Ш.Болд: Мана-4, Норов-7 танг буцалгаж, гэрээ ариутгаж болно

Хуучирсан мэдээ: 2021.07.02-нд нийтлэгдсэн

Ш.Болд: Мана-4, Норов-7 танг буцалгаж, гэрээ ариутгаж болно

Ш.Болд: Мана-4, Норов-7 танг буцалгаж, гэрээ ариутгаж болно

Уламжлалт анагаах ухааны хөгжил, эмчилгээний талаар Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор академич Ш.Болдтой ярилцлаа


-Covid-19-ийн эсрэг эмчилгээнд монголчууд Мана-4, Норов-7 танг вирусийн эсрэг эмтэй хослуулан хэрэглэж байгаа. Ер нь урьдчилан сэргийлэх зорилгоор ууж хэрэглэж болох уу. Хүн болгон эмч шахуу болсон үед уламжлалт анагаах ухаанаар дагнасан эрдэмтний үг сонсох ёстой байх?

Covid-19-өөр өвдсөн хүмүүс эхний долоо хоног Мана-4, Норов-7, Лидэр-7 танг цаг алдалгүй хэрэглэх нь үр дүнтэй. Хэрэглэх зааврыг мэдэхгүй бол эмийн санчаас асууж болно. Ер нь буцалгаж уух ёстой. Халдвар авснаас хойш ханиах, салслаг цайвар цэр гарах, цээж тэлж буй мэт санагдах, цээжээр базлан хатгуулах, амьсгаадах, чих шуугих, бага зэрэг халуурах, сүүж, бэлхүүс, үе мөчөөр өвдөх зэрэг бие хямрах шинж тэмдэг илэрч болно. Энэ үед Мана-4, эсвэл Норов-7 хоёрын аль нэгээс 1-3 граммыг 250-300 мл усанд хийж, бага зэрэг ширгэтэл зөөлөн гал дээр буцалгаж хандлаад, өдөрт 2-3 удаа ууж хэрэглэдэг. Ингэснээр бадган, хийг намжааж, халуун нэмэгдүүлэхгүй. Дээрх тангууд нь хөлөргөх үйлчилгээтэй. Гэхдээ уламжлалт эмчилгээнд хүүхэд, хөгшдөд Мана-4, залууст Норов-7 танг уулга гэж зөвлөдөг ч өнөөдрийн нөхцөлд аль олдсоныг нь уух хэрэгтэй. Хижиг ханиад буюу Covid-19-ийн эсрэг эмчилгээнд Мана-4, Норов-7, Лидэр-7 тан хэрэглэхийг зөвлөж байна. Уламжлалт анагаах ухааны талаас тайлбарлавал, халуун өвчин, халдварт халуун өвчний эхний үед халуун нь бадгана, хийнээс ялгараагүй байдаг. Анагаахын шинжлэх ухааны ойлголтоор вирус хүний биед орсноор хүний дархлааны систем ажилладаг гэсэн үг. Хүний дархлаа нь вирусийн эсрэг тэмцэж байгаа үе юм. Эмчилгээнд тан ууж байгаа бол хоол ундны хэрэглээнд анхаарах ёстой. Аль болох даарахгүй, биед хөнгөн, шингэц сайтай хоол унд иднэ. Аарц, шинэ мах, халуун бүлээн ус ойр ойрхон уух хэрэгтэй. Харин будаатай шөл, тостой шөл, шарсан хуурсан хоолноос татгалзаарай.

Covid-19-ийн эсрэг ганц найдвар нь вакцин болоод байна. Гэхдээ вакцинд хамрагдах боломжгүй хүмүүс бий. Ялангуяа Covid-19-өөр өвдсөн архаг суурь өвчтэй хүмүүс хүндрэх эрсдэл өндөр. Ийм тохиолдолд уламжлалт анагаах ухааны аргаар эмчилж болох уу?

-Өвчний хүндрэлээс сэргийлэх бүрэн боломжтой ч дээр дурдсанаар цаг алдахгүй хэрэглэх нь чухал. Covid-19-өөр хөнгөн өвдсөн ч хүндрэх магадлалтай тул эмчийн заавраар Мана-4, Норов-7, Лидэр-7 танг эмийн сангаас авч хэрэглэнэ. Ханиад томуу, Covid-19-ийн үед уламжлалт анагаах ухааны эмчилгээнд зөвхөн Мана-4, Норов-7 танг хэрэглэнэ гэж ойлгож болохгүй. Хэрэв өндөр халуурч, ханиалгах, амьсгаадах, цээж давчдах шинж тэмдэг илэрвэл Банзидо-12, Зову-8, Зову-25, Уушги-18 зэрэг тангаас аль нэгийг нь сонгож, 1-3 граммаар зааврын дагуу хэрэглэнэ. Эмчилгээний төгсгөлд хий хөдлөхөөс сэргийлж Агар-35, Ран агар-8 танг өвчний байдалд тохируулан хэрэглэнэ. Хэрэв их цэртэй ханиалгах, амьсгаадах үед Үзэм-7 эм ууна. Энэ нь амьсгаадах зовиурыг намдаадаг. Хуурай ханиалганы үед Хөх гарьд-9 эм уух нь рашаан болно.

Та өмнө нь “Уул уурхайгаар бус, уламжлалт анагаах ухаанаар гурван сая иргэнээ дөмөгхөн тэжээж болно” гэж хэлж байсан. Цар тахал хяналтаас гарч, экспорт гацсан үед уламжлалт анагаах ухааныг хөгжүүлж, орлого олох боломж байна уу?

-Байгалийн баялаг, газрын нөөц дуусна. Харин оюуны баялаг дундрахгүй. Намайг өмнө нь “Уул уурхайгаар бус, уламжлалт анагаах ухаанаар гурван сая иргэнээ дөмөгхөн тэжээж болно” гэж хэлэхэд шүүмжлэх хүмүүс ч байсан. Гэхдээ өвөг дээдэс маань бидэнд уламжлалт анагаах ухааны маш том баялаг үлдээсэн. Үүнийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Үндэсний номын санд уламжлалт анагаах ухааны 3 сая гаруй үнэт өв, их хөрөнгө хадгалагдаж байна. Тухайлбал, Монгол, Төвд эрдэмтэн мэргэдийн бүтээсэн 1.5 сая ном, судар, 21 мянга орчим гар бичмэл, 100 мянга гаруй ном бий. Энэ их оюуны бүтээлийг судалж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал гуравхан сая хүнийг дөмөгхөн тэжээх үр ашигтай. Одоогоор бидэнд олдсон 29 эмч, маарамбын 120 том, жижиг анагаах ухааны судар бүтээлийг судалж байна. Мэдээж амаргүй ажил, их цаг хугацаа шаардана. Наад зах нь уламжлалт анагаах ухааны мэргэжилтэй, монгол бичиг, тод бичиг, төвд, манж, хятад хэлийг сайн мэддэг судлаачид үгүйлэгдэж байгаа ч сайн шавь нар гарч ирж байгаад баяртай байна. Уламжлалаа хадгалж, өвлүүлнэ гэдгийг өнгөрсөндөө очно, ухарна гэж ойлгож болохгүй. Хэрэв дэлхийн анагаах ухаанд сүүлийн үеийн ололт амжилтыг нь үгүйсгэж, зөвхөн уламжлалт анагаах ухааныг хөгжүүлнэ гэвэл ухралт болно. Иймд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд маш ухаалаг, няхуур хандах ёстой.

-Шинжлэх ухаан технологийн эрин үед уламжлалт эмчилгээг орхигдуулж болохгүйг цар тахал харууллаа. Аль алиныг нь хослуулж чадвал эрүүл мэндийн салбар ч хөгжих болов уу?

-Уламжлалт анагаах ухааны цөм нь өвчнийг эмчлэх. Нүүдлийн ахуй соёлыг дагаад бидний өвөг дээдсийн амьдрах ухаан нь өвчний тухай мэдлэг, сэргийлэх арга ёс заншил байж. Тиймээс өвчингүй, эрүүл амьдрах талаар олон арван сургаал, номлол, ёс заншил, аман хууль, хорио цээрийг бүтээж, өнөөдрийг хүртэл өвлүүлсэн. Үүний хамгийн системчилсэн мэдлэг нь уламжлалт анагаах ухаан юм. Эрс тэрс уур амьсгалтай Монголын нөхцөлд уламжлалт эмчилгээг орчин үеийн эмчилгээтэй хослуулж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, урхаггүй эмчилж эдгээх аргыг олж тогтоох ёстой. Ингэж чадвал Монгол Улс хөгжинө. Үүний тулд бид уламжлалт анагаах ухааны идээ унд, явдал мөр, эм, заслын нууц технологийг судалж, тайлах шаардлагатай. Дараа нь шинэ технологи хөгжүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах нь чухал.

-Арц хүжний утлага халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, гадаргууд тогтсон вирусийг устгадаг гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй юу?

-Арц, хүжээр утах арга нь эртнээс уламжлагдсан эмчилгээний нэг хэлбэр. Эртний Хятад эмнэлгийн “Shan Hai Jing” сударт “Үнэрт өвс хэмээх нэг зүйлийн өвс байдаг. Энэ нь дөрвөлжин иштэй, улаан цэцэгтэй, хар үртэй, нударган үндэстэй, өмхий үнэртэй, биедээ зүүж явбаас өвчнөөс сэргийлдэг” хэмээжээ. Тиймээс үнэрт өвс, арц, хүжийг үнэртэх нь халдварт өвчнөөс сэргийлэх нэгэн зүйлийн арга байжээ. Түүнчлэн Норов-7, Мана-4 зэрэг танг буцалгаж, уураар нь гэр орноо ариутгаж болно. Мөн пийшингийн ширэм, хайруулын тавганд цуу дусааж уур гаргах, сармис шатаах, арц, хүж уугиулах, буцалсан усны халуун уураар ам, хамраа утах, хуурсан будааны уураар хамраа утах зэргээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн эмчилгээний арга олон бий.

Халдварт өвчин, цар тахлын үед уламжлалт анагаах ухааны түүхэнд гаргасан ололт бий юу. Тахлын үед хүн төрөлхтнийг уламжлалт эмчилгээгээр эмчилж байсан түүх бий юу?

-Хижиг болон халдварт өвчнөөр өвдсөн хүний эд зүйлсийг шатаадаг байсан түүх бий. Мөн нэг гэр бүлийн гишүүд Covid-19 шиг цар тахалд нэрвэгдэж нас барсан бол гэрийг нь ч бас шатаадаг байж. Түүнчлэн халдвараар өвдөж, хэвтэрт орсон, бие нь муудсан хүний гэрийн тооно, дээвэр дээр жад тавьдаг байсан нь хүмүүст ойртож болохгүй гэдгийг сануулж сэрэмжлүүлдэг байсан тухай ном сударт тэмдэглэсэн байдаг юм билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
ТэнэглэлТэнэглэл
23
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж