Засгийн газар, "Рио Тинто"-гийн хэлэлцээнд ахиц гарсангүй

Хуучирсан мэдээ: 2021.07.02-нд нийтлэгдсэн

Засгийн газар, "Рио Тинто"-гийн хэлэлцээнд ахиц гарсангүй

Засгийн газар, "Рио Тинто"-гийн хэлэлцээнд ахиц гарсангүй

Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс” компани Монголын Татварын ерөнхий газар (МТА)-аас “Оюутолгой” ХХК-д тавьсан татварын акттай холбоотой маргааныг шийдвэрлэх боломжгүйгээ өнгөрсөн онд мэдэгдэж, Олон улсын арбитрын шүүхэд албан ёсоор хандаж буйгаа зарласан билээ.

Монгол Улсын Засгийн газартай 2009 онд байгуулсан “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээний 14 дүгээр зүйл, 2015 онд байгуулсан “Оюутолгой”-н гүнийн уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний 8 дугаар зүйл заалттай холбоотойгоор маргаан үүсгэсэн юм.

Энэхүү маргаан Лондонд төвтэй Олон улсын худалдааны эрх зүйн комисс (Юнситрал)-т очихын өмнө гурван удаагийн арбитрын хурлаар хэлэлцэгдэх ёстой.

Тус компани 2020 онд ойролцоогоор 290 сая ам.долларын татвар, ашигт малтмалын нөөц ашигласны болон бусад төлбөр хураамж төлсөн. Улмаар Монгол Улсын Засгийн газрын Covid-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих үүднээс ашигт малтмалын нөөц ашигласны зарим төлбөрийг хуулийн хугацаанаас өмнө шилжүүлсэнээ мэдээлсэн юм.

"Оюутолгой" компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг (ойролцоогоор 228 сая ам.доллар)-ийн Нөхөн ногдуулалтын акт хүлээн авчээ. Энэхүү акт нь “Оюутолгой” ХХК-ийн 2016-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалттай холбоотой юм.

Татварын ерөнхий газар Нөхөн ногдуулалтын актаар тус компанийн ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөг (ойролцоогоор 1.5 тэрбум доллар)-өөр бууруулан шийдвэрлэсэн байдаг.

Тус актад дурдсан асуудлуудын нэлээд хэсэг нь 2013-2015 онуудыг хамарсан татварын хяналт шалгалтын үр дүнд 2018 оны нэгдүгээр сард ногдуулсан Шийтгэлийн хуудаст дурдсан асуудлуудын үргэлжлэл аж.

“Туркойз Хилл Ресурс” компани 2018 оны нэгдүгээр сарын 16-нд “Монгол Улсын Татварын ерөнхий газар “Оюутолгой” ХХК-д 2013-2015 оны санхүүгийн тайланд үндэслэн 150 сая ам.долларын акт тавьсан” гэж мэдэгдсэн. Мөн оны нэгдүгээр сард “Оюутолгой” компани 4.8 сая ам.долларын төлөгдөөгүй татвар, торгуулийг хүлээн зөвшөөрч төлжээ.

Өмнөх татварын шалгалтаар ногдуулсан татвар, төлбөрийн талаарх маргааныг Хөрөнгө оруулалтын газар болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний маргаан шийдвэрлэх заалтын дагуу нэг мөр шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой” ХХК санал нэгтэйгээр олон улсын арбитрын шүүхэд 2020 онд хандсан.

Хоёр тал Олон улсын худалдааны эрх зүйн комиссын дүрмийн дагуу маргааныг шийдвэрлүүлэхийг зөвшөөрснөөр арбитрын шүүхийн шийдвэрийг эцсийнх гэж хүлээн зөвшөөрсөн юм.

Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлууд нь олон улсын арбитрт хандсан асуудлуудтай үндсэндээ ижил төстэй, зарим нь адилхан байгаа тул тус компани дээрх акттай холбоотой шинэ асуудлуудыг Олон улсын арбитрын шүүхэд явагдаж буй ажиллагаанд нэмж оруулах хүсэлт гаргахаар бэлдэж буйгаа мэдэгдэж байв.

"Оюутолгой"-н татварын асуудлаарх арбитрын шүүх хуралдаан 2022 оны наймдугаар сарын сүүлийн долоо хоногт товлогджээ.

Хөрөнгө оруулагч тал Лондоны арбитрын шүүхийн маргаанаа түр хойшлуулах санал тавьсан ч Монголын тал үүнийг хойшлуулахгүй гэсэн саналаа хуулийн фирмд явуулсан юм. Монголын тал Лондоны Арбитрын маргаанд ялах бүх нөхцөл боломжоо ханган ажиллаж, мэдээллийг хуулийн компанид цаг алдалгүй өгч байгаагаа мэдэгдсэн билээ.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго хэлэхдээ “Монгол Улсын татварын байгууллагаас тавьсан актыг үндэслэлтэй гэж үзэж байна. Дубайн гэрээнд тусгагдсан зарим заалтууд Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна. Засгийн газрын ажлын хэсэг ТЕГ-аас ногдуулсан татварын актыг үндэслэлтэй, бодитой гэж үзсэн. Ялангуяа 2020 онд тавьсан татварын акт дээр үнэ шилжилтийн хяналт шалгалт хийсэн.

Ер нь Засгийн газар байр сууриа хамгаалж сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзсэн. Үүний дагуу “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурсес” компаниудыг маргааны оролцогч талууд болгох хүсэлт гаргаж байна. Учир нь энэ хоёр компани Монгол Улсад өгсөн амлалтаа биелүүлээгүй, төсөлтэй холбоотой гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Мөн дээрх гэрээнүүдийг байгуулах үед Монгол Улсын Засгийн газарт тодорхой өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэх замаар "Оюутолгой" компанид давуу байдал олгосон байж болзошгүй баримтууд бий. Иймд сөрөг нэхэмжлэл гаргахаар шийдвэрлэсэн. Ер нь Монгол Улсын Засгийн газар татварын асуудлаар хөрөнгө оруулагч талтай тохиролцохгүй гэсэн байр суурьтай байна” гэж мэдэгдсэн юм.

Засгийн газар зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн зөвлөгөөг үндэслэн, "Рио Тинто", "Туркойс Хилл Ресурсес" компанийг маргааны оролцогч тал болгож, сөрөг нэхэмжлэл гаргасан билээ.

Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах зорилгоор гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн байгууллагад сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгож, зохих арга хэмжээ авах чиглэл өгсөн. Үүнд "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурсес" компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй, Оюутолгой төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчин, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй асуудал багтсан юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Оюу Толгой" ХХК-ийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд татварын хяналт шалгалт хийж, холбогдох зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас, 2015, 2016 онд молибденд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож төлөөгүй гэсэн шийдвэр гаргажээ.

"Оюутолгой" ХХК 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу Лондоны Олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргав. Арбитрын бүрэлдэхүүний гаргасан маргаан шийдвэрлэх хуваарийн дагуу Засгийн газар 2021 оны хоёрдугаар сард хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргасан блиээ.

Эрдэмтэд “2.7 тэрбум долларын нийлмэл буюу хүүгийн хүү тооцоод, 2051 он гэхэд 27 тэрбумын хүүгийн алдагдал төлөх хэмжээнд очиж, 2030, 2050 оны эхэн үед Монгол Улс багахан ашиг олоод, цаашид алдагдалтай явна” гэсэн тооцоолол гаргасан мэдэгдэж байв.

"Оюу толгой" ХХК 2021 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн татварын шинэ акттай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргаж, Хөрөнгө оруулалтын гэрээний 14.1-д заасан шаардлагыг хангах хүрээнд Арбитрын бүрэлдэхүүн дээрх хугацааг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болгон хойшлуулаад байсан юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэдээлснээр, өнөөдрийн байдлаар “Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээнд төдийлөн ахиц гараагүй хэвээр байна.

“Оюу Толгой” төслийн асуудлаарх Засгийн газрын ажлын хэсэг хөрөнгө оруулагч талуудын төлөөлөлтэй дөрөвдүгээр сард биечлэн уулзсан. Дараагийн уулзалтыг товлосон боловч цар тахлын улмаас хөрөнгө оруулагч тал уулзалтыг цуцалж, бичгээр тайлбар ирүүлэхээ мэдэгдсэн байна.

Мөн “Оюу Толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг судалж, дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчид 2021 оны долдугаар сарын эцсээр дүгнэлтээ гаргахаар ажиллаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж