа эрэгтэй захирлууд Элчин сайдаар суухаар болсон.

15 : 26
2021-7-2

Өршөөлийн тухай хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өршөөлийн тухай хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өршөөлийн тухай хууль ялангуяа шоронд ял эдэлж байгаа хүмүүстэй холбоотой нэлээн асуудал гардаг. Энэ өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэх горимын санал гаргаж байна.

15 : 22
2021-7-2

"Засгийн газар бодлогогүй шийдвэр гаргадгаа болимоор байна"

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болж байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хуулийн танилцуулгыг хийв.

УИХ-ын гишүүн Ц.Туваан энэ үеэр “Цар тахлын нөхцөл байдлыг ойлгож байна. Цар тахлын хуулийн хугацааг сунгаснаар бүх эрх мэдлийг Засгийн газарт өгчихсөн. Шийдэж буй асуудлыг харахаар иргэдээ хуваасан, “хуудуутай" шийдвэр гаргаж байна.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг хийнэ гэж шийдвэр гаргаад явуулж байгаад цуцалчихлаа. Талбай дээр залуус жагсаж байна. Үүнийг буруутгахгүй. Энд гарсан хохирлыг хэн хариуцах вэ. Засгийн газар бодлогогүй шийдвэр гаргадгаа болимоор байна" гэлээ.

Ийнхүү дээрх хууль эцэслэн батлагдаж, жил бүрийн тавдугаар сарын аль нэг хагас бүтэн сайн өдөр Үндэсний номын яармаг гарч, Үндэсний бичиг соёлоо дээдлэх тэмдэглэх өдөртэй болж байгаа юм.

 

15 : 11
2021-7-2

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа. Засгийн газрын бүтцэд олон жилийн дараа Соёлын яамыг байгуулсан.

Уг хуулийг шинэчлэн баталж байгаа нь монгол өв соёлоо хамгаалах, бүтээлчээр хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх замаар монгол бахархлыг сэргээн бадраах, улмаар монгол соёлын дархлааг бүрдүүлж, Монгол соёлоор дамжуулан дэлхийд сурталчлах төрийн бодлого хэрэгжиж байна.

15 : 06
2021-7-2

Кино урлагийн тухай хуультай боллоо

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Кино урлагийн тухай хуультай боллоо. Уг хуулийг 2011 онд санаачилж байжээ. Бодит ажил хэрэг болгосон нь Ё.Баатарбилэг гишүүн бөгөөд хуулийн төслийг өргөн барьсан.

Кино урлаг бол урлагийн томоохон салбар. Ийм учраас бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино гэдэг үг бий. Монгол Улсад кино урлагийн салбар үүсч хөгжөөд 90 гаруй жил болж байна. Монгол киногоо дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрийг дэмжих, эдийн засгийн хөгжилтэй уялдуулах нь чухал юм.

15 : 03
2021-7-2

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Хөдөлмөрийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн 23 хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Эрхэм гишүүд ээ. Энэ хууль маш чухал хууль юм. Хөдөлмөрийн харилцааг зохицуулсан энэ хуулийг 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, ажлын хэсэг гурван жилийн турш тасралтгүй ажиллалаа. Хөдөлмөрийн харилцаа, өнөөгийн онцлог, Монгол Улсын нийт ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулах хуулийг УИХ хэлэлцэн баталж байна.

Энэ хуулиар хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, цагаар ажиллах, гэрээсээ зайнаас ажиллах, уртын ээлжээр ажиллах, туслах малчны үүрэг гүйцэтгэх зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ зохицуулалт орсон. Цалин хөлсийг гүйцэтгэл бүтээмжтэйгээр нь уялдуулах, нарийн мэргэжлээр дагалдангаар сургах зэрэг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд энэ хууль чухал ач холбогдолтой болсон.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан хуулиуд:

  • Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хууль хүчингүй болсонд тухай хуулийн төсөл,
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль,
  • Мэргэжлийн боловсрол сургалтын тухай,
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль,
  • Төрийн албаны,
  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль,
  • Захиргааны ерөнхий хууль,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах,
  • Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль,
  • Дипломат албаны тухай,
  • Донорын тухай,
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль,
  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлаад байна.
15 : 03
2021-7-2

Өршөөлийн тухай хуулийг эцэслэн батална

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Friday, July 2, 2021

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг эцэслэн батлах юм.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Хүмүүс нэг зүйлийг ойлгохгүй байна. Надаас та нар Их хуралд юу хийгээд суудаг юм бэ гэх мэтчилэн асуудаг. Өнөөдөр залуус “no naadam, yes naadam” хэмээн талбайн гадаа жагсч байна. Иргэдийн хооронд зөрчил үүсэх сонин байдал үүсч байна. Үүнд Засгийн газраас маш хурдан шийдвэр гаргаж, нэг талдаа гармаар байгаа юм. Хэрвээ Засгийн газар шийдвэр гаргадаггүй юм бол Их хуралд тогтоол гаргая гэсэн горимын санал гаргая. Иргэдэд нэгдсэн мэдээлэл өгч, эмийн үлгэрчлэл гаргаж өгье.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Цар тахлын нөхцөл байдал хүнд, шинэ хувилбарууд илэрч байна. Н.Алтанхуяг гишүүний хувьд УИХ-аас цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг энэ оныг дуустал сунгасан. Энэ хуулийн зохицуулалтаар баяр ёслолын өдрүүдийг зохицуулах эрхийг цар тахалтай уялдуулаад зохион байгуулах эрхийг Засгийн газарт өгсөн.

Хууль ердийн журмаар батлагдсан. ЕТГ хориг тавихгүй гэж урьдчилсан байдлаар ойлголцсон учраас зургадугаар сарын 30-наас үргэлжлээд явж байна. Энэ зохицуулалтын үүднээс Засгийн газар наадмыг хойшлуулсан гэж ойлгосон.

14 : 42
2021-7-2

УИХ-ын чуулган хуралдана

УИХ-ын Хаврын ээлжит чуулганы 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.

14.00 цагаас:

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн  мэдүүлсэн, эцэслэн батлах/;
  • Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/;
  • Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/;
  • Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/;
  • Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 3 гишүүн 2020.09.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 3 гишүүн 2020.09.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/;
  • “Томилгооны сонсголын журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2021.07.01-ний өдөр ирүүлсэн/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалт, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар”.

18.00 цагаас:

Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж