PCR шинжилгээний хариу олгодог “ЭрүүлМН” систем өчигдөр (2021.07.01)-өөс ажиллахгүй болж байгааг “Гэрэгэ системс” ХХК мэдэгдсэн. Тодруулбал, "Гэрэгэ системс" компанийн хөгжүүлсэн “ЭрүүлМН” сайт төлбөрөө барагдуулаагүй тул хаагдаж, PCR шинжилгээ авах боломжгүйд хүрээд байсан юм. Энэ асуудалтай холбоотойгоор “Гэрэгэ системс” ХХК өнөөдөр дахин мэдэгдэл гаргажээ.
Тус компани ажлын хөлсөө авч чадаагүй байгаа хэдий ч "Иргэдийн эрүүл мэнд, амь нас, цар тахалтай тэмцэж буй эмч, ажилтнуудын хичээл зүтгэлийг үнэгүйдүүлэхгүйн тулд системээ хэвийн ажиллагаанд оруулахаар боллоо" гэсэн байна.
Төлбөр төлөөгүй гэх асуудлын талаар өчигдөр УОК-ын мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Eruul.Gerege системийг 2020 оны арванхоёрдугаар сараас ашиглаж эхэлсэн. УОК, ХӨСҮТ "Гэрэгэ систем"-тэй гурвалсан гэрээ хийж, энэ программ ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар программд ямар нэгэн асуудал үүсээгүй байна. Төлбөрийн асуудлыг шийдвэрлэж, систем хэвийн ажиллахаар болсон. Гэрээний дагуу хэвийн ажиллагаанд орж эхлэхээр системийн сайжруулалтаа хийгээд явж байна” гэсэн тайлбар өгсөн.
Ийнхүү долдугаар сарын 2-ны өдөр буюу өнөөдөр өглөөний 08:00 цагт “Гэрэгэ системс” ХХК төлбөрөө аваагүй ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсноор шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж эхэлжээ. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллаж, дараах байршлуудад шинжилгээ авч байна. Үүнд:
- Баянгол дүүрэг – 96 дугаар цэцэрлэг
- Сүхбаатар дүүрэг – 143 дугаар цэцэрлэг
- Чингэлтэй дүүрэг – 74 дүгээр цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг – Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол
- Сонгинохайрхан дүүрэг – 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
- Хан-Уул дүүрэг – Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд тус тус шинжилгээ авч буй юм.
Холбоотой мэдээ