“Дэлхийн III дайн дэгдвэл тэд ялахгүйгээ мэднэ”

Хуучирсан мэдээ: 2021.07.02-нд нийтлэгдсэн

“Дэлхийн III дайн дэгдвэл тэд ялахгүйгээ мэднэ”

“Дэлхийн III дайн дэгдвэл тэд ялахгүйгээ мэднэ”

Хар тэнгист өнгөрсөн зургадугаар сард Их Британийн хөлөг рүү Оросын талаас гал нээсэн үйл явдал нь өдөөн хатгалга гэж үзэн, олон улсын зүгээс болзошгүй зэвсэгт мөргөлдөөнөөс болгоомжилж байна. Тухайн үед болсон үйл явдлын талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дараах мэдэгдлийг хийжээ. Тэрбээр “Оросын арми дэлхийн дайн дэгдээхгүйгээр Их Британийн байлдааны хөлгийг живүүлж чадна” хэмээсэн юм. Тэрбээр үүгээрээ хоёр тал Хар тэнгист харилцан гал нээсэн бол ОХУ хүч давамгай байх байсан гэдгийг хэлэхийг хүсчээ.

Путин “Та нар дэлхий дайны ирмэгт байна гэж ярьцгааж байна. Мэдээж, тийм биш. Бид тэр хөлгийг живүүлсэн ч дэлхийн гуравдугаар дайн дэгдэнэ гэж төсөөлөхөд хэцүү. Тэд энэ дайнд ялахгүйгээ мэдэж байгаа” хэмээн тайлбарлажээ. Мөн “Бидэнд үүссэн нөхцөл байдал таатай биш байгаа. Гэхдээ бид газар нутаг, ирээдүйнхээ төлөө тэмцэж буйгаа мэдэж байна” хэмээгээд, Кремль ч бас дайн хүсэхгүй байгааг онцолжээ. Түүнчлэн тэрбээр “Үнэндээ олон километрын цаанаас ирсэн нь бид биш шүү дээ. Тэд өөрсдөө манай хилд ирсэн” хэмээжээ.

Их Британийн талаас тайлбарлахдаа “HMS Defender” байлдааны хөлөг Украиныг дэмжиж буйгаа илэрхийлэн Крымийн хойгийн эргийн ойролцоох тэнгист эргүүл хийсэн аж. Крымийн хойг нь 2014 оны Киевийн бослого тэмцлийн үеэр Украинаас салж, ОХУ-ын харъяалалд эргэн ирсэн билээ. Тухайн үед барууны хэвлэлээр Оросын тусгай хүчнийхэн хойгийг эзэлж, Украины газар нутгийг булаан авлаа хэмээн мэдээлж байв. Харин Путин үүнийг үгүйсгэн, "Крымийн хойгийн оршин суугчид бүх нийтийн санал асуулга явуулсны үр дүнд Украинаас салж, ОХУ-д эргэн нэгдсэн" хэмээн тайлбарладаг. Тус хойгийн бүх нийтийн санал асуулгыг АНУ болон Европын эрх баригчид хууль бус хэмээн үзэж, хүлээн зөвшөөрдөггүй.

Оросын албаныхны зүгээс Их Британийн хөлөг рүү анхааруулах гал нээж, ойролцоо нь тэсрэх бөмбөг хүртэл хаясан хэмээн мэдэгдсэн. Харин Их Британийн талаас "Ноцтой үйл явдал болоогүй, Москва худал хэлсэн" гэж мэдэгдсэн байна. Оросууд бусад улс оронд ямар нэгэн анхааруулга, санамж өгөхгүйгээр гал нээх байдлаар Хар тэнгист хүнд зэвсэг, техникийн туршилт хийж байна гэж үзэж буйгаа Их Британийн Батлан хамгаалын сайд Бен Уоллесын мэдээлсэн юм. Учир нь Оросын гал нээсэн их бууны сумууд “HMS Defender” хөлгийг чиглээгүй бөгөөд тэсрэх бөмбөг нь хэлсэн байршилд нь унаагүй аж.

Путины захиргаанаас АНУ, Украин хамтран Хар тэнгист зохион байгуулж буй олон улсын уламжлалт цэргийн сургуулилалтад оролцогч талуудыг хүнд байдалд оруулахыг оролдож байна гэж тэрбээр дүгнэжээ. Үүний зэрэгцээ АНУ, Европын орнуудын цэргийн сургуулилалтын хариуд ОХУ-ын байлдааны хөлөг тулааны бэлтгэл хийж байгаа тухай Оросын хэвлэлд мэдээлсэн юм.

Харин Путины талаас Их Британийн байлдааны хөлөг АНУ-ын тагнуулын даалгаврын дагуу Оросын хариу үйлдлийг туршсан гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Путин хэлэхдээ “Энэ үйл явдал Их Британи төдийгүй АНУ-ын талаас хийсэн зохион байгуулалттай жүжиг байсан. Учир нь Их Британийн хөлөг онгоц манай эзэмшлийн усанд үдээс хойш орж ирсэн. Гэтэл өглөө нь АНУ-ын стратегийн тагнуулын нисэх онгоц Крит дэх “NATO”-гийн нисэх буудлаас хөөрсөн байсан. Их Британийн сөнөөгч хөлөг АНУ-ын тагнуулын нисэх онгоцны тусламжтайгаар манай армийн хүчин чадлыг сорихыг хүссэн нь тодорхой. Иймэрхүү өдөөн хатгалгын эсрэг хариу арга хэмжээ авах нь тодорхой. Би цэргийн нууцыг задруулж орхилоо, өршөөгөөрэй” хэмээсэн байна.

Украины хилийн ойролцоо ОХУ цэргийн хүчээ зузаатгасан хэмээн үзэж, Барууныхан цэргийн сургуулилалтаар дамжуулан Москвад анхааруулга өгөхийг хичээжээ. “Украин зүүн хилээ хамгаалах шаардлага үүссэн. Учир нь тус бүсэд ОХУ 100 мянган цэргээ илгээн, ямар ч үед ашиглах зорилгоор зэвсэг техникээ суурилуулаад буцсан. Одоо Киев хойд хилдээ ч анхаарал хандуулах хэрэгтэй болж байна” хэмээн АНУ-ын Охайо муж улсын сенатч Роб Портман зургадугаар сарын 9-нд Гадаад харилцааны комисст мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
13
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж