Байнгын хороо: Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Хуучирсан мэдээ: 2021.07.02-нд нийтлэгдсэн

Байнгын хороо: Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Байнгын хороо: Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.02) 10 цаг 40 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн даргалсан.

Хуралдааны эхэнд "Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналтай гишүүн байгаагүй тул Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хийв.

Тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитйн газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн.

Тус Байнгын хорооны харьяа Төсвийн ерөнхийлөн захирагчдын нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын талаар товч танилцуулав. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 90 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 71 байгууллагад дүгнэлт гаргаж, 9 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан, 8 байгууллагад итгэл үзүүлж, 2 байгууллага аудитад хамрагдаагүй. Дүгнэлт гаргасан 71 байгууллагаас 64 байгууллагад “Зөрчилгүй”, 6 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгч, 1 байгууллагад Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 61 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 55 байгууллагад дүгнэлт гаргаж, 4 байгууллага аудитын түүвэрт хамруулан, 2 байгууллагад итгэл үзүүлсэн. Дүгнэлт гаргасан 55 байгууллагаас 46 байгууллагад “Зөрчилгүй”, 7 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Сөрөг”, 1 байгууллагад Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан гэв.

Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлага, холбогдох албан тушаалтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Г.Ганболд, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, тодруулга авсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухалбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен тайлант хугацаанд хөдөө, аж ахуйн чиглэлээр байгуулагдсан үйлдвэр байгаа эсэх талаар тодруулахад, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр барих ажил хийгдээгүй, аудитаар гараагүй гэсэн тайлбарыг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хийв. Ингээд "Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Төслийн танилцуулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хийв. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад цар тахлын дэгдэлт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх, хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч, төсвийн орлогод сөргөөр нөлөөлж байна. Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс нийт 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлэн олгоход 618.9 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг даргын  нөөц санг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна. Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах ба хэмнэгдсэн зардлыг (КОВИД-19) цар тахлын хариу арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Бодлогын дээрх арга хэмжээний үр дүнд Монгол Улсын нэгдсэн 2021 оны нэгдсэн төсвийн нийт орлого 13,731.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 15,748.3 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 3,691,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэх юм байна гэв.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж