Бэртэл гэмтлээс салахгүй байгаа Ёкозүна Хакүхо М.Даваажаргал ирэх Ням гаригт эхлэх нагоя башёд барилдах болсныг Мияагино дэвжээнээс мэдэгдлээ. Өдгөө 36 настай Хакүхогийн сүмогийн замнал эгзэгтэй үе дээрээ ирээд буй.
Тэрбээр сүүлийн зургаан башё дараалан өнжсөн. Хакухо өнгөрсөн гуравдугаар сарын башёд хоёр барилдаан хийснээсээ хойш өвдгөндөө бэртэл аван хагалгаанд орсон билээ. Тэрбээр өнгөрөгч тавдугаар сарын башёд барилдах боломжтой байсан ч илүү хүчтэй эргэн ирэлт хийхийн тулд өнжсөн юм.
Аваргын дэвжээний оякато Мияагино “Хакүхогийн хүсэл зориг унтраагүй. Хэрэв тэр бүхнээ зориулаад сайн зүйл тохиохгүй бол зодог тайлахад бэлэн байгаа байх гэж би бодож байна. Өөрөөс нь илүү Хакүхог сайн мэдэх хүн байхгүй шүү дээ. Тэр надад хэлэхдээ хөл нь өвдөхгүй байгаа гэсэн. Дэвжээн дээрээ ч сайн бэлтгэл хийж, сайн хөдөлсөн” гэжээ.
Хакүхо М.Даваажаргалын хувьд 2020 оны гуравдугаар сарын башёд 44 дэх түрүүгээ хүртэж, дээд амжилтаа шинэчлэн тогтоосноосоо хойш 15 өдрийн башёг бүтэн дуусгаагүй явна.
Хакүхо өвдгөндөө хагалгаа хийлгэснээс гадна Covid-19 аваад эдгэрсэн.
Энэ оны гуравдугаар сард Япон улсын иргэншил авсан Какүрюү М.Ананд тав дараалан башёг өнжсөнийхөө эцэст зодог тайлж буйгаа зарласан билээ.
Холбоотой мэдээ