Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрийн талаар мэдээлж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Эрүүл мэндийн яам болон УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс энэ удаа "Үндэсний баяр наадам тэмдэглэвэл 12 мянган хүний бөөгнөрөл үүсч, 3000 орчим хүн халдвар авах магадлалтай байна" гэх судалгааг танилцуулсан. Тиймээс УОК өчигдөр баяр наадмыг хойшлуулах, эсхүл цуцлах шийдвэрийг Засгийн газарт оруулж ирсэн учраас өнөөдөр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан.
Баяр наадамд зарцуулах 2.5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдэж байна. Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас Алтанбулаг боомтоор зорчих тээврийн урсгалыг долдугаар сарын 7-ноос 31-ний өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа. Дэлхий дахинд мутацид орсон вирус хурдтай тархаж байгаа учраас дээрх хязгаарлалтыг хийлээ. Харин ачаа тээврийн урсгал хэвийн үргэлжилнэ” гэлээ.
"ДЕЛЬТА ВИРУС НЬ ИЛҮҮ ХОРУУ ЧАНАРТАЙ БӨГӨӨД МАШ ХУРДАЦТАЙ ТАРХДАГ"
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Дэлхий дахинд нөхцөл байдал хүнд байна. "Дельта" вирус нь илүү хоруу чанартай бөгөөд маш хурдацтай тархдаг. Ялангуяа маш богино хугацаанд хүндэрч, вакцины үр дүнг бууруулж байна гэх олон улсын судалгаа гарсан. Тиймээс дэлхийн улс орнууд гурав дахь тунг хийлгээд эхэллээ. "Дельта" вирусийн тархалт эрчимжиж байгаа учраас зарим улс орнууд гурав дахь тунгаа хийгээд эхэлсэн. Өчигдөр Турк улс гурав дахь тунгаа хийж эхэлсэн бол өнөөдрөөс ОХУ хийж эхэллээ. Өмнө нь гурав дахь тунг зургаан сараас жилийн дараа хийж эхэлнэ гэж зарлаж байсан бол дэлхий даяар нөхцөл байдал хүндэрч байгаа учраас хариу арга хэмжээг хурдан авч байна.
"Дельта" вирус Монгол Улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал. Бид судалгааны ажил хийж байна. Мутацилагдсан вирусийн судалгааны ажлыг хийхдээ сорьц бүрийг хадгалж, PCR шинжилгээн дээр суурилсан вариантуудыг тодорхойлдог. 4, 6 сарын сорьцуудад "Альфа" хувилбар ихэнх хувийг эзэлсэн учраас шинжилгээнүүдийг баталгаажуулахаар Япон улс руу 50 сорьцыг явуулсан. Ингэхэд мөн адил "Альфа" хувилбар илэрсэн. Харин тавдугаар сарын эхэн үед гадаад улсаас Монголд ирсэн таван хүний сорьцоос "Дельта" вирус илэрсэн. Дээрх хүмүүс тусгаарлалтад байсан учраас эмчилгээ хийлгээд эдгээд гарсан. Нийгэмд тархаагүй” гэлээ.
Соёлын сайд Ч.Номин “Наадмын урьдчилсан бэлтгэл ажлын хүрээнд халдвар хамгааллын дэглэмээ бариад контентоо бэлтгээд явж байсан. Наадмын нээлт, хаалтын соёл урлагийн арга хэмжээнүүд өчигдрийг хүртэл хийсэн. Үүнийгээ үзэгчдэд наадмын өдрүүдээр хүргэнэ. Одоогийн байдлаар хэдэн төгрөг зарлагдсан гэх нарийн тооцоо нь гараагүй байна. Энэ нь нийслэлийн төсөв дээр тавигдаад явдаг” гэлээ.
Баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд хэдий хэмжээний төсөв зарцуулагдаад байгааг нэгтгэж, олон нийтэд хүргэх болно хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдэгдэв.
Төв талбайд цар тахлын хүнд үед жил гаруйн хугацаанд халдварын голомтод ажилласан эмч нараас гадна нийт салбарын ажилчдын цалинг хоёр нэмэхийг шаардсан юм. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Энэ асуудлаар ЭМЯ Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоотой уулзаж, шалтгаануудыг тайлбарласан.Яг одоогоор эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэх асуудлыг судалж байна. Би эрүүл мэндийн салбарыг толгойлж байгаа хүний хувьд салбарынхаа ажилтнуудын цалинг нэмэх болон нийгмийн асуудлыг сайжруулах тал дээр өөрөөс шалтгаалах бүх ажлыг хийнэ. Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоотой ярьж, дахин Эрүүл мэндийн яаманд уулзалт товлосон. Тэр үед дэлгэрэнгүй мэдээлэл гарах болно.Ямартай ч энэ асуудалд Засгийг газар болон УИХ-д өөрийн зүгээс шалтгаалах бүх ажлыг хийнэ гэдгийг хэлье" гэсэн тайлбар өглөө.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Posted by News.mn on Thursday, July 1, 2021