Чингэлтэй дүүрэгт байрлах шинжилгээний суурин цэг. Эрүүл мэндийн цахим бүртгэлийн систем хаагдсан тухай мэдээлэл аваагүйгээс болж үүрээр ирж дугаарласан иргэд эмч нартай үл ойлголцол үүсгэжээ. Бухимдсан иргэдэд эмнэлгийн ажилтнуудын зүгээс “Бид зөвхөн үүргээ биелүүлэн ажиллаж байна. Шинжилгээ авах ямар ч боломжгүй. Улсын хэмжээнд тодорхойгүй хугацаагаар PCR авахыг зогсоосон. Та мянга хашгирсан ч би танаас шинжилгээ авах боломжгүй” хэмээн хариулах аж.
"Хүмүүс 5-6 цаг дугаарлан зогсож байхад хэн ийм шийдвэр гаргав. Орой бүр мэдээ үздэг. Зурагтаар энэ талаар мэдээлээгүй. Манай улс дэндүү хүнд сурталтай юм. Маргааш яаралтай хагалгаанд орох хүнд өвчтэй хүн хөлөө чилтэл зогсож байхад шинжилгээ авахгүй гэж хэлж байна" гэх мэтчилэн хоорондоо муудалцах иргэд ч, эмнэлгийн ажилтнууд ч аргаа баржээ.
PCR шинжилгээний хариу олгодог “ЭрүүлМН” систем өчигдөр (2021.07.01)-өөс ажиллахгүй болж байгааг “Гэрэгэ системс” ХХК мэдэгдсэн. Энэ бол Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн харилцан уялдаагүй ажиллаж буйн үр дагавар гэж шинжилгээний цэг дээр дугаарлан зогсох иргэд хэлж байв. Тодруулбал, "Гэрэгэ системс" компанийн хөгжүүлсэн “ЭрүүлМН” сайт төлбөрөө барагдуулаагүй тул хаагдаж, PCR шинжилгээ авах боломжгүйд хүрчээ. Иргэд тус сайтаас Covid-19-ийн шинжилгээний цаг болон хариугаа авдаг.
"Гэрэгэ Системс" ХХК-иас Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржид хаяглан Гэрэгэ Системс" ХХК нь гэрээ байгуулахаас өмнө системээ хөгжүүлж, эмнэлгийн байгууллагуудад үнэ төлбөргүй ашиглуулж байсан. 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нд гэрээ хийсний дараа сар бүр нэхэмжлэхийн дагуу ОБЕГ систем ашигласны төлбөрөө төлөх нөхцөлтэй. Гэвч гэрээ байгуулагдсанаас хойш дөрөв, тавдугаар сарын төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөлгүй 55 хоног хэтрүүлсэн. Оффис түрээсийн өр, цалингийн өр, Нийгмийн даатгалын шимтгэл, татварын өр их хэмжээгээр хуримтлагдаж, санхүүгийн маш хүнд байдалд орсон тул аргагүйн эрхэнд “ЭрүүлМН” системийн бүх функцыг зогсоохоор болсон” тухайгаа албан бичгээр мэдэгдсэн байдаг. Гэвч, өнөөдрийн хүртэл арга хэмжээ авах нь бүү хэл хариу өгөөгүй тул үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас албан бичигт ямар хариу өгсөн талаар тодруулахыг оролдсон ч удирдлагууд нь мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Ийнхүү улс даяар PCR шинжилгээ авах боломжгүй болж, яаралтай авч байгаа ХӨСҮТ нь системийн доголдолд орсон тул иргэдийн шинжилгээний хариуг цаасан дээр бичиж, эксель дээр шивж байна хэмээн жишим ч үгүй хариулж сууна. Төлбөр төлөгдөөгүйн улмаас хаагдсан систем 21 аймгийн хэмжээнд халдварын тархалтын хоногийн статистикийг гаргах боломжгүй болж байна гэсэн үг. Тэгэхээр Монгол Улсын халдвар огцом буурахад гайхах юмгүй. Энэ цар тахал буурсан биш Монгол шинжилгээгээ авч чадахгүй болсоны илрэл.
Энэ талаар Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Гэрэгэ систем” ХХК болон Онцгой байдлын газраас тодрууллаа. Мөн систем тодорхойгүй хугацаанд ажиллахгүй болсонтой холбоотой иргэдэд ямар хүндрэл учирч буй талаар сурвалжиллаа.
ШИНЖИЛГЭЭ АВАХ ТӨСӨВТӨӨ АНХААРЧ, ЦАГ АВАХ, ХАРИУ ГАРГАХ СИСТЕМЭЭ МАРТЖЭЭ
Цар тахлын тархалт хумигдах хүрээгээ давж, эндэгдэл багатай ч эрсдэл өндөр байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Хоногт бүртгэгдэх халдварын тоо үнэн эсэхэд ч иргэд эргэлзэх болсон. Учир нь нийслэлийн хэмжээнд PCR шинжилгээний явуулын болон суурин 6-7 цэг л ажиллаж байна. Мөн түргэвчилсэн шинжилгээг хоногт бүртгэгдэх халдварын тоонд оруулдаг болсон нь иргэдэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Нэг хэсэг шинжилгээг төлбөртэй авах асуудал иргэдийг бухимдуулж байсан бол хавьтал болсон, халдварын шинж тэмдэг илэрсэн иргэд шинжилгээ өгч чадахгүй байгаадаа сандарч буй аж.
ИРГЭД УОК-ООС БОЛЖ ХОХИРЧ БАЙНА
ИРГЭН Д.БАЗАРРАГЧАА:
-Төрийн байгууллага хоорондын харилцаа муу байна гэж харж байна. Шинжилгээг үнэгүй авч байгаа нь нэг талаар буруу. Тиймээс тодорхой хэмжээний төлбөртэй авах нь зүйтэй. Тэгэхгүй бол шаардлагагүй иргэд заавал PCR шинжилгээ өгөх гээд дугаарлаж байна. Миний хувьд хэд хэдэн удаа шинжилгээ өгсөн. Үр дүнгүй ажилд хэт их мөнгө төсөвлөөд байгаа санагддаг. Байгууллагаас шинжилгээ өг гэж шаардсан учраас өгөхөөс өөр сонголтгүй болсон. Гэхдээ шинжилгээ авлаа гээд тохиолдлын тоо буурч, дорвитой өөрчлөлт гарсангүй. УОК-ын буруу шийдвэрийн улмаас PCR өгөх зайлшгүй шаардлагатай иргэд өнөөдөр хохирч байна.
ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ 24-48 ЦАГИЙН ДОТОР ГАРНА ГЭДЭГ Ч ТАВ ХОНОДОГ
ИРГЭН Г.ЭНХ-АМАР:
-PCR шинжилгээний хувьд алдаа гарахгүй л бол үр дүнтэй санагдаж байна. Гэхдээ хүмүүст мэдээлэл хангалттай өгөхгүй байна. Түүнээс болж өнөөдөр олон хүн цаг заваа алдаж, өрх, дүүргийн эмнэлэг, шинжилгээний цэг дээр дэмий очиж, бухимдаад буцаж байна. Төсөв, санхүүгийн асуудал хариуцсан байгууллагууд нь өр төлбөрөө хугацаанд нь төлсөн бол цахим бүртгэл нь ажиллаж байх байлаа. Иргэдийн хувьд өчнөөн оочер дугаартай, ачаалалтай ажиллаж байгааг нь ойлгож буй ч энэ бол арай биш. Тэгээд шинжилгээний хариу 24-48 цагийн дотор гарна гэж хэлдэг ч миний хариу лав тав хонож гарсан. Манай эмч найзууд хэлж байна. Covid-19 бол зүгээр нэг ханиад биш. Тиймээс хүн бүр халдвар хамгаалалтын дэглэмээ баримтлах хэрэгтэй.
БАЯР НААДАМ ХИЙХ ТӨСВӨӨ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ӨГСӨН ГЭЭД,
"БАНТАН" ХУТГАЖ БАЙНА
ИРГЭН Л.ГЭРЭЛТУЯА:
-Эрүүл мэндийн салбар энэ цар тахлын нөхцөлд зөвхөн тушаалаар ажиллаж байгаа нь буруу. Улсын хэмжээнд PCR шинжилгээний хариу гаргадаг, цаг өгдөг систем нь төлбөрийн асуудлаас болж ажиллахгүй байгаагаа мэдэгдлээ. Төрийн хамаарал бүхий нэгжүүд үйл ажиллагааны ямар ч зохион байгуулалтгүй, бодит нөхцөл байдалтай танилцахгүй байж хэдэн шийдвэр батлаад, үүрэг өгөөд хуралдахаасаа санаа зовох ёстой. Иргэд туйлдаж байна. Баяр наадам хийх гээд "бантан" хутгаж байгаа энэ үед хэчнээн хүн эндэхийг хэлж мэдэхгүй. Хүндэтгэх шалтгаантай хүмүүс л шинжилгээний цэг дээр ирж байна. Тэдэнд "Өрхийн эрүүл мэндийн төвөөс чинь мэдэгдсэн" гэх тайлбар өгөх нь утгагүй юм.
УСАН САН, ЧИНГИСИЙН МУЗЕЙД БИШ, УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС, ЭРСДЭЛИЙН САНД ТӨСӨВ БАТЛАХ ЁСТОЙ БАЙСАН
ИРГЭН Д.РЭНЦЭНТАВХАЙ:
-Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байна. Миний охин эмч. Эрүүл мэндийн салбарынхан туйлдаж байна. Иргэдтэйгээ ойлголцох, улаан бүсэд халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хоёр жил гаруй хугацаанд тэсвэртэй ажиллаж байна. Эрүүл мэндийн яамнаас төсөв, санхүү хангалттай байгаа гэдэг хэрнээ шинжилгээ хийхэд ч хүндрэлтэй нөхцөл үүссэн байна. Хангамж байхгүйн улмаас иргэд, эмч нарын дунд үл ойлголцол гарч байна. Өнөөдөр гэхэд олон хүн бухимдаж, "Чамаас болж PCR өгч чадахгүй байна" гэж эмч нар руу орилж байгаа харагдлаа. Энэ бүхнээс харахад улс ямар ч бэлтгэлгүй, төлөвлөгөөгүй ажиллаж байгаа нь илт байна. Өчнөөн тэрбумын үнэтэй усан оргилуур, Чингисийн музей барьснаас цар тахлын үед хэрэглэх эрүүл мэндийн эрсдэлийн сантай болчихсон бол өнөөдөр арай ч шинжилгээний цэгүүдийг хаах хэмжээнд хүрэхгүй байсан байх.
Иргэд сэжигтэй тохиолдол болж, шинж тэмдэг илэрсэн, тусгай дугаараар холбогдож зөвлөгөө мэдээлэл авсны дагуу ПСР авах цэг дээр очиж байгаа аж. Гэтэл өөдөөс нь "Систем ажиллахгүй байгаа учраас шинжилгээ авахгүй" хэмээн хэлж байна. Энэ талаар иргэд хэлэхдээ "Албаар төлбөртэй шинжилгээ өг гэж хүчилж байх магадлалтай. Эсвэл шинжилгээ авах сорьц улсын хэмжээнд дууссан байж магадгүй" гэсэн таамаглалууд дэвшүүллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:
-"Гэрэгэ системс"-ээс гаргасан мэдээлэлтэй холбоотой тайлбар яамнаас өгөх боломжгүй. “ЭрүүлМН” системийг ажиллуулахдаа анх гурвалсан гэрээ байгуулсан юм билээ. Тэр гэрээний дагуу төлбөр мөнгийг шилжүүлж, хөгжүүлэлтийн ажил хийгдэх ёстой байсан. Гэтэл Онцгой байдлын ерөнхий газраас төсвийг шилжүүлээгүйн улмаас өчигдөр системийн үйл ажиллагааг зогсоох болсныг мэдэгдсэн байна. Хоногт авах шинжилгээний төлбөрт 500 сая төгрөг зарцуулагддаг. Өвчилж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр хавьтал болсон иргэдийн тоо өснө. ЭМЯ үүсээд буй асуудлыг аль болох яаралтай шийдвэрлэж байна. Харин шинжилгээний цаг, хариу авахтай холбоотой үүссэн энэ үйл явдлыг УОК, ОБЕГ-аас асуух нь зүйтэй.
СИСТЕМИЙГ ХЭВИЙН АЖИЛЛУУЛАХ ТАЛ ДЭЭР ШУУРХАЙ АЖИЛЛАЖ БАЙНА
УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.ГАНЗОРИГ:
-"Гэрэгэ системс" дээр тандалтын болон шинжилгээний хариуг мэдээлдэг. Өчигдөр үүссэн төлбөрийн асуудал шийдэгдсэн. Системийг хэвийн ажиллагаанд оруулах тал дээр шуурхай ажиллаж байна. Иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх үүднээс өчигдөр тодорхой цэгүүдэд ПСР шинжилгээ авсан. Харин өнөөдрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээр улсын хэмжээнд хоногийн мэдээний дүнг нэгтгэхэд саатах магадлалтай. Шинжилгээ авсан цэгүүдийн эмч нар мэдээллийг цахимд шууд шивэх боломжгүй болсон учир гараар бичиж, тоолж, нэгтгэх ажилтай байгаа гэсэн үг. Ерөнхийдөө системийн үйл ажиллагаа түр хугацаанд саатсантай холбоотойгоор өнөөдрийн статистикийг гаргахад хүндрэл учирсан. Гэхдээ асуудлыг Эрүүл мэндийн сайд шуурхай шийдвэрлэх үүрэг, чиглэл өгсөн.
Эрүүл мэндийн салбарынхан Covid-19-ийн хүндхэн нөхцөл байдалд ажиллаж байгааг хүн бүр мэдэж буй. Гэхдээ эрх бүхий, шийдвэр гаргах түвшний хүмүүс нэг удаагийн асуудалд энэ мэт хайхрамжгүй хандсан. Эцэст нь хэн хариуцлага хүлээх вэ. Шинжилгээ өгөх шаардлагатай иргэд шинжилгээний цэгүүд дээр бухимдлаа илэрхийлж байхад “ЭрүүлМН” системтэй холбоотой асуудлаас эрх бүхий хүмүүс бултаж, өнөөх л эмч нарт ял болж байгаа гэхэд хилсдэхгүй. Урт дараалалд олон цаг зогссон иргэд удахгүй систем нь ажиллана гэсэн итгэлээр л зогсож байна.
Холбоотой мэдээ