Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.01) 10 цаг 20 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа "Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг хийв.

Тэрбээр тус Байнгын хорооны харьяа Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын талаарх танилцуулав. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 164 санхүүгийн тайлан нэгтгэснээс бие даан дүгнэлт гаргасан 138 хамрагдаж, итгэл үзүүлсэн 7, аудитын түүвэрт 17, аудитад хамрагдаагүй 2 байгууллага байна. Санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт 161.6 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 130.3 тэрбум төгрөгийн 137 алдааг аудитын явцад залруулж, 0.4 тэрбум төгрөгийн зөрчилд 68 төлбөрийн акт тогтоож, 22.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 81, хариуцлага тооцуулах 3 албан шаардлага хүргүүлж, 8.3 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 234 зөвлөмж өгөв.

Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 158 тайлан нэгтгэснээс дүгнэлт гаргасан 145, итгэл үзүүлсэн 8, аудитын түүвэрт 1, аудитад хамрагдаагүй 4 байгууллага байна. Санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт 310.6 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 57.3 тэрбум төгрөгийн 151 алдааг аудитын явцад залруулж, 0.3 тэрбум төгрөгийн зөрчилд 90 төлбөрийн акт тогтоож, 148.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 219 албан шаардлага хүргүүлж, 104.4 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 339 зөвлөмж өгсөн гэлээ. Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Б.Бейсен нар асуулт асууж, тайлбар авав. Тухайлбал, ажлын байр шинээр болгох ажлын хүрээнд ямар ажил хийгдсэн болохыг тодруулж байв. Засгийн газраас баталсан 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд ажлын байруудыг хадгалах чиглэлээр голлон ажиллалаа, үүнд иргэн, аж ахуйн нэгжид олгох зээл болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг хэвийн явуулахад анхааран ажиллаж байна гэсэн тайлбарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийв.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тайлбар авч дууссаны дараа “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоол болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болов.

Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийн танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийж, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Сандаг-Очир, Д.Батлут нар цалин, урамшууллын талаар асуулт асууж, тайлбар авав. Гишүүдийн зүгээс улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин 50 хувиар нэмэгдсэн эсэх, нэг удаагийн хоёр сая төгрөг хүртэлх урамшуулалд ЗӨСҮТ-ийн ажилтнууд хамрагдах эсэх талаар тодруулахад, төсвийн тодотгол эрүүл мэндийн салбарт голлон чиглэгдсэн, улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтнуудын үндсэн цалин бус өмнө нь хэрэгжиж байсан урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлсэн, харин  хоёр сая төгрөг хүртэлх урамшуулалд ЗӨСҮТ-ийн ажилтнууд хамрагдана гэсэн тайлбарыг ажлын хэсгээс хийв.

Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хуулийн төслийн танилцуулыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2021 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан. Хуулийн төсөл 8 бүлэг, 43 зүйлтэй байхаар боловсруулагдсан бөгөөд зарчмын шинжтэй болон шинэлэг зохицуулалтыг танилцуулбал:

– Сургалтын байгууллага ажил, мэргэжлийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, мэргэшлийн түвшин бүрд нийцүүлсэн сургалтын хөтөлбөрөө өөсрдөө боловсруулах, тасралтгүй сайжруулах, хөтөлбөрөөрөө өрсөлдөх боломжийг бий болгосон.

– Сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангаж, удирдах зөвлөл болон захирлын эрх, үүргийг нэмэгдүүлж, чанар, гүйцэтгэл, үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан нэг суралцагчид ногдох хувьсах зардлын төлбөрийн аргаар санхүүжих шинэ зохицуулалтыг тусгасан. Удирдах зөвлөл төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжтой нийцүүлэн сургалтын байгууллагыг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөө батлах, төсвийн төслийг хэлэлцэх, төсвийн хуваарийг батлах, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох, захиралтай байгуулсан гэрээг дүгнэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих зэрэг үүргийг хүлээх зохицуулалтуудыг тусгасан.

– Суралцагч үйлдвэрлэлийн дадлага хийхдээ гурван талт гэрээ байгуулж, цалин хөлс авах, сургалтын орчны болон мэдээллийн үйлчилгээгээр хангагдах, эцэг эх хүүхдийнхэ сурах боломжийг хангах, аж ахуйн нэгж байгууллага стандарт, сургалтын хөтөлбөр боловсруулах, төгсөгчдийг үнэлэхэд оролцох, гэрээний дагуу үйлдвэрлэлийн дадлагыг сургалтын байгууллага, багштай хамтран зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах, удирдах зөвлөлд гишүүнээр ажиллах сургалтын байгууллагыг удирдах, хөгжүүлэхэд оролцох зохицуулалтууд тусгагдсан.

Хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн, хөдөлмөрийн болон харилцааны соёлтой, олон улсад өрсөлдөх мэргэшлийн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэхэд ахиц өөрчлөлт гарч, мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо бүрдэнэ. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурах, эдийн засгийн өсөлт, үр ашгийг дээшлүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж буйгаа танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил нар уг хууль боловсролын тухай хуультай нийцсэн эсэх болон бусад асуудлаар асуулт асууж, уг хуулийн төслийг Улсын Их Хурлын харьяа Байнгын хороо болон Боловсролын яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулах санал хэлж байв.

Ингээд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76,9 хувийн саналаар дэмжигдлээ. Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайланг сонссоны дараа “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж