“Бай”-гаа оноогүй Өршөөлийн тухай хуулийн төсөл

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

“Бай”-гаа оноогүй Өршөөлийн тухай хуулийн төсөл

“Бай”-гаа оноогүй Өршөөлийн тухай хуулийн төсөл

Хууль зөрчигчид хождог, хууль дагагчид хохирдог хууль гэж дэлхийн аль ч улсад байхгүй. Монгол л анхдагч болох нь.

Эрх баригч нам тэгш ойн жилээ хууль зөрчсөн, нэн шаардлагагүй олон заалт бүхий Өршөөлийн хууль санаачлан батлуулахаар шамдаж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Иргэдийн эгдүүцлийг хамгийн ихээр төрүүлж буй заалтуудын нэг нь жолооч нарын гаргасан зөрчилд оногдох торгуулиудыг нэг удаа өршөөж, тэглэхээр тусгасан явдал. Тухайн жолооч дүрмийн бус үйлдэл гаргаж торгуулсан бол Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлээ хүлээх ёстой. Энэ бол өршөөж хэлтрүүлээд байх асуудал ч биш л дээ. Үүний цаана иргэний Үндсэн хуулиар олгогдсон “амьд явах” эрхийн баталгааны тухай асуудал хөндөгддөг. Өршөөлийн тухай хуулийн төсөлд орсон энэ заалт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиа “үгүйсгэсэн” заалт болсныг хуульчид хэлж байна.

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны эхний таван сарын байдлаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 6154933 удаагийн зөрчилд бэлэн бусаар 168 тэрбум 948 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ. Үүнээс 3035324 удаагийн зөрчилд оногдуулсан 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу оногдуулсан 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байгаа аж.

Өөрөөр хэлбэл, 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш бүртгэгдсэн 6.1 сая зөрчилд 168 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 73 тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна.

Хуулийн төсөл санаачлагчид дээрх хуулийн дагуу оногдуулсан торгуулийн шийтгэл цар тахлын өнөө үед ажлын байраа алдсан, орлого нь буурсан иргэд, санхүүгийн үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдэд дарамт болж, торгуулийн төлбөр төлөгдөхгүй, шийдвэр гүйцэтгэл биелэгдэхгүй байх шалтгаан болж байна хэмээн үзжээ.

Мөн жолооч нараас гадна танхайрсан, Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан зэрэг зөрчил гаргасан иргэдийн торгууль ч мөн багтах юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд ногдуулсан торгууль, шийтгэлийг Өршөөлийн хуульд хамруулахаа танилцуулсан нь “хамгийн утгагүй өршөөл” болохыг иргэд хэлж, шүүмжилж байна.

Түүний оронд цар тахлын хүндрэлийн улмаас зээлийн дарамтад өртөж, өдрөөс өдөрт амьдрал дордож буй, олсноо ипотекийн зээлд шилжүүлдэг ядарсан иргэдээ “тэтгэсэн” бол “бай”-гаа онох байлаа. Ядаж ипотекийн 8 хувийн зээлтэй иргэдээ 6 хувь руу шилжүүлж “өршөөх” заалт оруулсан бол Өршөөлийн хуулийн төсөл “үнэлэгдэх” байсныг хэлэх хүн олон байна.

Зарим иргэд “Жолооч нарын торгуулийг өршөөж байгаа нь үнэн хэрэгтээ дүрэм зөрчдөггүй хүмүүсийг шударга байсных нь төлөө шийтгэж байгаа явдал” хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.

Өршөөлийн тухай хуулийн төсөл батлагдвал 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын ялыг зорчих эрхийг хязгаарлахаар солих, 469 хоригдлын хорих ялаас хоёр жил хасах, өсвөр насны 25 хүн, нийт 1013 хоригдол хамрагдаж, 3129 хоригдол хорих анги, байгууллагад үлдэх нь.

Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2483, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлтийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 160, нийт 39156 этгээд хамрагдах юм байна.

Эрх баригчдын хувьд Өршөөлийн хууль санаачлах болсон шалтгаанаа ДЭМБ болон НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссоос дэлхийн улс орнуудын эрх баригчдад хандан цар тахлын үед хорих ангиудын ачааллыг бууруулж, хорихоос өөр арга хэмжээ авах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалсантай холбоотой хэмээн тайлбарлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
9
БурууБуруу
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж