Covid-19-ийн улмаас өдөрт 15 хүн хорвоог орхиж, жирэмсэн эмэгтэйчүүд эндэж, хүүхэд нас барж байхад гэсэн Төрийн ордондоо нүдэн балай, чихэн дүлий суусан эмэгтэй гишүүд өчигдөр (2021.07.01)-өөс гэнэт хэвлэлийн хурал зарлаж, цахим наадам хийхийг эсэргүүцлээ. Уг нь цагаа олсон шаардлага л даа. Гэхдээ иргэд талбай дээр гарч ирж, эсэргүүцлээ илэрхийлэхтэй зэрэгцээд Төрийн ордонд мэдээлэл хийж буй тэдэнд цаанаас нь ингэж мэдэгдэхийг даалгасан уу эсвэл ийм шийдвэр гарах нь тодорхой болсон тул эмэгтэй гишүүд улс төрийн ашиг хонжоо хайв уу, бүү мэд. Гэхдээ тэдний мэдэгдлийг талархаж хүлээж авахаасаа илүү хардаж буруутгах нь олон байв. Учир нь, манай парламентын эмэгтэй гишүүд өмнө нь бүлх залгисан мэт таг чиг байснаа гэнэт тодорч, тоглолт хийх болсонд иргэд дургүйцэх нь ч аргагүй.
Жендерээр түрий барьж, зарим нь сохор азаар шахуу гишүүн болсон хүн тэдний дунд бий. Уг нь ард түмэн эмэгтэй гишүүдээс ихийг хүлээсэн. Харамсалтай нь, парламентад гарч ирсэн эмэгтэй гишүүд эрчүүдээсээ дээрдэх юмгүй хулгайч, худалч, албан тушаалд шуналтай болохоо аль хэдийнэ таниулчхаад байгаа.
Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойн баяр Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нээх анхны наадам иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас нь үйл ажиллагаагаа хязгаарлуулсан аж ахуйн нэгжүүд иргэд бухимдаж, дарга нарын дабль эрхтэй цахим наадмыг эсэргүүцсэн. Шалтгаан нь эрүүл мэндийн салбарт нь гамшиг нүүрлэж, цар тахлаар иргэд нь эмчилгээ, үйлчилгээ авч чадахгүй амиа алдаж байхад Ардын намынхан 100 жилийн баяраа тэмдэглэхээр улайрч буйд иргэдийн тэвчээр тасарчээ.
Тэвчээр нь тасарсан аж ахуйн нэгжүүд, иргэд өчигдөр төв талбайд тайван жагсаал хийж, халдварын улмаас нас барагсадыг хүндэтгэн зул өргөв. Жагсаалаас болсон уу, шахалтад орсон уу, эсвэл иргэдийнхээ үгийг сонсох ёстойгоо ойлгосон уу, УОК яаралтай хуралдаж, баяр наадмын арга хэмжээг хойшлуулахаар болжээ.
УОК-ын шийдвэрийг урьдчилаад мэдсэн УИХ-ын эмэгтэй гишүүдийн тэрхүү мэдэгдэл, үйлдэл чин сэтгэлийнх гэхээсээ илүү улстөржсөн үйлдэл болж харагдсан. Тэд үүгээрээ иргэдээс “оноо” авна гэж тооцсон бололтой.
Сүүлийн үед шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах болсон. Бүр хуульчилж өгсөн байдаг. Тиймээс парламентад суух эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. 1992 онд болсон УИХ-ын анхны сонгуулиар гурван эмэгтэй гишүүн хууль тогтоох байгууллагад орж ирж байж. Тэгвэл 2020 оны УИХ-д 13 эмэгтэй гишүүн сонгогдсон. Эмэгтэйчүүдийн оролцоо, дуу хоолой хамгийн хүчтэй байсан парламент бол 2012-2016 оных. Харин сүүлийн хоёр парламентад суугаа эмэгтэй гишүүдийн оролцоо муу. Зарим нь ЖДҮ-гийн хэрэгт нэр холбогдсон. Шүүхээс хүртэл ял авсан.
Энэ удаагийн парламентын эмэгтэй гишүүд ч мөн адил хууль санаачлах, лоббидон батлуулах ажилд хамтдаа зүтгэсэн гэж лав дуулдаагүй. Сонгогдсон цагаасаа хойш нийтийн эрх ашиг руу хандсан ганц дорвитой хууль санаачлах батлуулах нь бүү хэл хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй.
Хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл цэцэрлэг, сургууль, амаржих газрын хүрэлцээг нэмэгдүүлэх, боловсролын хоцрогдол зэрэг анхаарал хандуулах өчнөөн асуудал байхад эмэгтэй гишүүд чуулганы танхимд ирцээ бүртгүүлэхээс өөр зүйл хийлгүй хоёр дахь жилтэйгээ золгож байна. Эмэгтэй гишүүдийн өчигдөр гаргасан тэрхүү үйлдэл үнэндээ цагаа ч, байгаа ч оносонгүй. Ийм эмэгтэй гишүүдтэй байгаадаа ичиж, улс төрийн увайгүй үйлдлээс нь айж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ