Монгол Улсын гурван иргэнээс Covid-19 илэрсэн тул БНСУ-аас хилийн хязгаарлалт тогтоожээ. Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр, энэ сарын 1-нээс 7-ныг хүртэл Улаанбаатараас Сөүл рүү нислэг үйлдэхгүй юм байна.
Энэ талаар тус яамны Иргэний нисэхийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагаас тодруулахад “БНСУ-аас гурав болон түүнээс дээш зорчигчоос Covid-19 илэрвэл нислэгийг долоо хоног зогсоож, хилээ хязгаарладаг журамтай. Иймд зөвхөн Монголоос бус БНСУ-ын авиа компаниудад нислэг үйлдэхийг хориглодог.
Хэдийгээр Монгол Улсад Covid-19-ийн нөхцөл байдал хүндхэн байгаа ч амралтаараа наадмаа үзэж тэмдэглэхээр гадаадаас транзит нислэгээр ирэх зорчигчдын урсгал нэмэгдсэн. Тиймээс Инчёны нисэх буудалд гацсан иргэдээ татан авах хүсэлтийг Гадаад харилцааны яамнаас гаргасан. Тус улсаас Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх зөвшөөрөл өглөө. Харин Монголоос зорчигч хүлээн авахгүйгээ мэдэгдсэн” гэлээ.
Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, БНСУ-аас Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэх зөвшөөрлийг өчигдөр гаргажээ. “МИАТ” ТӨХК-ийн мэдээлснээр, өнгөрсөн сарын 11-нд Улаанбаатараас Сөүлд очсон иргэдээс Covid-19-ийн нэг тохиолдол, зургадугаар сарын 13-нд хоёр тохиолдол тус тус илэрчээ.
Монгол Улсаас хамгийн сүүлд буюу зургадугаар сарын 23-нд БНСУ-д очсон гурван иргэнээс Covid-19 илэрсэн тул БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу энэ сарын 2, 7-ны өдрийн нислэгийг цуцлах шийдвэр гаргажээ. Гэхдээ Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын нислэгт өөрчлөлт ороогүй байна. Тодруулбал, өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоц 19:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардна.