16 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны шөвгийн 16-н багийн тоглолт амжилттай явагдаж 8 баг шалгарч үлдээд байна. Шөвгийн наймын тоглолт долдугаар сарын 3-нд 00:00 цагт Швейцарь, Испанийн шигшээ багуудын тоглолтоор эхэлнэ. Тэгвэл энэ хооронд бид та бүхэнд Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэнд болж өнгөрсөн сонирхолтой фактуудаас хүргэж байна.
- Испанийн шигшээ баг бол Европын аваргын түүхэнд аваргын цомоо хамгаалсан цорын ганц улс
Испаничууд 2008 онд Карлес Пуйоль, Шави, Икэр Касилъяс тэргүүтэй бүрэлдэхүүнээр Европын аваргын цомыг 44 жилийн дараа дахин хүртсэн юм. Тэмцээний туршид тэд бүх тоглолтдоо ялалт байгуулж төгс амжилтыг үзүүлсэн. Энэхүү тэмцээнээр Испанийн шигшээ багийн алтан үе эхэлсэн бөгөөд 2010 оны дэлхийн аварга, 2012 оны Европын аваргуудад дараалан түрүүлж тухайн цаг үеийн ялагдашгүй баг гэдгээ нотлон харуулсан билээ. Ийнхүү тус амжилтаараа тэд Еврогийн түүхэнд аваргын цомоо хамгаалсан цорын ганц улс гэсэн нэр хүндийг хүлээдэг.
Ялагдашгүй Армадачууд 2008-2012 оны хооронд тус гурван том тэмцээнд 19 тоглохдоо 17 хожиж 1 тэнцэж, ердөө нэг ялагдал амссан байна.
- Цэнгэлдэх хүрээлэнд хамгийн олон үзэгчидтэй явагдсан Европын аваргын тоглолт бол 1968 оны Англи-Шотландын тоглолт
Тухайн үед хоёр багийн тоглолт Английн нийслэл Лондон хотноо Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд явагдсан бөгөөд 130’711 фанат цуглаж үзсэн нь одоог хүртэл эвдэгдээгүй өндөр үзүүлэлт болжээ. Эртнээсээ л ривалууд гэж нэрлэгдэж ирсэн тус хоёр багийн тоглолт маш ширүүн өрсөлдөөнтэй болж өнгөрсөн байна. Энэхүү дерби тоглолт нь хоёр улсын өрсөлдөөн, эртнээс улбаатай таарамжгүй байдал, эдийн засаг, улс төр, нэр хүнд гээд маш олон талаас чухал тоглолт байлаа. Уг тоглолтын үр дүн 3:2-ын харьцаатай Шотландын шигшээ багийн хожлоор өндөрлөсөн юм.
- UEFA-ийн ерөнхийлөгч асан Мишель Платини нэг Европын аваргад хоёр удаа хеттрик хийсэн цорын ганц тоглогч
1984 оны Европын аваргаар Францын шигшээ багийн довтлогч Мишель Платини хэсгийн тоглолтдоо хоёр удаа хеттрик хийн олныг гайхшируулсан юм. Тэрбээр хэсгийн хоёр дахь тоглолтдоо Бельгийн шигшээ багийн өөдөөс хеттрик хийсэн бөгөөд үүний хоёр нь пеналтаас оруулсан. Ингээд хэсгийн сүүлийн тоглолтоо Югославын шигшээ багийн эсрэг хийж мөн хеттрик хийжээ. Мишель Платини энэхүү Европын аваргад нийт есөн гоол оруулсан бөгөөд Францын шигшээ баг аваргын цомыг өргөж байжээ.
- Португалын шигшээ баг бол ЕАШТ-ий түүхэнд хэсгийн тоглолтдоо нэг ч хожил байгуулаагүй ч аварга болсон анхны улс
Португал хэсгийн шатандаа Исланд, Унгар, Австрийн шигшээ багуудтай нэг хэсэгт орсон бөгөөд тоглолт болгон тэнцээгээр өндөрлөсөн юм. Ингэснээр хэсгээсээ гуравдугаар байраар шалгарч, хасагдах шатны тоглолтуудаа Хорват, Польш, Уэльс, Францын шигшээ багуудын эсрэг хийж, хожсоноор аваргын цомыг өргөсөн юм.
- Европын аваргын түүхэнд одоогоор нэг тоглолтод дөрвөн гоол оруулсан нэг ч тоглогч байхгүй
Европын аварга шалгаруулах тэмцээнд нэг тоглолтод дөрвөн гоол оруулсан тоглогч хараахан байдаггүй. Дээд талдаа гурван гоол л хийсэн байдаг бөгөөд нэг тоглолтод хеттрик хийсэн нийт найман тохиолдол л байдаг байна. Үүний хоёр хеттрикийг нь нэг тоглогч хийсэн байдаг. Тодруулбал, дээр дурдсан Мишель Платини хэсгийн тоглолтдоо хоёр хеттрик хийж байжээ. Хамгийн сүүлд нэг тоглолтод гурван гоол хийсэн тоглогч бол 2008 оны Европын аваргаар Испанийн шигшээ багийн довтлогч Давид Вилла. Тэрбээр Оросын шигшээ багийн эсрэг хеттрик толилуулж байжээ.
- Дасгалжуулагч болон тоглогчийн хувиар Европын Аварга болсон анхны хүн Верти Вогц
Верти Вогц нь Боруссия Мюнхэнгладбах клуб, Германы шигшээ багийн хамгаалагч байсан бөгөөд 1965-1978 он хүртэл хөлбөмбөг тоглож байжээ. Тэрбээр 1972 оны Европын аваргаар Германы шигшээ багтайгаа аваргын цомыг өргөсөн. Үүний дараагаар 1978 онд зодог тайлж хөлбөмбөгийн дасгалжуулагч болсон юм. Верти Вогц 1996 онд Германы шигшээ багаа дасгалжуулан Европын аварга болсноор дасгалжуулагч болон тоглогчийн хувиар Европын аварга болсон анхны хүн болжээ.
Холбоотой мэдээ