Байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ | News.MN

Байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.02) хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан.

Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа.

Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яамны удирдлага, холбогдох албан тушаалтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ аудитын дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авдаг эсэхийг, Б.Чойжилсүрэн гишүүн он дамнасан төлөвлөлттэй, ажлууд нь үргэлжилж байгаа ч 2020 онд санхүүжилт төлөвлөгдөөгүй ажил нь явагдаагүй бүтээн байгуулалтуудын талаарх мэдээллийг тодруулж, хариулт авав. Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзлээ. Ийнхүү Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Засгийн газраас өнгөрсөн сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх Байнгын хороодод шилжүүлсэн юм.

Төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав. Цар тахлын дэгдэлт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх, хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч, төсвийн орлогод сөргөөр нөлөөлж эхэлснийг дурдсан. Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс нийт 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлэн олгоход 618.9 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг даргын  нөөц санг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна. Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтыг 60 тэрбум төгрөгөөр бууруулснаар нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах ба хэмнэгдсэн зардлыг (КОВИД-19) цар тахлын хариу арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.

Бодлогын дээрх арга хэмжээний үр дүнд Монгол Улсын нэгдсэн 2021 оны нэгдсэн төсвийн нийт орлого 13,7 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 15,7 их наяд төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 3,7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэх юм байна.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авч, хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж