С.Мөнхбат аварга: Наадмаа их мөнгөгүйгээр хийх боломж байлаа

Хуучирсан мэдээ: 2021.07.02-нд нийтлэгдсэн

Ардын хувьсгалын 100 жил

С.Мөнхбат аварга: Наадмаа их мөнгөгүйгээр хийх боломж байлаа

С.Мөнхбат аварга: Наадмаа их мөнгөгүйгээр хийх боломж байлаа

Цахим наадмыг эсэргүүцсэн иргэд өчигдөр (2021.07.01) Сүхбаатарын талбай дээр жагсаал хийж, үүний улмаас УОК Үндэсний баяр наадмыг хойшлуулах санал гаргасан. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэж, цахим наадмыг хойшлуулах, эсвэл цуцлах эсэхийг эцэслэн шийдэх юм. Энэхүү мэдээг сонссон бөхчүүд эхнээсээ байр сууриа илэрхийлж эхэллээ.


Улсын аварга С.МӨНХБАТ:

-Монгол төр, Монгол ёс уламжлал, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг их мөнгө гаргахгүй хийх боломж байлаа. Бөхчүүдийнхээ халдвар хамгааллын дэглэмийг сахиулаад, Төв цэнгэлдэхэд нь барилдуулаад, морьдоо Хүй долоон худагт нь уралдуулаад, зохион байгуулалттай байсан бол төрийн энэ том үйл хэрэг, ёс уламжлал тасрахгүй байсан гэж би бодож байна. Гэвч маш олон хүн энийг мөнгөөр харж, буруу зохион байгуулалт хийлээ. Мэдээж өвчин зовлон, асуудал бий. Гэхдээ Монгол түмэн, бидний өвөг дээдэс энэ тусгаар тогтнолыг олохын тулд, энэ өв соёлыг бидэнд үлдээхийн тулд ямар их хүч хөдөлмөр, цус урсгасан бол оо. Энийг бас хүмүүс бодох хэрэгтэй байх. Хүнээс халамж хоол гуйдаггүй, өөрийн боломж бололцоо, хүсэл тэмүүллээрээ яваа олон мянган уяач, бөх, харваач бий.

Улсын аварга Н.БАТСУУРЬ:

-Бөх болох гэж байгаа залуучууд л харамсалтай байна. Бүтэн жилийн турш хөлс хөдөлмөрөө зориулж байхад найм, ес хоногийн гэнэт ийм шийдвэр гарч байгаад харамсч байна. Тэртээ тэргүй хийчихсэн наадмын бичлэгээ наадмын өглөө зурагтаар цацна гэсэн шүү дээ.

Улсын аварга О.БАЛЖИННЯМ:

-100 жилийн ойгоор Монгол түмний дархлаа болсон наадмыг маш өндөр хяналт дор хийвэл болохгүй зүйл байхгүй л болов уу. Төр засгийнхаа шийдвэрийг дагана. Бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөр л хайран байна даа.

Улсын арслан Х.МӨНХБААТАР:

-Монгол төрийн наадам тавчикан дээр дээл өмссөн хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгараад цуцлагдаж болохгүй. Нөхцөл байдлыг уяачид, бөхчүүд, харваачид маань бүгд ойлгож байгаа. Заавал нээлт, хаалт гэж нүсэр зүйл хийх хэрэггүй байх. Сайхан цэнгэлдэхдээ бөхөө барилдуулаад, Хүй долоон худагтаа морио уралдуулаад, Ерөнхийлөгч нь цагаан сар, шинэ жилийн мэнд хүргэдэг шиг наадмаа нээвэл зүгээр байх. PCR шинжилгээг бөхчүүд, засуул хөлийн цэц, уяачид, хүүхдүүдээсээ хэд хэдэн удаа аваад, наадмаа хийж болохгүй юу? Энэ жил бөхчүүд маань бэлтгэл сургуулилалт сайтай байна. Миний хувьд энэ жилийн шөвгийн наймд Н.Батсуурь аварга, Э.Оюунболд аварга, П.Бүрэнтөгс аварга, Ц.Содномдорж арслан тэргүүтэй бөхчүүдийг үлдэнэ гэж харж байна. Мөн сайхан харцага, начин, заанууд сайн байгаа. Монголын ард түмнээ цэнгүүлээд, долдугаар сарын 11-ний өдөр наадмаа хийе. Наадмаа тасалдуулмааргүй байна.

Өнөөдрөөс эхлэн бөхийн галууд бэлтгэлээсээ бууж байгаа аж. Өчигдөр улсын заан Б.Соронзонболд наадмын бэлтгэлээсээ бууж буй эхний бөх гэдгээ зарласан юм.

Улсын арслан Ц.Содномдорж өөрийн цахим хуудастаа “Наадам бүтэн жилээр хойшилж байх шиг байна. Эрүүл мэнд эрхэм баялаг” хэмээн бэлтгэлийн зургаа оруулжээ.

Өвөрхангай аймгийн “Аравгар хээр” МСУХ-ны тэргүүн, Монгол Улсын Манлай уяач З.БАТБАЯР:

-Өчигдөр УОК баяр наадмыг цуцлах санал гаргаж, өнөөдөр Засгийн газраар хэлэлцэх гэнэ. Бид энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байна. Засгийн газар зургадугаар сарын 23-нд баяр наадмаа үзэгчгүй, халдвар хамгааллын дэглэм сахиж, Хүй долоон худагт зохион байгуулах шийдвэр гаргасан. Бид эхний захирамжаараа байгаасай гэж хүсч байна. Эрийн гурван наадмыг бид хэдэн зуун жилийн өмнөөс хийж ирсэн. Энэ тусгаар улс энх тунх байгаа гэдгээ хөрш улсууддаа харуулж, наадмаа хийж байсан түүхтэй. Урд, хойд хөрш улсууд ялалтын баяр гээд саяхан сүр хүчээ харуулаад парад хийлээ. Үүнийг л залуучууд маань ойлгоосой. Бид хөдөө цэвэр агаарт морины ажлуудаа хийж байгаа. Хүй долоон худагт үзэгч очихгүй учир ард түмэнд эрсдэл байхгүй шүү дээ.

ММСУХ-ны тэргүүн, Тод манлай уяач Ц.БАТСАЙХАН:

-Уяачид маань гаргаад буй шийдвэрийг эсэргүүцэж, орон даяар хөдөлгөөн өрнүүлж байна. Бид хэн нэгнийг буруушааж, эмх замбараагүй байдал үүсгэх гэсэнгүй. Хамгийн гол нь уяачид бол малчид. Монголын тусгаар тогтнол, дархлаа нь Монгол наадам юм. Бид 100 жилийн түүхэндээ дайны үед ч наадмаа цуцалж байгаагүй. Дэлхий даяар уралдаан тэмцээнээ явуулж байна. Наадам болно гэж улсаас гаргасан шийдвэрийг бид баяртайгаар хүлээн авсан. Цахим наадмаа хийе, халдвар хамгааллын дэглэмээ барья гэсэн. Хэрэв энэ наадам болохгүй бол улс, аймаг даяар хөдөлгөөн өрнүүлнэ. Манай холбоо уяачдыг энд уриалан дуудаагүй. Уяачдын маань тэсвэр тэвчээр барагдаад энд ирж байна. Монголын морин спорт, уяачдын холбоо уяачдынхаа эрх ашгийг хамгаалж энд дуугарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж