Тэвчээр нь тасарсан ААН-үүд талбай дээр жагслаа

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

Тэвчээр нь тасарсан ААН-үүд талбай дээр жагслаа

Covid-19 улс орны эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн гээд олон салбарт хүндрэл учруулж байна. Хоёр он дамжин үргэлжилж буй цар тахлын улмаас цөөнгүй аж ахуйн нэгж /ААН/ орон тоогоо цомхотгох цаашлаад үйл ажиллагаагаа зогсоож, иргэд ажил орлогоо алдаж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд Засгийн газар болон УОК-оос гаргасан шийдвэрийг 2020 оны нэгдүгээр сараас хойш буюу хоёр жил орчмын хугацаанд  мөрдсөн. Гэвч өнгөрсөн хугацаанд  үйл ажиллагаа явуулаагүйгээс ашиг орлогоо алдаж, түрээсийн зардал, зээлийн эргэн төлөлт зэрэгт дарлуулж тэсвэр алдарсан тэд “ТЭВЧЭЭР ТАСАРЛАА” хөдөлгөөнд нэгдээд байгаа юм. Төв талбайд өнөөдөр /2021.07.01/ хязгаарлалтад орсон бүх байгууллагуудын төлөөлөл иржээ.

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | ААН-үүд эсэргүүцлээ илэрхийлж, жагсч байна#NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Thursday, July 1, 2021

Тэд “ААН-үүд халдвар  хамгааллын  дэглэмээ  бариад ажилламаар  байна. Хөл хорионд ард иргэдийн тэвчээр тасарч байхад эсрэгээрээ  2.5 тэрбум төгрөгөөр наадах гэж буй төр засагт итгэл алдарч байгаа"-гаа дуулгав.

🔴 ШУУД | Наадам тэмдэглэхийг эсэргүүцсэн ААН-үүд жагсч байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Наадам тэмдэглэхийг эсэргүүцсэн ААН-үүд жагсч байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Thursday, July 1, 2021

Үйлчилгээний салбарт 20 жил бизнес эрхэлж буй П.Алтанхуяг “Би караоке ажиллуулдаг боловч сүүлийн хоёр жил үйл ажиллагаа явуулсангүй. Эхэндээ төр засгийн шийдвэрийг дагаж мөрдөн “Нээх болов уу” гэсэн найдлага тавьж, хүлээсээр байлаа. Энэ хугацаанд хураасан хэдээ гаргаж, сүүлдээ машин тэргээ ч зарсан. Байж болох бүх зүйлээ зарж борлуулсаар одоо зарах ч юм алга. Сар бүр түрээсийн зардал төлдөг ч эзэдтэйгээ боломжийн ярьж тохирсон тулдаа өдий хүрлээ. Ажлын байраа хадгалж үлдмээр байна.

Төр засгаас гаргасан шийдвэр ямар ч үндэслэлгүй байна. Одоо ААН, иргэн бүр өөрсдөө хариуцлагаа хүлээх ёстой. Үүнийг төр засгаас шийднэ гэхээр  худлаа болж байгаа юм. Төр засаг Covid 19-ийн халдварыг тогтоон барьж, иргэдээ хамгаалж чадахгүй гэдгээ хангалттай харууллаа. Одоо ААН-үүдийг хааж боолгүй  орхи. “Ингэж болохгүй”, “Тэгж болохгүй” гэж бусдын амьдралд үргэлж оролцдогоо Монголын Засгийн газар, УОК зогсоох хэрэгтэй” гэв. 

Хууль бус жагсаал  зохион байгуулсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнд оролцогчдыг тарахыг шаардлаа.

Цагдаагийн байгууллагын зүгээс “Нийгмийн аюулгүй байдал, нийтийн  төлөө  хариуцсан нутаг дэвсгэртээ хуулийг хэрэгжүүлж байна. Цар тахлын үед  жагсаал, цуглаан зохион байгуулах хориотой” гэлээ. Тодруулбал, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8.1-т зааснаар "Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны  байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно" гэж хуульчилсан. Тиймээс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох ба жагсаал, цуглаан зохион байгуулсан, оролцсон иргэн, хуулийн этгээдүүдэд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцох хуулийн зохицуулалттай гэв.

Иргэд, аж ахуйн нэгжийн зүгээс баяр наадам хийж нэг хэсэг нь зайгүй шахам бөөгнөрч болдог,  гэтэл үзэл бодлоо илэрхийлэх иргэд  зай барин жагсаж болдоггүй шалтгааныг цагдаа нараас лавлаж хууль тэгш үйлчлэх ёстойг санууллаа.

Дашрамд дурдахад, Засгийн газрын өчигдрийн /2021.06.30/  хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгасан.

ЗАСГИЙН ГАЗАР, УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС АЛЬ БОЛОХ ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ

Үүнийг Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү тайлбарлахдаа Бид өнөөдөр ч гэсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буюу “Улбар шар” түвшинд байна. Үүнийг л цаашид сунгаж байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд 18 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарласан байдаг. Гэхдээ Засгийн газар, Улсын онцгой комисс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор тавдугаар сарын   8-ны өдрөөс эхлэн дээрх 18 төрлийн үйл ажиллагааг тусгай журам, шаардлага мөрдөж ажиллах нөхцлөөр шат дараатай нээсэн. Ингэснээр худалдаа, үйлчилгээний 89 төрлийн үйл ажиллагаанаас бараг 80 төрлийн үйл ажиллагаа нь нээгдсэн.

Сүүлд нөхцөл байдалтай холбогдуулан бассейн, саун, чийрэгжүүлэх төв, амралт жуулчны газрын үйл ажиллагааг 10 хоногийн хугацаатай хязгаарласан. Дээрх хугацаа долдугаар сарын 4-ний өдрөөр дуусч байгаа. Түүнээс биш хатуу хөл хорио тогтоохоор “Улаан түвшин”-д шилжиж, өөр, салбар чиглэлийн үйл ажиллагааг нэмэлтээр хязгаарлаагүй. Мөн хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгаж байна. Тэгэхээр одоогоор мөрдөж байгаа дэглэм л цаашид үргэлжлэхээр шийдвэрлэсэн гэсэн үг. Засгийн газар, Улсын онцгой комисс аль болох хатуу хөл хорио тогтоохгүй эдийн засаг, иргэн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг явуулах бодлого барьж байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж