ТБХ: Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив | News.MN

ТБХ: Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

ТБХ: Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

ТБХ: Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 13 цаг 29 минутад эхэлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан. 

Монгол Улсын Засгийн газраас 2017 оноос хойш цахим ил тод, үр ашигтай, төсвийн төлөвлөлтийг хийж, хэрэгжүүлснээс төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, төсвийн зарлагын хяналтыг дээшлүүлэхэд онцгой анхаарсны үр дүнд төсвийн алдагдлыг үе шаттай бууруулж, төсвийн тогтвортой байдлыг тууштай хангаж ирснийг Х.Нямбаатар сайд танилцуулгадаа дурдахын зэрэгцээ 2020 оноос дэлхийн нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахалтай холбогдуулж Улсын Их Хурал, Засгийн газар иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийг сэргээх зорилгоор  2020 онд 2.7 их наяд төгрөг, 2021 онд гурван их наяд төгрөгийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг биелүүлэхэд хүндрэл учруулаад байгааг онцлов.

КОВИД-19” цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд цаг үеийн зайлшгүй шаардлагын улмаас төсвийн алдагдал нэмэгдэж байгаатай уялдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагын мөрдөх хугацааг хойшлуулах хуульд өөрчлөлт оруулах төслийг хамтад нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна гэв. 

Хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн алдагдлын хэмжээг 2021 онд 8.8, 2022 онд 5.1, 2023 онд 3.6, 2024 онд 2.8 хувиас, 2025 оны төсвийн жилээс хоёр хувиас хэтрэхгүй, эсхүл ашигтай байхаар, мөн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн хязгаарлалтыг 2022 онд 70, 2023 оны төсвийн жилд 65, 2024 онд 60 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан гэдгийг Хууль зүйн сайд танилцуулгадаа дурдсан. 

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал, Х.Булгантуяа нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн үг хэлэв. Тэрбээр “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв хандлага биш. Харин эрүүл мэндийн салбараас бусад салбарын төсвийн хөрөнгө оруулалт, зардлаа танаад төсвийн сахилга батаа чангатгаж, хариуцлагагүй байдлаа таслах зогсоох шаардлагатай. “Ковид-19” цар тахлын үед харин ч онцгой арга хэмжээ авч, Улсын Их Хурал, Засгийн газар нь нэг зүгрүү харж, төсвийн сахилга батыг чандлан сахих нь  зүйтэй гэж байлаа.

Ингээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022- 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022- 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав.

Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас саарч, макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн төсөөлөлд өөрчлөлт орохоор байна. Мөн Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах зарим арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг тусгах, Засгийн газрын 2021 оны 43-р тогтоолд заасны дагуу төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, зардлыг хэмнэх зэрэг томоохон бодлогын өөрчлөлтүүдийг 2021 оны төсөвт тусгах зайлшгүй шаардлага үүсэж байна. Эдгээр бодлогын өөрчлөлтүүдийг төсөвт тусгаснаар 2021 оны төсвийн алдагдал ДНБ-ий 3.7 хувиар нэмэгдэж ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэхээр байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэл шаардлагын дагуу холбогдох өөрчлөлтийг хийж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн төслийн танилцуулгад дурдсан байлаа. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин  хэлсэн үгэндээ, өнөөдрийн нөхцөл байдлыг ойлгож байгаа ч, цаашдаа эдийн засгаа хэрхэн хөл дээр нь босгох, иргэд, аж ахуйн нэгжээ орлоготой болгох, Монгол Улсын өрийн хэмжээгээ барьж цаашдаа хэрхэн зохицуулах талаарх нэгдсэн ойлголт алга. "Ковид-19"  цар тахлыг бид өнөө маргаашдаа дийлэхгүй ч бизнесээ дэмжиж, эдийн засгаа бид сэргээж байж хүнд үеийг давна” гэдгийг онцлов. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, дэлхий нийтэд тархсан халдварт цар тахлын нөхцөл байдлыг иргэд сайн ойлгож байгаа. Гэхдээ төсвийн тодотголоос өнөө маргаашаа аргацаасан байдал харагдаж байна. Засгийн газар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг боловсруулахдаа бизнес эрхлэгчдээ  дэмжих томоохон бодлого, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөх шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа.  

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022- 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж