Н.Төгсцогтын өрсөлдөгч Крис Колберт гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2021.07.02-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогтын өрсөлдөгч Крис Колберт гэж хэн бэ?

Н.Төгсцогтын өрсөлдөгч Крис Колберт гэж хэн бэ?

Лондон-2012 олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт ирэх Ням гаригт мэргэжлийн боксын "WBA" холбооны аваргын бүсний төлөө АНУ-ын тамирчин Крис Колберттой тулалдах гэж байна. “Prime Time” хочит 24 настай Крис Колбертын хувьд бүсээ хамгаалах тулаанаа 39 настай Юриоркис Гамбаотой хийх байсан ч өрсөлдөгч нь хавиргандаа гэмтэл авснаар тулалдах боломжгүй болж, Н.Төгсцогтод боломж гарч ирсэн юм. Түүний өрсөлдөгч Крис Голберт гэж хэн бэ?


Бруклины унаган жаал

Голберт Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт төрж өссөн нэгэн. Түүний аав Мексикээс АНУ руу дүрвэж ирэхээсээ өмнө нутагтаа шаггүй боксчин байжээ. Түүний хүүхэд нас бусад Африк-Америк гаралтай хүүхдүүдийн адил хүнд хэцүү өнгөрсөн бөгөөд 14 настайдаа боксын спортоор хичээлллэж эхэлсэн байна. Тэрбээр хүүхэд насаа дурсан “Үнэхээр хүнд байсан. Амьдрал хэцүү байсан болохоор би боксоор хичээллэж эхэлсэн. Өдөр бүр л тулалддаг байлаа. Бие маань жижиг байсан учир хүн бүр л намайг ялна гэж боддог байсан байх. Өдөр бүр бэлтгэлийн заал руу тулалдах гэж явна. Дасгалжуулагч бус рингэний талаар бодож л очдог. Бэлтгэлийн зааланд очсон эхний өдрөө би сонирхогчийн боксын рингэнээ 60 тулаан хийсэн хүүхэдтэй тулалдсан. Тэр ч намайг болгож өгсөн. Тэрхүү ялагдал л өнөөдрийн Голбертийг бий болгосон” хэмээжээ.

Олимпийн наадмаас татгалзсан нь

2015 онд 19 настай, Америкийн таван мужийн аварга болоод байсан Крис Колберт мэргэжлийн боксын замналаа эхлүүлжээ. Уг нь тэрбээр 2016 оны Риогийн олимпод АНУ-ыг төлөөлөх боксчинг сонгох сонгон шалгаруултад дуудагдсан ч цаг алдалгүй мэргэжлийн бокст хүч үзэхийг илүүд үзсэн аж.

Түүний жинд тухайн үед Шакур Стивенсон АНУ-ыг төлөөлж олимпод оролцон мөнгөн медаль хүртэж байв.

Мэргэжлийн бокст хөл тавьсан талаараа Колберт “Би 2015 оны тавдугаар сард мэргэжлийн бокст орохоор шийдсэн. Сонирхогчийн боксын сонирхолгүй тулаанууд хийхийг хүсээгүй. Сонирхогчийн бокс улс төрөөс дэндүү хараат. Надад энэ нь таалагдаагүй. Дээдчүүд өөрсдийн хүнээ л олимпийн наадамд оруулдаг. Би тэр хүн нь байхыг хүсээгүй” гэжээ.

Крис Колбертын сонирхогчийн бокс дахь замнал тийм ч дардан байгаагүй. Тэрбээр АНУ-ын өсвөр үеийн боксын аварга шалгаруулах тэмцээнд Брэндон Фигуероад ялагдаж байсан бол 2014 онд “Golden Gloves” тэмцээнд оролцон хагас шигшээд Михаил Монтгомерид ялагдаж байжээ. Гэвч Крис бууж өгөлгүй 2015 онд АНУ-ын үндэсний аварга болсон түүхтэй.

Мэргэжлийн бокст хөл тавьсан нь

Колберт мэргэжлийн боксын анхны тулаанаа 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр Маркус Пирсийн эсрэг хийж, хоёрдугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч байжээ. Тэр цагаас хойш одоог хүртэл тэрбээр нэг ч ялагдаагүй, 15 ялсан үзүүлэлттэй байна.

2015 онд л гэхэд Колберт дөрвөн тулаан хийж, бүгдэд нь ялжээ.

Мэргэжлийн бокст орсон цагаасаа хойш Колбертын хувьд Гилермо Ригонду, Карл Фрамптон, Хуан Карлос Пайано зэрэг шилдгүүдээс суралцаж, тэдний зөвлөгөөг сонсч эхэлжээ. Крис Колберт “Бэлтгэл бол бэлтгэл. Бэлтгэл дээрээ сайн байлаа гээд сайн тулалдана гэсэн үг биш. Өрсөлдөгчөө рингэн дээр зодож чадвал тэд чамайг хүндэлнэ. Рингэн дотор би тархиа ашигладаг. Маш олон тулаанч тархиараа тулалддаггүй. Тэд хурдтай, хүчтэй ч тархигүй” хэмээн ярьж байжээ.

Түүнийг мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Рэй Манчани магтан, дөрвөн удаагийн дэлхийн аварга домогт Пернелл Уаттэйкертай харьцуулсан аж. Мөн Бруклинээс гаралтай мэргэжлийн боксын хоёр өөр жингийн аварга асан Паулье Малинагги Крис Колбертыг аварга болно гэдгийг нь хэлж байв. Малинагги ярихдаа “Крис бол ирээдүйтэй, залуу сайн тамирчин. Би түүнийг ирэх 12 сарын хугацаанд дэлхийн аварга болно гэж бодож байна” гэж ярьж байв.

Паулье Малинаггигийн зөгнөл ч биеллээ олж, 2019 оны есдүгээр сарын 21-ний өдөр 23 настай Колберт “NABA-USA” холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөө Мексикийн Мигуэль Белтран Жуниорыг ялж, аварга болж байв.

2019 онд Крис Колберт “Үнэндээ би аварга болох гэж яарахгүй байгаа. Олон залуу тулаанч аварга болоход бэлэн биш байж аваргын бүсний төлөө яардаг. Бие маань бэлэн, бурхан надад боломж олгоод, миний менежер Аль Хэймон намайг тулалд гэвэл би тулалдана. Миний ард гайхалтай баг бий. Тэд юу хийж байгаагаа сайн мэддэг. Тэд намайг тулалдахад болно гэж бодвол би тулалдахад бэлэн” гэв.

Флойд Мэйветерийн шүтэн бишрэгч

Крис Колбертын хувьд Флойд Мэйветерийн даган дуурайж, шүтдэг гэнэ. Тэрбээр шүтээнийхээ талаар ярихдаа “Флойд хүн зодоод маш их мөнгө олж байсан. Би ч гэсэн ялгаагүй хүн зодож байж мөнгө олохгүй байсан л даа. Гол ялгаа нь би гудамжинд хүн зоддог байсан. Тиймээс өөртөө ‘Түүний явсан замаар яваад үзье’ гэж хэлсэн” хэмээжээ.

“Prime Time” хочны учир

Крис Колберт анх “Lil B-Hop” гэдэг хочтэй байжээ. Энэхүү хоч нь мэргэжлийн боксын домогт тулаанч Бернард Хопкинсын “B-Hop” хочноос гаралтай аж. Харин үүнийхээ дараа “Prime Time” гэх хочтэй болжээ.

Хочныхоо талаар Крис Колберт “Америк хөлбөмбөгийн түүхэнд Дэйон Сандерс бол хамгийн агуу корнербэк. Хүмүүс түүнийг “Prime Time” гэж дууддаг. Өрсөлдөгч нар нь түүний хамгаалж буй зүг рүү бөмбөг шидэхээс айдаг байлаа. Бөмбөг агаарт байхад л Сандерс шүүрч аваад, дуусгадаг байлаа. Би ч гэсэн боксын рингэнээ түүн шиг байхыг хүссэн. Одоогийн мэргэжлийн боксын залуу тамирчдаас хэн нь ч надтай тулалдахыг хүсэхгүй байна. Тэд үргэлж ярьдаг. Ерөөсөө гэрээнд гарын үсгээ зурдаггүй. Надтай тулалдахыг хүсэхгүй байгаа олон хүн бий” гэжээ.

"King Tug"-ийн эсрэг "Prime Time"

Ялагдашгүй Колберт ирэх Ням гаригт Н.Төгсцогттой үнэн хүчийг үзнэ. Колберт өрсөлдөгчийнхөө талаар “Тэр бол сайн тулаанч. Олимпийн медальтай. Гэхдээ тэр хэзээ ч “Prime Time”-тай тулалдаж үзээгүй. Би дэндүү хүчтэй, дэндүү хурдтай, дэндүү том гэж бодож байна. Жиндээ орох үеэрээ тэр намайг аюултай гэдгийг анзаарна. Түүнийг эхний нэг, хоёрдугаар үед хүссэнээр нь тоглуулъя. Юу чадахыг нь харъя, шалгая. Харин хоёрдугаар үеэс цааш би өөрийнхөө хүч, цохилтыг мэдрүүлэх болно. Түүнд болоогүй гэдгийг нь харуулна. Над шиг мангастай тулалдаад ялна гэж бодож байвал эндүүрэл шүү. Би энэ тулааныг удаан үргэлжилнэ гэж бодохгүй байна” хэмээн Н.Төгсцогтыг өдөөд амжжээ.

Харин Н.Төгсцогт энэ тулааны талаар ярихдаа “Тэд надад энэ тулааныг санал болгоход би дотроо ‘Юу болоод байна’ л гэж бодсон. Багахан гайхсан шүү. Тэгээд дасгалжуулагч Жонтой ярилцаж байгаад тулалдахыг зөвшөөрсөн. Миний хангалттай бэлтгэл хийж чадаагүй эсэх нь энд хамаагүй ээ. Би тулалдъя гэж зөвшөөрсөн. Жинхэнэ тулаанч юу ч болсон бэлэн байх ёстой. Ялахын тулд чадах бүхнээ хийнэ. Би энд зүгээр нэг тулалдах гэж бус ялах гэж ирсэн” гэв.

Түүний дасгалжуулагч Жон Пулмэн “Tug амьдралынхаа туршид том тэмцээнд тулалдаж ирсэн. Харин Крис бол сайн тулаанч. Би түүний авьяас, төрөлхийн чадварыг нь үнэлж байна. Тэр бол өлсгөлөн, амжилттай яваа залуу тулаанч. Гэхдээ тэр ‘ Tug’-ийг юу хийж чадахыг хараагүй” хэмээн ярив.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж